Биеийн арчилгааны шинэ чиг хандлага
Арьс, гоо заслын эмч нар сүүлийн үед нүүрний арьснаас гадна бие, тэр дундаа өгзөгний арьсаа арчлах хэрэгтэй болохыг зөвлөж байна. Учир нь биеийн арьсны хамгийн эмзэг хэсэг болох өгзгөн дээр батга гарах, язралт үүсэх, коллагены нийлэгжилт багассаны улмаас амархан сулрах, эрүүл толигор байдлаа алдах зэрэг арьсны асуудлууд үүсэх нь их түгээмэл ажээ. Гэвч ихэнх бүсгүйчүүд тэр бүр өгзөгний арьсандаа анхаарал хандуулдаггүй ба дээрх асуудлууд нэгэнтээ үүссэний дараа л арчилж эхэлдэг байна.
Харин зарим биеийн арьс арчилгааны брэндүүд дээрх асуудлуудаас сэргийлэх скраб, маск зэрэг тусгай арчилгааны бүтээгдэхүүнүүдийг санал болгох боллоо. Тухайлбал "Butt Is The New Face" буюу "Өгзөг бол шинэ нүүрний арьс" хэмээх уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг Bawdy брэнд өгзгөнд зориулсан салфеткан маскыг санал болгодог. Чийгшүүлэх, цайруулах, хоргүйжүүлэх, өргөх гээд арьсны асуудлуудыг чиглэсэн төрөл бүрийн үйлчилгээтэй өгзөгний маскнуудын гол найрлагад коллаген агуулагддаг байна. Учир нь өгзөг хэсгийн арьс эластин, коллаген уургаа илүү хурдан алддаг ба дээрх салфеткан маскыг тогтмол хэрэглэх нь уургын нийлэгжилтийг дэмжиж, арьсны элдэв асуудлаас сэргийлдэг юм.
Өгзөгний арьсыг арчлахдаа гуужуулалтад ч мөн онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй. Учир нь арьсыг тогтмол гуужуулснаар цусны эргэлтийг дэмжих, арьсыг нөхөн төлжүүлэх, булбарай зөөлөн болгох гээд олон давуу талтай. Ингэхдээ хуурай брашинг болон тусгай зориулалтын бүтээгдэхүүн ашиглах боломжтой. Тухайлбал өгзөг болон хөх арчилгааны бүтээгдэхүүн санал болгодог Anese брэнд найрлагадаа хушга самар агуулсан язралтыг арилгах, батгашилтаас сэргийлэх That booty tho скрабыг санал болгодог ба гуужуулсны дараа зориулалтын маск тавин илүү өндөр үр дүнд хүрэх боломжтой байна.
Түүнчлэн зарим брэндүүд өгзгөнд зориулсан тоник, серумийг санал болгоод байна. Тухайлбал Truly брэнд арьсыг чангалах, эрүүл толигор болгох үйлчилгээтэй серумийг санал болгосон ба Ulta гоо сайхны тавцанд өндөр үнэлгээтэй бүтээгдэхүүний нэгээр шалгарчээ.
Эцэст нь дурдахад эрүүл, толигор арьстай өгзөг нь биеийн гоо үзэсгэлэнг тань улам тодотгодог тул онцгой анхаарал хандуулан арчлах нь ирээдүйд үүсч болзошгүй арьсны асуудлуудаас сэргийлэх боломжтойг мэргэжилтнүүд онцолсоор байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт