Хүүхдийн үнэр таашаах мэдрэмжийг хэрхэн хөгжүүлэх вэ?

Үнэр цуглуулагчдад

Сүүлийн үед ихэнх брэндүүд балчир хүүхдүүдэд зориулсан тусгай найрлагатай үнэртэн гаргадаг болоод байна. Хүүхдийг тэр олон үнэр дунд төөрүүлэлгүйгээр, хэрхэн өөрийн гэсэн дур сонирхолтой болгох вэ вэ?

Биднийг гадаад ертөнцтэй холбодог хамгийн чухал зүйлсийн нэг бол яахын аргагүй үнэрлэх мэдрэмж юм. Үнэрлэх мэдрэмжийн ачаар бид өөрсдийгөө аюулаас сэргийлж (тухайлбал шатсан зүйлийн үнэр), байгаль орчны гайхамшгийг мэдэрч, мөн танихгүй хүнийхээ дотоод ертөнцийг бага ч болов уу таньдаг билээ. Түүнээс гадна үнэрлэх мэдрэмж бидний дурсамжуудтай салшгүй холбоотой байдаг. Тодорхой хэдэн үнэрүүдийн ачаар бид хүүхэд нас руугаа хүртэл эргэн очих боломжтой шүү дээ. Хүн бүрт хүүхэд насыг нь санагдуулах өвөрмөц үнэр байдаг. Зарим нь эмээгийнхээ хийх дуртай бялууны үнэрээр, зарим нь гэрийн ойролцоо ургах нохойн хошууны үнэрээр, харин өөр нэг нь авга эгчийнхээ тогтмол түрхдэг сүрчгийн үнэрээр цаг хугацааны аялал хийдэг.

Хүүхэд насны үнэрүүд бидний ой санаанд маш гүнзгий үлддэг учир нь балчир хүүхдийн үнэрлэх мэдрэмж насанд хүрсэн хүнийхээс хамаагүй илүү нарийн бүтэцтэй байдаг юм. Хүүхдүүд үнэр ба амтны ертөнцийг та биднээс дутахааргүй судалж, дурладаг. Үүнийг анзаарсан сүрчиг үйлдвэрлэгчид хүүхдэд зориулсан тусгай найрлагатай үнэртнүүд гаргах болоод байгаа. Тухайлбал Givenchy ордон Tartine et Chocolat гэх хүүхдийн үнэртний цуврал гаргаж, Versace брэнд Baby Blue Jeans ба Baby Rose Jeans нэртэй үнэртэн танилцуулсан бол харин Burberry Baby Touch Burberry үнэртнээрээ алдартай билээ.

Нарийн зах зээлийн жижиг маркууд ч бас хүүхдэд зориулсан үнэртэн үйлдвэрлэдэг. Тухайлбал Memo марк өөрийн алдарт Jannat Baby Eau Fraiche сүрчгийнхээ хүүхдийн хувилбарыг гаргаж, багагүй амжилт олсон. Хүүхдийн хувилбар нь мэдээж хэрэг илүү зөөлөн бас энхрий үнэртэй байдаг. Түүнчлэн зөөлөн тоглоомуудаараа алдаршсан Францын Kaloo компани нэг сар ба түүнээс дээш насны хүүхдүүдэд зориулсан онцгой үнэртнүүд борлуулдаг байгаа. Эцэст нь "сүрчиг + тоглоом" гэх иж бүрдлээрээ хүүхдүүдийн хайрыг татсан Disney компаний агуу том амжилттай бизнесийг дурдахгүй байхын аргагүй юм.

Хүүхдийн үнэртэнд ямар нэгэн төрлийн спирт агуулагддаггүй тул тэдгээр нь их зөөлөн үнэртэй байдаг юм. Үйлдвэрлэгчид ихэвчлэн чихэр, жигнэмэг, сүү, ванилин, жимс ба жимсгэнэ гэх зэрэг хүүхдүүдийн дуртай зүйлсийн аястай үнэр гаргадаг. Чихэр идэх хориотой хүүхдүүдийн хувьд энэ нь таатай мэдрэмж төрүүлэх "амттан" болж хувирдаг.

Тэгэхээр хүүхдийг үнэртний ертөнцтэй хэрхэн танилцуулах хэрэгтэй вэ? Хүүхэд багаасаа үнэр ялгаж сурах шаардлага бий юу? Бид эдгээр асуултуудын хариултыг мэргэжлийн сүрчиг бүтээгч нараас авлаа.

 

Сүрчиг бүтээгч ба ОХУ-ын сүрчиг бүтээгч нарын хараат бус нийгэмлэгийн гишүүн Анастасия Денисенкова: «Хүүхдүүдийг хорвоогийн сайхан зүйлстэй балчир наснаас нь эхлээд танилцуулах хэрэгтэй. Энэ нь зөвхөн үнэртний ертөнц гэлтгүй, мөн дуу хөгжим, уран зохиол, архитектур, уран зураг гээд биднийг хүрээлж буй олон гайхамшигтай үзэгдлүүдтэй хамааралтай юм. Миний бодлоор юуны түрүүнд өөрийнхөө хандлагаас эхлэх хэрэгтэй. Миний таван настай охин юу, юунаас илүү чихэр ба жимсний үнэрэнд дуртай ч гэлээ би түүнийг хэзээ ч хязгаарлаж байгаагүй. Би түүнд хэзээ ч "Болохгүй ээ, энэ чинь том хүмүүсийн сүрчиг шүү дээ. Энэ чамд хэтэрхий хүндэднэ" гэж хэлж байгаагүй. Би өөрт таалагддаг үнэр бүхнээ түүнд үнэрлүүлдэг. Тэр таалагдсан сүрчгээсээ ганцхан дуслыг гартаа түрхэж, өөрт таалагдах эсэхээ шийдэх эрхтэй.

Би түүнтэй үнэрүүдийн талаар ярилцаж, үнэр болгонд тохиромжтой зүйрлэл үг хайж олохыг хичээдэг. Тэр маань гурван наснаасаа эхлэн сүрчгийн орцнуудыг судалж байгаа бөгөөд одоогийн байдлаар ветивер ургамлын үнэрийг заарын үнэрээс ялгаж, булцуут цэцэг хэрхэн үнэртдэгийг санаж, ванилин нь зүгээр ч нэг ванилтай талх шиг үнэртдэггүй гэдгийг мэддэг болсон. Миний охин лифтэнд бидний өмнөхөн ямар хөршүүд явсныг таньж, миний хувийн цуглуулгын сүрчгүүдийг үнэрээр нь ялгадаг болсон байгаа. Бид хоёр гадуур зугаалахдаа цэцэгс үнэрлэж, гал тогоонд хоол бэлдэхдээ амтлагч нарын үнэрийг судалж, усанд орохдоо шампунийнхаа үнэрийг таах гэж хичээдэг.

Хүүхдийг багаас нь олон төрлийн үнэртэй танилцуулж, үнэртний мэдлэгийг нь өргөжүүлж байх хэрэгтэй. Ингэснээр балчир хүүхэд юмсын хоорондын холбоог улам нарийн мэдэрч, улам олон сөрөг ба эерэг мэдрэмжийг өөрийн ой ухаандаа цуглуулах болно. Үүний үр дүнд хүүхдийн өөрийн гэсэн дур сонирхол маш эртнээс боловсорч эхлэх юм. Та хүүхэддээ үнэртний ертөнцийн баялгийг танилцуулах тэр мөчид хүүхэд өөрийгөө зөвхөн чихэр, жимсний үнэрээр хязгаарлахаа больж, уран сэтгэмж нь илүү хөгжиж, зөв сонголт хийдэг болж ирнэ».

 

Үнэртний мэргэжилтэн, шүүмжлэгч, сургалтын менежер Мария Кондратьева: «Бидний амьдралд эцэг эхийн үлгэр жишээ маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдүүд ээж авынхаа гаргах үйлдлийг өөрийн мэдэлгүй дуурайдаг шүү дээ. Хэрвээ та сүрчиг тогтмол хэрэглэдэг бол таны хүүхэд ч бас сүрчиг сонирхож эхэлнэ. Миний зүгээс зөвлөхөд балчир хүүхдүүддээ өөрийн хувийн цуглуулгынхаа сүрчгүүдийг үнэрлэх, оролдох зөвшөөрөл өгч байгаарай. Гэхдээ мэдээж хэрэг энэ нь насанд хүрсэн хүний хараан доор явагдах ёстой үйлдэл юм. Зургаан настай охин маань миний сүрчгүүдийг түрхэх их дуртай. Түүнд бүр өөрийн гэсэн үнэртнүүдийн жижиг цуглуулга ч бий. Түүний үнэрлэх мэдрэмж их сайн хөгжсөн шүү. Тэр ургамлын гаралтай үнэрт хамгаас илүү дуртай байдаг».

 

Дуу хөгжмийг бусдаасаа илүү хүндрэлтэйгээр сурдаг хүүхдүүд байдгийн адил үнэртний боловсролыг ч бас хүндрэлтэйгээр эзэмшдэг хүүхдүүд гэж бий юу?


Сүрчиг бүтээгч ба ОХУ-ын сүрчиг бүтээгч нарын хараат бус нийгэмлэгийн гишүүн Анастасия Денисенкова: «Аливаа салбарт байдаг хүндрэлүүд үнэртний ертөнцөд ч бас бий. Ганц зүйлийг л өөртөө итгэлтэйгээр хэлэх байна. Амин чухал ач холбогдолгүй нөхцөлд хүүхдүүдээ дургүй зүйлээр нь хичээллэхийг бүү шахаарай. Хэрвээ таны хүүхэд үнэртний ертөнцөд огтхон ч сонирхолгүй хэрнээ хоккей тоглох дуртай бол тайван хоккей тоглох боломжийг нь олгоорой».

 

Сүрчиг бүтээгч Ирина Ваганова: «Бид бүгд хоорондоо ялгаатайг мартаж болохгүй. Хүн бүрт өөрийн гэсэн онцлог бий. Зарим хүмүүс үнэрийг бусдаасаа нарийн мэдэрч бас дүгнэдэг бол, зарим нь тэгдэггүй».

 

 

 

 

Хүүхдүүдэд зориулсан тусгай үнэртний сургалтууд байдаг уу?


Сүрчиг бүтээгч ба ОХУ-ын сүрчиг бүтээгч нарын хараат бус нийгэмлэгийн гишүүн Анастасия Денисенкова: «Орчин үед "залуу сүрчиг бүтээгч" нарын набор дэлгүүрүүдээр зарагддаг болсон байна лээ. Харамсалтай нь тэдгээр нь хэтэрхий энгийн түвшнийх юм шиг надад санагдсан. Хэрвээ үнэртний сургалтууд байдаг байсан бол хүүхдүүд шинэ үнэр найруулж, туршилт хийж, найзуудтайгаа сэтгэгдлээ хуваалцаж, цагийг үнэхээр зугаатай бас үр ашигтай өнгөрүүлэх байсан биш гэж үү. Хүүхдийн төсөөлөн бодох чадварт хязгаар үгүй шүү дээ!».

 

Хүүхэд бусдаасаа онцгой, нарийн үнэрлэх мэдрэмжтэй байгааг яаж ойлгох вэ?


Үнэртний мэргэжилтэн, шүүмжлэгч, сургалтын менежер Мария Кондратьева: «Балчир хүүхдүүдийн үнэрлэх мэдрэмж хангалттай хөгжсөн байдаг. Та энэхүү мэдрэхүйг нь улам хөгжүүлэхийг хүсч байвал хүүхдийн анхаарлыг орчин тойрны үнэрүүд рүү тогтмол хандуулж байгаарай. Цэцэгс, хоол хүнс, их хотын үнэр гээд л юу ч байж болно шүү дээ. Энэ нь хүүхдэд өөрийн гэсэн үнэртний "номын сан" бүрдүүлж, тодорхой үнэрний тухай мэдлэгийг хэрэгтэй үедээ ой ухаанаасаа гаргаж ирэхэд тусална».

 

Сүрчиг бүтээгч Ирина Ваганова: «Үүнийг ойлгохын тулд хүүхэддээ их цаг зав зарцуулж, тогтмол тоглож бас ярилцаж байх хэрэгтэй. Таны хүүхэд өөрт төрсөн сэтгэгдлээ, санаа зовнисон асуудлуудаа танд заавал ч үгүй ярьж өгнө. Түүнээс зөвхөн өнөөдөр юу хийснийг, юу идсэнийг гэлтгүй, мөн ямар үнэр мэдэрснийг асуухаас бүү эмээгээрэй. Мөн та ч бас хүүхэддээ шинээр мэдэрсэн үнэрээ ярьж өгч, хоорондоо мэдлэг хуваалцаарай. Магадгүй эдгээр жижиг алхмуудын үр дүнд таны хүүхэд нэг л өдөр үнэртний бизнест хөл тавих ч юм билүү?»

Buro.Mongolia

2016-07-20, 17:00