Эрүүл амьдралын хэв маяг баримтлахыг хүсч буй хүмүүст зориулав
Хэдхэн жилийн өмнөөс хүчээ авч эхэлсэн эрүүл амьдралын хэв маягийг хүмүүс анх ердөө л түр зуурын сонирхол төдий хүлээж авдаг байсан бол энэ нь одоо амжилттай амьдралын шинж тэмдэг болж, хүн бүрийн урт хугацааны турш баримтлахыг хүсдэг өдөр тутмын зуршил болон хувирч байна. Тэгвэл эрүүл аргаар богино хугацаанд хэрхэн жингээ хасах вэ? Бид та бүхэнд ямар алдаа гаргаж болохгүйг дурдаж, хэд хэдэн зөвлөгөө бэлдлээ.
Эцсийн мөч хүртэл хойшлуулах
Шинэ жилийн үдэшлэгт зориулан худалдаж авсан даашинз тань таны галбирт төдийлөн сайхан суухгүй байна уу? Хэрвээ тийм бол "Х" өдөр ирэхээс ядахдаа 3-4 долоо хоногийн өмнө галбиртаа анхаарал тавьж эхлээрэй. "Аливаа зүйлийг хэзээ ч хийхгүй байснаас орой ч хамаагүй хийж эхэлсэн нь дээр" гэдэг зарчим энэ тохиолдолд тохиромжгүй юм шүү. Гол өдөр ирэхээс хэдхэн хоногийн өмнө гэнэт ухаарч, ухаан алдах шахуу бэлтгэл хийх нь таны эрүүл мэндэд зөвхөн муугаар л нөлөөлнө. Үүний оронд ямар нэгэн фитнесс клубын мэргэжлийн дасгалжуулагчид хандаж, өөрийн галбирт тохирсон хамгийн эрчимтэй бөгөөд зөв хөтөлбөрийг гаргаж аваарай.
Бэлтгэл хийхийн хажуугаар их хэмжээгээр идэх
Бэлтгэл хийх нь амжилтын ердөө 30% юм. Харин бусад 70% нь тэнцвэртэй хоолны дэглэмээс шалтгаалдаг. Хэрвээ та хорин минутын кардио дасгалын дараа шүүслэг бургер идэх дуртай бол, бэлтгэлийн зааланд өнгөрүүлсэн хугацаа тань ямар ч үр дүнгүй, дэмий өнгөрсөнд тооцоорой. Гэхдээ ингэлээ гээд эрчимтэй бэлтгэлийг хатуу дэглэмтэй хослуулж болохгүй. Өлсөх нь бас л урт хугацааны үр дүнгүй, буруу аргачлал юм. Өлсөх үед таны бие организм стрессд орж, жин хасахын оронд эсрэгээрээ тэрхүү жинг авч үлдэхийг оролдож эхэлдэг. Энергийг зөв зарцуулахын тулд бидний организмд "түлш" буюу хоол хэрэг болдог. Энергийг нүүрс ус хариуцдаг бол, булчингийн массыг хөгжихөд уураг тусална. Тэгэхээр таны тэнцвэржүүлсэн хоолны дэглэм ойролцоогоор 14% өөх тос, 30% нүүрс ус ба 56% уургаас бүрдэж байх хэрэгтэй. Гэхдээ хоолны дэглэмийг тухайн хүний бие организмд тохируулан төлөвлөх нь зүйтэй байдгийг бүү мартаарай.
Өдөр болгон бэлтгэл хийх
Булчингууддаа амарч, нөхөн сэргэх боломж олгохгүйгээр хэт их ачаалалтай бэлтгэл хийх нь бие организмд муугаар нөлөөлдөг. Бидний бие дэх эд эс дор хаяж 24 цагийн дараа байгалийн аргаар нөхөн сэргэдгийг санаарай. Хүн бүрийн хэмжээ хязгаар өөр байдаг ч, долоо хоногтоо ядахдаа 1-2 удаа булчингаа амрааж байх нь зорилгодоо хүрэхэд тань тусална шүү.
Зөвхөн нэг бүлэг булчинг чиглэсэн дасгал хийх
Зөвхөн нэг бүсээр турах арга байхгүй болохыг бүх дасгалжуулагчид нэгэн зэрэг хэлдэг. Гоо зүйн өнцгөөс хараад үзэхэд бүх булчингийн бүлгийг чиглэсэн, цогц бэлтгэл хийх нь хамгийн зөв шийдэл юм. Бэлтгэл хийхдээ нуруу, гэдэс, цээж, гар ба хөл гээд бүх булчингийн 90 гаруй хувийг хамруулж байхыг хичээгээрэй. Дасгалжуулагч ямар дасгалуудыг нэгтгэснээр байгалиас танд заяасан биеийн харьцааг эерэгээр өөрчилж болохыг хэлж өгнө.
Жингээ тогтмол үзэх
Баярын өдрүүдэд зориулан жингээ яаралтай хасахыг хүссэн хүмүүс нэгэн том алдаа гаргадаг. Тэд өөрсдөө өдөр болгон жин дээр гарч, заагдсан тооноос баримжаа авдаг. Булчин агших үед булчингийн мяндаснууд гэмтдэг. Бие организм тэдгээр гэмтсэн мяндаснуудыг эсийн үйл явцын ачаар нөхөн сэргээхдээ зарим мяндаснуудыг хооронд нь уусгаж, шинэ булчингийн ширхэглэг үүсгэдэг. Ингэснээр тогтмол бэлтгэлийн үр дүнд бидний булчингийн хэмжээ томорч эхэлнэ. Харин булчингийн масс өөх тосны массаас хүнд байдаг юм. Тиймээс бэлтгэл хийсний дараагаар заримдаа таны жин нэмэгдэх тохиолдол гардаг. Гэхдээ жин нэмэгдсэн ч, таны бие үнэн хэрэгтээ илүү гуалиг бас чанга харагдаж байдаг. Жингээ үзэхийн оронд метр эсвэл толь ашиглах нь илүү бодит байх болно шүү.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт