National Geographic зөвлөж байна: 2023 оны аяллын шилдэг цэгүүд
National Geographic-аас 2023 онд аялахад хамгийн тохиромжтой 20 газрыг нэрлэлээ. Тэд энэхүү жагсаалтыг хүн ам/нийгэм, байгаль, гэр бүл, адал явдал хэмээн дөрөв ангилжээ.
ХҮН АМ / НИЙГЭМ
Додеканес, Грек
Грекийн 6000 гаруй арлын нэг Додеканес нь тус улсын хамгийн нарлаг хэсэгт байрладаг. Жуулчдын дунд алдартай Милос, Санторини, Миконостой харьцуулахад уг арлын талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. National Geographic-ийн зүгээс Додеканес дахь эмэгтэйчүүд давамгайлсан эко аялал жуулчлалын салбарыг онцолж, байгальд ээлтэй алхам хийхийг хүссэн хүн бүрд тус арлаар зочлохыг санал болгожээ.
Мивоуки, Висконсин, АНУ
Мичиган нуурын эрэг дагуу байрладаг Мивоуки хот нь шар айргийн үйлдвэрлэлээрээ дэлхийд нэртэй. Үүнээс гадна алдарт Harley Davidson брэндийн музей, ямагт зочломтгой, хүн бүрийг найрсгаар хүлээн авдаг өөрсдийн гэсэн онцлогтой ресторанууд бий.
Альберта, Канад
Их хотын түргэн хэмнэлтэй амьдралаас амсхийх хүсэлтэй хүн бүрд Канад улсын Альберта хот руу явахыг зөвлөе. Тэнд сонирхолтой музей, дулаан уур амьсгалтай уушны газруудаар явж, мөн уугуул иргэдтэй хамтран үзэсгэлэнт байгальтай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн аялал зохион байгуулах боломжтой.
Лаос
Хотын гудамжаар алхангаа ард иргэдтэй нь ойроос танилцаж, төрөл төрлийн хоолноос амтлан баялаг соёлд нь уусан орохыг таашаадаг хүн бүрд Лаос улс таалагдах нь гарцаагүй. Лаос нь байгалийн үзэсгэлэнт тогтоц, эко аялал жуулчлалаараа шилдгүүдийн эгнээнд ордог билээ.
Аккра, Гана
Гана улсын нийслэн Аккра хот бол загварт хайртай хүмүүсийн очих ёстой газруудын нэг хэмээн National Geographic зөвлөж байна. Аккрад шоппинг хийхэд тохиромжтой дэлгүүрүүд бараг л хоёр алхмын зайтай байрлах ба ганачуудын соёлын тусгал болсон өнгөлөг хувцаснууд зонхилдог билээ. Мөн та тус улсын Үндэсний музей болон галерейнуудаар зочилж өнгөт арьстнуудын түүх, өв уламжлалтай танилцах боломжтой.
БАЙГАЛЬ
Умард Шотландын уулархаг нутаг
Scottish Highlands буюу Умард Шотланддаа газар нутгийн хэмжээгээрээ хамгийн томд ордог энэхүү бүс нутагт сувдан цагаан эргүүд, Британийн арлуудын хамгийн өндөрлөг цэг болох Бен Невис уул байрладаг. Тус нутаг нь ууланд авирагчдаас эхлэн завиар аялж, сёрфинг хийж, загасчлах дуртай хүмүүсийн хувьд диваажин л гэсэн үг.
Ботсвана
Ботсвана бол зэрлэг амьтдын өлгий нутаг билээ. Тус улс руу аялснаар нутгийн удирдлагаас санаачлан явуулдаг биологийн төрөл зүйлийг хадгалан үлдэх, ховордсон ан амьтдыг өсгөн үржүүлэх төслүүдтэй танилцахын зэрэгцээ тэднээс суралцах боломжтой байна.
Словени
Словени улсад мөнх цаст уулс, тунгалаг гол мөрнөөс эхлэн олон зууны түүхтэй архитектур, гар аргаар бэлтгэсэн уламжлалт хоолны соёл таныг угтан авах болно. Мөн тэнд эко аялал жуулчлал өндөр хөгжсөн байдаг нь зорин очих үндсэн шалтгаан мөн билээ.
Big Bend байгалийн цогцолборт газар, Техас, АНУ
Техас мужид байрлах Big Bend байгалийн цогцолборт газар нь Чисосын нурууг бүхэлд нь, Чиуауагийн цөлийн дийлэнх хэсгийг бүрхэн Мексик улстай хиллэдэг. Энэхүү үндэсний парк нь элсэн цөл, уул хавцал гэхчлэн байгалийн гайхамшгуудыг нэг дор цогцлоодог юм.
Азорес, Португал
Адал явдлаар дүүрэн, байгальд ойр бөгөөд эко амралтыг Португал улсын Азорес олтригт мэдрэх боломжтой. Азоресын газар нутгийн зөвхөн 5%-ийг бүтээн байгуулалтад ашигладаг бол үлдсэн хэсгүүд нь бүгд тусгай хамгаалалтад байдаг. Таныг далайн гүнд шумбах, явган аялал хийх, ууланд авирах, хавцлаар аялах, халим үзэх, газрын гүний дулааны эрчим хүчтэй танилцах зэрэг сонирхолтой хөтөлбөр хүлээж байна.
АДАЛ ЯВДАЛ
Шинэ Зеланд
Bungee jumping буюу өндөр хавцлаас өөрийгөө бэхлэн чөлөөт уналт хийх анхны оролдлогыг хийж байсан Шинэ Зеланд улс нь уул ус хосолсон байгалийн тогтцоороо адал явдал хайгчдыг өөртөө татаж чаддаг.
Чокекирао, Перу
Чокекирао бол инкүүдийн үед хамаарах орхигдсон хотын нэг бөгөөд Мачу Пичугийн мини хувилбар хэмээн нэрлэгддэг. Энэхүү хотын туурьд хүрэхийн тулд нэг талдаа хоёр өдөр зарцуулдаг тул хүссэн хүн болгон нь очих боломжгүйд тооцогддог билээ.
Юта, АНУ
Юта мужийн ялангуяа өмнөд хэсэг таныг үргэлж адал явдалтай ойр байлгана. Тэнд байрлах байгалийн цогцолборт газрууд нь улаан хадан цохио, хавцал, элсэн цөлөөс бүрдсэн байдаг.
Австрийн Альпийн бүс нутаг
National Geographic-ийн зүгээс Австри улсын Альпийн нурууг зорихдоо нутгийн тосгоноор зочилж тэндхийн онцгой соёлтой ойроос танилцахыг зөвлөлөө.
Ревияагигедо үндэсний хүрээлэн, Мексик
Энэхүү газар нь далайн амьтдын төрөл зүйлээрээ дэлхийд дээгүүр ордог. Ревияагигедо үндэсний хүрээлэн нь нийтдээ дөрвөн арлаас бүрдэх ба дэлхий дээрх хамгийн олон тооны акул, түүнчлэн манта загас, туна загас, бөгтөр халим, таван төрлийн далайн яст мэлхий зэрэг амьтад идээшдэг байна.
ГЭР БҮЛ
Тринидад ба Тобаго
Хүүхдэд ээлтэй гэхээр л аялал заавал уйтгартай болох шаардлагагүй. Тринидад ба Тобаго улсад морин аялал, далайн гүнд шумбах, сёрфинг хийх зэрэг адреналинд бялхуулам зүйлс туршиж үзэх боломжтойн сацуу гэр бүлийн хэрэгцээг тань бүрэн хангах сууц, хүүхдэд ээлтэй, гэмт хэргийн гаралтгүй, халдварт өвчингүй, цэвэр аюулгүй орчин таныг угтан авах болно.
Crosstown Trail Сан-Франциско, Калифорни, АНУ
Crosstown Trail бол Сан-Франциско хотын нэг захаас нөгөө зах хүрэх чиглэлтэй 27 километр гаран үргэлжлэх зам юм. Гэр бүлээрээ Сан-Франциско хоттой танилцах нэг өдрийн богино аялал хийгээрэй.
Колумби
Карибын тэнгисийн эрэг, Амазоны ширэнгэн ой, өндөр уулс сүндэрлэн байдаг Богота хот бол Колумби улсын бахархал билээ. Тэгвэл National Geographic-аас 2023 онд гэр бүлээрээ Колумби улс дахь шувуу ажиглах аялалд хамрагдахыг санал болгожээ.
Манчестер, Англи
Английн Манчестерээс төрсөн хөлбөмбөгийн домогт багуудын тоглодог байсан талбайгаар өөрийн биеэр зочилж, мөн Manchester, The Lowry зэрэг арт галерейгаар орон дэлхийн шилмэл ховор бүтээлүүдтэй танилцаарай.
Швейцар
Аюулгүй байдал, хүүхдэд ээлтэй орчинтойгоос гадна Швейцар улс нь шоколадны үйлдвэрлэлээрээ дэлхийд нэр хүндтэй билээ. Амттанаар баялаг чихэрлэг амралт хүүхдийн тань хамгийн сайхан дурсамжийн нэг болно гэдэг итгэлтэй байна.