Гоо сайхан байх нь юунаас эхэлдэг вэ? Инээмсэглэлээс үү эсвэл зөв арчилгаанаас уу? Магадгүй сайн найзууд болон улаан уруулын будгаас ч юм уу? Долоон улсын бүсгүйчүүд өөрсдийн гоо сайхны арчилгааныхаа талаар бидэнтэй хуваалцлаа
Унгар: Амтат чинжүү, борлуулагч аппарат
Эржебет Варга (Erzsebet Varga), эм зүйч: "Би байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнд дуртай учир арвайн гурил болон сүүгээр маск хийдэг. Харин тосоо өөрөө хийдэггүй ч мөн л байгалийн гаралтай Lush болон Organic Shop брэндээс сонгон авдаг. Мөн долоо хоногт нэг удаа унгар амтат чинжүүгээр үсний маск хийдэг. Амтат чинжүүгээ оливын тостой хольж хуйхандаа түрхэнэ. Харин биеийн арьс арчилгаандаа шүршүүрийн гель болон чийгшүүлэгч лосьон хэрэглэдэг. Зуны улиралд Lush брэндийн Sesame Suntan Lotion хэрэглэснээр арьсаа хурдан борлуулдаг. Унгарчууд бид бор арьсанд их дуртай. Харин бусад улиралд борлуулагч аппаратанд ордог. Луувангийн шүүсэнд бета-каротин агуулагддаг тул аппаратанд орохын өмнө ууснаар арьс борлох үйл явцыг түргэсгэдэг юм. Харин би крем огт хэрэглэдэггүй. Нүдээ хүрээлж, сормуусаа будаж мөн уруулын будаг хэрэглэдэг ба нүдээ тод будах нь надад таалагддаг."
Франц: Байгалийн гаралтай бүтээгдэхүүн, үнэрт тос
Анн-Софи Ниваль (Anne-Sophie Nival), "Мастерской 46"-гийн үүсгэн байгуулагч: "Миний арьс арчилгаанд гуужуулах үйлчилгээтэй нүүрний саван болон чийгшүүлэгч тос багтдаг. Зуны улиралд нүүрний арьсандаа рашаан цацаж, харин үсээ касторын тосоор чийгшүүлдэг. Өвлийн улиралд нүүрэндээ илүү өтгөн тос хэрэглэдэг. Сард хоёр удаа халуун уурын баннд орж биеийн арьсаа Organic Shop-ын бүтээгдэхүүнээр гуужуулдаг. Би ихэвчилэн амьтад дээр туршилт хийгээгүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг. Би тосондоо үнэр нэмэх дуртай. Энэ нь тосонд илүү их ашигтай бодис нэмж, сайхан үнэртэй болгодог. Нүүр будалтандаа 15 минутаас дээшгүй хугацааг зарцуулдаг. Миний нүүр будалтын хэрэгсэлд уруулын будаг, сормуусны будаг, нүдний хүрээлэгч зэрэг энгийн зүйлс байдаг. Харин кремгүйгээр би хэзээ ч гэрээсээ гарахгүй. Арьсны өнгө бол эрүүл мэнд гоо сайхан байхын илэрхийлэл шүү дээ. Надад хөөс хэлбэрийн крем таалагддаг. Учир нь хөнгөн бөгөөд хурдан шингэдэг. Харин уруулын будгийн хувьд зөөлөн, нюд өнгийг сонгодог. Үдшийн цагаар хэт хурц биш ч гэлээ тод өнгөөр уруулаа буддаг."
Итали: Гэрэлтсэн арьс, улаан уруулын будаг
Аня Туфина (Anja Tufina @dollsfactory), загвар, гоо сайхны блогер: "Миний хувьд төгс арьсны нууц бол сайн чийгшүүлэх. Нүүрний арьс арчилгаандаа би хамгийн сүүлийн үеийн, үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг. Хөгшрөлтийн эсрэг SPF 50 хамгаалалттай бүтээгдэхүүн сонгодог. Надад олон талын үйлчилгээ бүхий Elizabeth Arden Eight Hour Cream илүү их таалагддаг. Үүнийг хөл, гар болон урууландаа түрхэж болдог учир хуурайшсан биеийн аль ч хэсгийг ид шидийн мэт л чийгшүүлнэ. Харин өвлийн улиралд уруулны гуужуулагч хэрэглэдэг. Би өмнө нь арьсны өө сэвээ будалтаар дардаг байсан бол одоо надад хамгийн чухал зүйл бол гэрэлтсэн арьс болсон. Миний дуртай крем бол Giorgio Armani Luminous Silk Foundation. Тэр маш хөнгөн бөгөөд өө сайн дарна. Харин үдэшлэгт явахдаа арьсандаа илүү гэрэл нэмэхээр M.A.C Bronzing Powder хэрэглэдэг. Naked 2 Urban Decay бол нүдний орлуулашгүй будаг. Будаагүй мэт харагдуулах будалт, үдэшлэгийн будалт гээд алинд нь ч зохицно. Хамгийн тохиромжтой сормуусны будгаа одоог хүртэл олоогүй бөгөөд байнга л шинийг туршдаг. Хөмсгөө Shiseido Eyebrow Compact-аар тодруулж, харандаагаар өө сэвийг нь засдаг. Мөн улаан уруулын будганд маш дуртай. Надад бүтэн цуглуулга байдаг ч тэд бүгд л өвөрмөц."
Герман: Минимализм, цэвэрхэн арьс
Лара Мария Грэфен (Lara Maria Gräfen), дуучин, загварын блогер: "Хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн гээд алинд нь ч надад минимал зүйлс таалагддаг. Тэд маш чанартай хэрнээ цөөхөн байх нь илүү дээр. Өглөөний арьс арчилгаандаа Caudalie чийгшүүлэгч, өө дарагч болон Armani сормуусны будаг хэрэглэдэг. Мэдээж би тайзан дээр гарахдаа нэмэлт нүүрний будаг хэрэглэдэг. Кремний хувьд Maestro Fusion Make Up Armani хамгийн их таалагддаг. Зөөлөн бөгөөд хөнгөн бүтэц нь яг л миний хоёр дах арьс мэт байдаг. Мөн M.A.C улаан уруулын будганд дуртай. Нүүрний арьс арчилгаандаа Susanne Kaufmann-ы бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэд Австралид үйлдвэрлэгддэг ба хэрэглэсний дараа гайхалтай үр дүн үзүүлдэг. Үс арчилгаандаа илүү их анхаарал хандуулдаг. Товчхондоо өдөр тутмын арчилгаагаа зөв хийж арьсаа цэвэр байлгах нь өөртөө итгэлтэй болгодог."
ОХУ: Амин дэм, хөмсөг зулгаагч
Жени Андреев (Jenee Andreev), олон улсын төслийн менежер: "Өглөө бүр Noxzema нүүр угаагч хэрэглэх нь арьсыг гүн цэвэрлэдэг. Tүүнд миний дуртай эвкалипт агуулагддаг. Дараа нь өндөр SPF хамгаалалт бүхий нүүрний шийгшүүлэгч тос хэрэглэж, ретинолтой нүдний тос хэрэглэдэг. Улирал бүрээс хамаарч шөнөдөө чийгшүүлэгч тэжээлийн тос түрхдэг. Долоо хоногт нэг удаа С амин дэмтэй маск нүүр болон хүзүүндээ түрхдэг. Гоо сайхнаа гадна болон дотроосоо арчлах хэрэгтэй учир олон төрлийн амин дэм уудаг. Мөн миний хувьд хөмсөгний хэлбэр их чухал тул хөмсөг зулгаагч цүнхэнд минь хэзээд бэлхэн байна. Харин биеийн арчилгаанд тусгай арчилгаа байдаггүй. Хүзүү, цээж хэсгээ үрчлээнээс хамгаалахын тулд тэжээлийн тос түрхдэг. Нүүр будалтын хувьд нүдээ хүрээлж, сормуус болон уруулаа буддаг. Заримдаа л крем хэрэглэдэг ба арьс арчилгаа болон нүүр будалтын дуртай брэнд бол Clinique."
Казахстан: Зөгийн бал, найзуудын уулзалт
Людмила Серекбаева, бизнесийн зөвлөгч: "Би арьс арчилгаандаа тогтсон нэг брэндээс хэрэглэдэггүй. Би шинэ бүхнийг турших дуртай. Харин хэдэн жилийн турш огт солигдоогүй зүйл бол Mary Kay будаг арилгагч. Магадгүй түүнийг ч бас орлох зүйлийг би олох байх. Өдөр тутмын арьс арчилгаанд цэвэрлэх, чийгшүүлэх, будах гэсэн зүйлс ордог. Нүүр будалтандаа крем, тень, сормуусны будаг хэрэглэдэг. Арьс амьсгалж байх учиртай тул унтахынхаа өмнө нүүрээ цэвэрлэх нь маш чухал. Гоо сайхан байхад надад өөр юу хэрэгтэй вэ гэж үү? Магадгүй цэвэр агаарт зугаалах, найзуудтайгаа уулзах. Бид сайхан зүйлсээ хуваалцаж, хөгжилдөж, эерэг зүйлсээр бие биенийгээ цэнэглэдэг."
Япон: Цагаан будааны банн, дотоод амар амгалан
Саэки Мао (Saeki Mao), менежер: "Гоо сайхнаа хадгалахын тулд би чихэрлэг, тослог зүйл идэлгүй мөн мах идэхээ хязгаарладаг. Антиоксидантаар баялаг учир ногоон цай уудаг. Хэрвээ нүүрэн дээр үрэвсэлт зүйл гарвал ногоон цайны хандаар жин тавьдаг. Долоо хоногт хоёр удаа цагаан будааны хивэгтэй баннд орсноор арьсaa зөөлрүүлдэг. Нүүрэндээ Kose нүүр угаагч нунтаг хэрэглэснээр сайн цэвэрлэж мөн цайруулдаг юм. Арьс арчилгааны хамгийн чухал зүйл бол цэвэрлэгээ. Угаасныхаа дараа тоник, серум түрхэж дараа нь чийгшүүлэгч тос хэрэглэнэ. Өглөө оройдоо ижил арчилгаа хийдэг. Кременд SPF 50 өндөр хамгаалалт байх хэрэгтэй гэж үздэг. Харин шөнөдөө сайн чийгшүүлэх нь зүйтэй. Бие болон үсэндээ алтан товч цэцгийн тос хэрэглэдэг. Би арьсандаа идэж болохгүй зүйлсийг хэзээ ч хүргэхгүй. Бүх зүйл байгалийн гаралтай байх ёстой. Крем түрхэхээс өмнө нүүрэндээ массаж хийдэг. Ингэснээр кремний үйлчилгээг нэмэгдүүлдэг сайн талтай. Мэдээж дотроосоо гоо сайхан байх хэрэгтэй тул дотоод амар тайван байдал болон өөдрөг байх нь гоо сайхны хамгийн шилдэг туслагч юм."
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт