Бид шилдэг нүүр хувиргагчдын хувийн хэргийг бүрдүүллээ
Марио, Ким хоёр хамтраад бараг 11 жил болжээ. Тэрээр анх Sephora брэндийн үнэртний зөвлөхөөр карьерээ эхлүүлж байсан ч удалгүй нүүр хувиргагч болохоор шийдэн дөнгөж 20 настайдаа өөрийн гэсэн туслахтай болон амжилтад хүрсэн юм. "Миний хамтардаг байсан зурагчин Себастьян Смит нэг өдөр над руу залгаад Ким Кардашьяны зураг авалт дээр ажиллах хүсэлтэй байна уу гэж асуусан. Тэр үед би Кимийг хэн болохыг ч мэддэггүй байлаа. Түүнд миний хийсэн мейкап маш их таалагдаж, тэрээр зогсолтгүй селфи зураг дараад л байсан. Мөн намайг яг ямар бүтээгдэхүүн ашигласныг маш олон удаа асуусан шүү" хэмээн Марио дурссан байдаг.
Мэри Гринвеллийн нүүр хувиргагчын карьер 1970-аад онд Лос-Анжелест эхэлсэн юм. Тухайн үед түүний нэгэн найз Fiorucci гэх косметикийн дэлгүүр нээж Мэрид дэлгүүрийн зөвлөхөөр ажиллах санал тавьжээ. Мэри Гринвелл өмнө нь хэзээ ч гоо сайхны чиглэлээр ажиллаж байгаагүй ч дэлгүүрт ажилласан туршлага нь түүнд маш ихээр таалагдаж улмаар нүүр хувиргагчын чиглэлээр өөрийгөө хөгжүүлэхээр шийдсэн байдаг. Үүний дараа тэрээр Нью-Йорк руу нүүж хэсэг хугацаанд тэнд байршиж, 1984 оноос Парист ажиллаж эхэлсэн билээ.
Леди Гагатай хүчээ нэгтгэснээр Сара Танно өөрийн хамгийн зоригтой, шийдэмгий санаануудыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой болсон. Тэд 2009 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд дуучны бүхий л тайзны болон улаан хивсний галзуу будалтуудыг Танно хийдэг юм. Тухайлбал Super Bowl 51 арга хэмжээнд зориулан нүүр хувиргагч улаан болон цагаан шигтгээнүүдээс бүрдэх маск хэлбэрийн гялалзсан мейкап хийн хүмүүсийг гайхшруулж байсан бол "American Horror Story" дээрх Леди Гагагийн будалтуудаар Creative Arts Emmy шагналыг хүртэж байсан билээ. Харин сүүлийн жилүүдэд Танно зөвхөн Леди Гагагийн нүүр хувиргагч төдийгүй түүний бизнес хамтрагчийн үүргийг гүйцэтгэж Haus Laboratories гэх дуучны гоо сайхны брэнд дээр хамтран ажиллаж байгаа юм.
"Гага шинэ зүйл туршихаас айдаггүй. Түүний энэ чанар нь намайг дэлхий дээрх хамгийн аз жаргалтай нүүр хувиргагч болгодог" хэмээн Сара хэлж байжээ.
Пати Дуброфф анх Yves Saint Laurent брэндийн Bergdorf Goodman дэлгүүр дээрх салбарын зөвлөхөөр ажилладаг байсан. Харин 1980-аад онуудад тэрээр MTV телевизэд зориулан нүүр будалт хийж эхэлсэн юм. Yo! MTV Raps дээрх Уилл Смит, House of Style дээрх Синди Кроуфордын будалтуудыг Пати хийдэг байжээ. Үүний дараа Пати Дуброфф NARS брэндийн үүсгэн байгуулагч Франсуа Нарсын туслахаар загварын долоо хоногууд дээр ажиллан туршлага хуримтлуулсан ба түүний анхны алдартай үйлчлүүлэгч нь Лив Тайлер байсан юм.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Дуброфф жүжигчин Марго Роббитой хамтран ажиллаж байгаа. Хөмсөг хүртэл үргэлжлэх шар өнгийн тень, бүхэлдээ улаан өнгөөр дагнасан моно мейкап, неон өнгийн саатай нүдний будалт, цагаан контур зэрэг шинэлэг санаануудыг Пати гаргасан юм. Тэрээр мейкап хийхээсээ өмнө ойролцоогоор 40 минутыг нүүрний массаж хийхэд зориулдаг ба заримдаа массажиндаа хаван буулгах зорилгоор хөлдөөсөн халбага хэрэглэдэг байна.
Нүүр хувиргах урлагт өөрөө бие даан суралцсан Патрик Та Instagram-ын ачаар алдартай болсноо хүлээн зөвшөөрдөг. Түүний үйлчлүүлэгчид дунд Эмили Ратаковски, Хейли Болдуин, Карли Клосс, Адриана Лима, Жоан Смоллс, Крисси Тейген ба Алессандра Амбросио гэх олон үзэсгэлэнтэй бүсгүйчүүд багтдаг хэдий ч тэрээр ихэнх цагаа Хадид эгч дүүст зориулдаг байна. Патрик Тагийн хамгийн дуртай аргачлал нь гэрэлтсэн эффекттэй арьс юм.
Алдарт нүүр хувиргагч Пэт Макграт хүртэл уруулын будгийн цуглуулга гаргахдаа Патрикаас туслалцаа хүссэн байдаг. Харин одоо Патрикт өөрийн гэсэн Patrick Ta Beauty гэх косметикийн брэнд бий.
2004 оноос эхлэн нийт есөн жилийн турш Рейчел Гудвин Chanel ордны нүүр хувиргагчаар ажилласан төдийгүй өмнө нь Линда Кантелло, Жеймс Калиардос ба Том Пешо нарын туслахаар ажиллаж, хажуугаар нь M.A.C брэндийн зөвлөх хийдэг байсан.
Харин Эмма Стоунтай тэрээр 2010 оноос хойш хамтарч байгаа бөгөөд энэ хугацаанд дарсны улаан хүрэн өнгөтэй смоки будалт, цэнхэр контуртай гялалзсан будалт, мөнгөлөг смоки ба дарсны улаан уруул зэрэг олон сонирхолтой төрх бүтээгээд амжсан.
Жо Бейкер анх 2003 онд дуучин Usher-тэй гэрээ байгуулснаар карьерээ өсгөж чадсан байдаг. Тэрээр аялан тоглолтуудын үеэр дуучны болон түүний багийн гишүүдийн мейкапыг хариуцдаг байсан юм. Үүний дараа Бейкерийг загварын сэтгүүлүүд болон алдартнуудын төлөөлөгчид анзаарч эхлэн тэрээр алдартнуудын нүүр хувиргагч болсон билээ. Бейкер тод өнгийн детальтай нүүр будалт хийх хамгаас дуртай бөгөөд бүтээлч санаагаа интерьер дизайнаас авдаг байна.
Одоогийн байдлаар хамгийн зоригтой туршилтуудаа Жо Бейкер Люси Бойнтон дээр хийж байна. Жүжигчин бүсгүйд зориулан бүтээсэн түүний төрх бүр өвөрмөц, тод, гайхалтай болж чаддаг билээ.
Барнс ба Лопес нарын хамтын ажиллагаа өдгөө 19 жил үргэлжилж байна. Нүүр хувиргагч анх Женнифертэй танилцахдаа хамгийн түрүүнд "Тэр ямар ч будаггүй байхдаа илүү үзэсгэлэнтэй харагддаг. Тиймээс түүнийг өөрөөр будах хэрэгтэй" хэмээн бодож байсан гэдэг. Өөрөөр будна гэдэг нь наранд борлосон мэт эффекттэй гялалзсан арьс, ердөө үл ялиг тодотгосон шанаа, нүд, хөмсөг ба уруул юм. Ерөнхийдөө бүх зүйл маш байгалийн, зөөлөн харагдах учиртай аж. Скотт Барнс 2011 онд "About Face: Amazing Transformations Using the Secrets of the Top Celebrity Makeup Artist" гэх багагүй амжилтад хүрсэн ном гаргасан байгаа.
Даниэль анх M.A.C дэлгүүрийн жижиг хэсэгт нүүр хувиргагч хийдэг байсан бол удалгүй Aveda, Lancôme ба Proenza Schouler брэндүүдтэй хамтран Пэт Макгратын туслахаар ажиллах болсон. Харин одоогийн байдлаар тэрээр нийт 10 гаруй жилийн турш Меган Марклын хувийн нүүр хувиргагчаар ажиллаж байна. Тэр дундаа Меган Марклын хуримын будалтыг Даниэль хийж байсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт