Хайх

Кейт Миддлтон

Кейт Миддлтон

  • Улс:Их Британи
  • Салбар:Кембрижийн гүнгийн авхай

Кэтрин Миддлтон 1982 онд Англи улсад төрсөн. Түүний эцэг нисгэгч байсан бол, эх нь онгоцны үйлчлэгч мэргэжилтэй байжээ. 1987 онд Кейтийн эцэг, эх баярын арга хэмжээ болон үдэшлэгт зориулсан аксесуар борлуулдаг "Party Pieces" нэртэй компани үүсгэн байгуулсан бөгөөд тухайн үед энэ бизнес нь томоохон амжилтад хүрч, гэр бүлд хангалттай хэмжээний хөрөнгө авчирсан юм. Миддлтоны гэр бүл удалгүй илүү цэлгэр байшин руу нүүн орж, хүүхдүүдээ (Кейтэд эрэгтэй ба эмэгтэй хоёр дүү бий) нэр хүндтэй сургуульд оруулсан. Ирээдүйн гүнгийн авхай өсвөр насандаа хоккей болон бусад төрлийн олон спортоор хичээллэдэг байсан онцлогтой.

Кэтрин Миддлтон 2001 онд St Andrew's University их сургуульд элсэн орж, урлагийн түүх судалж эхэлсэн. Харин дөрвөн жилийн дараа тэрээр дипломоо гардан авсан даруйдаа Jigsaw нэртэй сүлжээ дэлгүүрийн аксесуар хариуцсан мэргэжлийн худалдан авагчаар ажилд оржээ. Үүний зэрэгцээ Кейт 2011 он хүртэл гэр бүлийнхээ "Party Pieces" компанийн үйл ажиллагааг хариуцаж, компанийн маркетинг, дизайн болон каталог үйлдвэрлэлтийг удирдаж ирсэн. Кейт мөн гэрэл зургийн сонирхолтой байсан тул бүтээгдэхүүнүүдийн зураг авалтыг бие даан гүйцэтгэдэг байжээ.

Кейт Миддлтон ба ханхүү Уильям нарын хайр дурлалын харилцаа тэдний их сургуульд суралцаж байх үед буюу 2003 онд эхэлсэн. 2005 онд хэвлэл мэдээллийн газрууд тэдний харилцааны талаар мэдээлж эхэлсэн бөгөөд сэтгүүлчид тэдний хувийн амьдралд оролцох болсонд Кейт ихэд сэтгэлээр унадаг байжээ. Хосууд 2007 онд хэсэг хугацаанд салсан ч, удалгүй харилцаагаа эргэн сэргээсэн юм. Тэд 2010 онд Африк руу хийсэн аяллынхаа үеэр сүй тавьсан байдаг.

Вестминстерийн ордонд 2011 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан тэдний хуримын ёслолыг дэлхийн 300 сая орчим хүн телевизээр үзэж байлаа. Энэ өдөр Alexander McQueen-ы дахин давтагдашгүй даашинзаар гоёсон Кэтрин ханхүү Уильямын албан ёсны эхнэр, Кембрижийн гүнгийн авхай болсон юм. Тэдний гэр бүлд 2013 онд хүү Жорж, мөн 2015 онд охин Шарлотта мэндэлсэн билээ.

Кембрижийн гүнгийн авхайг Их Британийн загварын шүтээн хэмээн нэрлэж, түүний хувцаслалтыг дэлхийн нийтээрээ ажигладаг. Язгууртны дресс-кодод захирагдах шаардлагатай тэрээр ихэвчлэн даруухан хувцасладаг хэдий ч, түүний бүх гоёл нь эмэгтэйлэг бөгөөд дэгжин байж, олны анхаарлыг булаадаг юм.

 

цааш үзэх