Холливүүдийн жүжигчдийн улаан хивсэн дээр гарахдаа хийлгэдэг гоо сайхны тусгай процедурууд

Чихний доод хэсэг болон тавхай руу филлер хийлгэх, биеийн арьсаа борлуулах, хөлийнхөө хэлбэрийг засах гэх мэт хачирхалтай процедурууд

Тавхай руу филлер хийх

Оскар болон бусад томоохон арга хэмжээ, шагнал гардуулах ёслолуудаас долоо хоногийн өмнө эмэгтэй жүжигчид тавхай болон хөлийн хурууны өндөгнүүд рүүгээ гиалуроны хүчил тариурын аргаар хийлгэдэг байна. Беверли-Хиллзийн пластик мэс засалч Габриэль Чиугийн тайлбарлаж буйгаар ийм төрлийн филлер хийлгэснээр жүжигчид удаан хугацаанд өндөр өсгийт өмсөхөд асуудалгүй байж, хөл нь нэг ёсны жийргэвчтэй болдог гэнэ.


Чихний доод хэсэг рүү филлер хийх

Лос-Анжелесын доктор Карин Гроссманы онцолсноор ихэнх жүжигчид улаан хивсэн дээр хүнд ээмэг зүүх шаардлагатай болдгийн улмаас ийм төрлийн процедур хийлгэдэг аж. Чихний доод хэсэг рүү тарилга хийлгэснээр чих илүү чанга болж, ээмэгний нүх жижгэрдэг бөгөөд процедурын эффект нь хоёр жил үр дүнгээ барьдаг байна.

Микродермабрази

Микродермабрази буюу microdermabrasion гэдэг нь микро чулуунуудтай спрей бүтээгдэхүүний ачаар арьсны гаднах хуурайшсан, үхсэн эсүүдийг арилгаж, илүү эрүүл, залуу бөгөөд шинэ арьсны давхаргыг гаргаж ирэх процедур юм. Харин чухал арга хэмжээний өмнө эмэгтэй жүжигчид очир эрдэнэ чулууны микро хэсгүүдтэй микродермабрази үйлчилгээг бүхэл биеийнхээ арьсанд хийлгэдэг байна.

Өгзөг рүү филлер хийх

Беверли-Хиллзийн пластик мэс засалч Шейла Назарян өөрийн алдартай үйлчлүүлэгчдэд өгзөгний филлер хийхдээ ихэвчлэн сүүн хүчил дээр суурилсан Sculptra филлерийг ашигладаг гэнэ. Түүний тайлбарласнаар сүүн хүчил нь коллаген үйлдвэрлэхэд нөлөөлж, үүний үр дүнд өгзөг бага зэрэг "хөөдөг" байна.

Арьс борлуулагч түрхэх

Ихэнх Холливүүдийн алдартнууд St. Tropez брэндийн хиймэл арьс борлуулагчгүйгээр улаан хивсэн дээр гардаггүй. Тэр дундаа Make Me Glow гэх арьсыг скрабдаж, чийгшүүлж, борлуулах үйлчилгээтэй багц бүтээгдэхүүний ачаар алдартнууд байгалиасаа борлосон мэт гоёмсог эффект бий болгодог.

Сарнай цэцгийн орцтой очир эрдэнэ чулуу бүхий пилинг

Natura Bisse брэндийн бүтээгдэхүүн дээр суурилсан нүүр болоод биеийн арьсанд зориулагдсан тансаг зэрэглэлийн арьс арчилгаа. Энэ үйлчилгээ нь арьсыг шинэчилж, гуужуулж, гэрэлтсэн болгодог. Брэндийн бүтээгдэхүүн бүрийн найрлагад очир эрдэнэ чулууны үйрмэг ордог төдийгүй дамаскийн сарнай цэцгийн тос агуулагддаг онцлогтой. Энэ арьс арчилгаа нь 11 жилийн өмнө алдартнуудыг "Оскар"-т бэлтгэх зорилгоор тусгайлан бүтээгдэж байсан юм.

Сугандаа ботокс хийх

Гоо сайхны мэргэжилтнүүд хөлс хэт их ялгардаг хүмүүст сугандаа ботокс хийхийг зөвлөдөг. Ботокс нь мэдрэлийн судаснуудаас хөлсний булчирхайнууд руу дамждаг импульсүүдийг блок хийдэг юм. Арга хэмжээнээс долоо хоногийн өмнө алдартнууд сугандаа ботокс хийлгэж, даашинз дээр ямар нэгэн толбо үүсэхээс урьдчилан сэргийлдэг билээ.

Thighlighting

Энэ процедур нь яг одоо Холливүүдэд маш алдартай болоод байгаа. Уг процедурт гуяны өөхийг сорох, арьсыг чангалах, хэлбэрийг нь засах, суулгац хийх гэх мэт мэс ажилбарууд хамрагдана. Богино даашинз өмсөхийн тулд алдартнууд нарийхан шагай, чанга арьстай өвдөг, гоолиг шилбэтэй байхыг зорьдог. Thighlighting гэдэг нь хүссэн үр дүнгээсээ хамааран нэг эсвэл нэлээд хэдэн процедурт хамрагдахыг хэлнэ. Харин процедурын дараах нөхөн сэргээлтийн үе нь ойролцоогоор хоёр долоо хоног байдаг байна.

"Бие организмыг шинэчлэх" хоолны дэглэм

Нийт 15 хоногийн энэхүү хоолны дэглэмийг алдартнуудын фитнесс дасгалжуулагч Харли Пастернак сэдсэн юм. Дэглэмийн дагуу эхний таван өдөр зөвхөн смүүти уух ёстой. Өглөөний цайндаа цагаан өнгөтэйг, өдрийн цайндаа улааныг, оройн зоогондоо ногооныг. Харин дараагийн таван хоног ижил дэглэм барих атлаа, нэг смүүтиг бүрэн хэмжээний зоогоор орлуулах учиртай. Эцэст нь сүүлийн таван өдөр нь бас нэг смүүтиг хоолоор орлуулна. Мөн үүний хажуугаар Харли нийт 15 хоногийн хугацаанд 10 000 - 15 000 алхам хийсэн байхыг зөвлөдөг байна.

Шээс хөөх бүтээгдэхүүнүүд


Арга хэмжээнээс хэд хоногийн өмнө алдартнууд бие организм дахь илүүдэл шингэнийг гадагшлуулах үүднээс давстай ваннд орж, шээс хөөх бүтээгдэхүүнүүд хэрэглэж эхэлдэг. Тухайлбал Женнифер Лоуренс стресс тайлах зориулалттай алтан товч цэцгийн найрлагатай цай, мөн шээс хөөх үйлчилгээтэй багваахай цэцгийн хандтай цай уух дуртай аж.

Нурууны өөх сорох мэс ажилбар

Суганы ар бөгөөд хажуу хэсгийн нурууны махыг дасгалын тусламжтайгаар чангалахад нэлээд хүндрэлтэй байдаг. Энэ нь нуруу хэсгээрээ онгорхой эсвэл нарийн мөртэй даашинз өмсөхөд анзаарагддаг тул алдартнууд нурууны өөх сорох мэс ажилбарыг сонгодог юм. Уг мэс ажилбар нь хөнгөн төрөлдөө хамрагддаг бөгөөд арьс сарын дараа нөхөн сэргэж, зургаан сарын дараа бүрэн үр дүнгээ өгдөг байна.

Микронидлинг

Микронидлинг процедур нь ямар нэгэн зүсэлт шаарддаггүй тул нөхөн сэргэх хугацаа нь маш богино байдаг. Тус процедурыг жижиг зүүнүүдээр бүрхэгдсэн роллерын тусламжтайгаар хийдэг бөгөөд гол зорилго нь арьсанд их хэмжээгээр, хурдан аргаар шаардлагатай эд, эсүүдийг хүргэхэд оршино. Нэг процедурын дараа л гэхэд арьсны өнгө сэргэж, илүү эрүүл харагдаж эхэлнэ.

Buro.Mongolia

2018-03-19, 12:00