Блоранж, барын нүд, кофены туяанууд ба цөцгийн эффекттэй блонд
Хавар-зун 2017 улиралд үс будалтын салбарт цоо шинэ аргачлал нэвтэрч, чиг хандлагын эргэлт тохионо гэж мэргэжилтнүүд амлаж байна. Бид үүнийг тодруулахын тулд хамгийн гол трендүүдийг сонгож, стилистүүдээс зөвлөгөө авлаа
Барын нүд
Наранд гандсан мэт харагдах "балаяж" аргачлал энэ улиралд цоо шинэ байдлаар зонхилох болно. Шинэ төрлийн "балаяж" алтлаг бор туяа ба гялгар уусалттай болсон тул мэргэжилтнүүд энэ аргачлалыг "Tiger eye" буюу барын нүд хэмээн нэрлэж байна. Шоколадны зөөлөн бор ба бага зэрэг карамель шар туяаг хольсноор та хүссэн үр дүнгээ гарган авах болно. Энэхүү "дулаахан" чиг хандлага хавар-зуны улиралд тун зохимжтой будалт юм.
Мэргэжилтний зөвлөгөө:
Redken Color Factory салоны тэргүүн стилист Анастасия Канышкина
«Барын нүд гэдэг нь ерөнхийдөө шоколадан өнгөтэй үсэнд карамель, элс ба хув шар өнгийн туяатай сор тавих будалтыг хэлж байгаа юм. Энэ арга үс тайралтын хэлбэрийг илүү тодотгож, үсийг өтгөн харагдуулдаг. Ийм төрлийн будалтыг бор эсвэл ногоон нүдтэй, дулаан туяатай арьстай хүмүүст зөвлөх байна. Мөн уг будалтыг халуун орон руу аялахдаа хийлгэвэл зохимжтой байдаг. Учир нь будалт хийлгэсний дараагаар үсээ тодорхой хугацааны турш наранд байлгавал сорны дулаан өнгөтэй туяа илүү тодорч эхэлдэг. Өөрөөр хэлбэл энэ нөхцөлд цаг агаар таны үсэнд зөвхөн эерэгээр нөлөөлөх болно».
Цөцгийн эффекттэй блонд
Шинэ улиралд стилистүүд ерөнхийдөө карамель, зөгийн бал, үр тариа гэх зэрэг цайвар туяатай алтлаг өнгө сонгохыг зөвлөж байна. Байгалийн дүр төрх бүрдүүлэхийн тулд үснийхээ үзүүр хэсгийг цайвар, харин уг хэсгийг нэг уусгалтаар бараан өнгөөр будаарай. Түүнчлэн зориулалтын хальсаар хийгддэг "babylights" аргачлал ашиглаж үсэндээ цайвар өнгийн сор тавьбал илүү сайхан харагдах болно.
Мэргэжилтний зөвлөгөө:
"НЕО" салоны стилист Роман Юдин
«Блонд өнгийн цайвар туяанууд 2017 оны хамгийн гол трендээр нэрлэгдэж байгаа. Алтлаг, карамель ба үр тарианы шаргал өнгөнүүд цайвар арьстай хүмүүст илүү зохидог. Түүнээс гадна эдгээр дулаан өнгийг хооронд нь уусгаж, олон давхаргатай, өтгөн үсний эффект гаргаж авах боломжтой. Мэргэжилтэн бүр өөрт эвтэйхэн аргачлалыг сонгодог хэдий ч цөцгийн эффекттэй блондыг гаргаж авахад 3D аргачлал хамгаас тохиромжтой байдаг».
Зөгийн балны бага зэрэг улбар шар өнгө
Бага зэрэг улбар шар туяатай блонд буюу бор-шаргал үснүүд орчин үед моодонд орж байгаа. Хамгийн гол нь ийм будалт хийлгэхдээ аль болох дулаан туяатай өнгө сонгох хэрэгтэй. Тод улбар шар эсвэл улаан туяануудаас холхон байхыг зөвлөж байна. Ийм будалт ногоон ба бор нүдтэй, мөн байгалиасаа улбар шар туяатай үстэй бүсгүйчүүдэд сайхан зохино. Хүссэн өнгөөрөө будуулсны эцэст үсний гадаргууг гүн нэвчдэггүй шоколадан бор тоникоор бүрхвэл илүү өтгөн эффекттэй, гялгар үр дүн гарах болно.
Мэргэжилтний зөвлөгөө:
Облака Studio салоны стилист Татьяна Кутузова
«Бараан үстэй бүсгүйчүүд шоколадан өнгийн будалтанд их дуртай байдаг. Гэхдээ энэ улирлын хамгийн эрэлттэй өнгөөр кофе ба туулайн бөөр модны хүрэн бор өнгө тодроод байна. Нарийн ширхэгтэй үсийг илүү өтгөн харагдуулахын тулд 3D аргачлалаар уусалттай будалт хийх хэрэгтэй. Харин өтгөн ба хэвийн үсэнд яст мэлхийн омбре буюу яст мэлхийн бүрхүүлийг санагдуулам карамель ба шоколадан өнгийн уусалттай будалт хийлгэвэл зохимжтой».
Кофе
Энэ улиралд кофены бүх туяанууд моодонд орох болно. Хамгийн гол нь кофены туяанууд хоорондоо төгс уусдаг давуу талтай. Үснийхээ угийг бараан мокко, харин уртаар нь карамель латте өнгөөр будаарай. Ийм зөөлөн уусалт таны үсийг өтгөн харагдуулна.
Блоранж
Гүзээлзгэнийн ягаан туяа анхаарлын төвөөс холдож, үүний оронд блоранж буюу улбар шар ба цайвар шар өнгийн ууссан туяа ноёрхож эхэллээ. Энэхүү сомбре аргачлалтай төстэй шинэ будалтыг хийлгэсэн алдартнууд дундаас супермодель Жоржия Мэй Жаггерын хувилбар хамгийн төгс болсон харагдана. Түүний тоорын дулаан туяатай үс царайг нь улам гэрэлтүүлж өгчээ.
Зөөлөн уусалт
Өнгө хоорондын шилжилт ба уусалт загварлаг хэвээр байна. Энэ төрөлд омбре, сомбре, балаяж, бронд, шатуш гээд маш олон аргачлал бий. Энэ улиралд анхааралдаа авах хэрэгтэй хамгийн гол элемент нь өнгө юм. Таны уусалттай үс аль болох байгалийн өнгөнүүдтэй байж, туяанаас туяа хооронд зөөлөн шилжиж байх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл таны үсний өнгө төрөлхийн мэт харагдах ёстой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт