Хуурай шампунийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ

Хуурай шампунийн төрлүүд, онцлог ба зөв хэрэглэх зааварчилга

Хуурай шампунийн найрлагад юу ордог вэ?

Хуурай шампунь бол маш тэнцвэржсэн бүтэцтэй бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүний найрлагад шингээгч, тос, үсийг арчлах зориулалттай тусгай орц ба заримдаа бүр үс хэлбэржүүлэх үйлчилгээтэй хольц багтдаг. Бас нэгэн зүйлийг онцлон хэлэхэд хуурай шампунийн найрлагад мөн маш их хэмжээний шахсан агаар ордог тул энэ нь үсийг хөвсийлгөхөд тусалдаг" хэмээн Ru-Beauty сургалтын төвийн мэргэжилтэн Наталья Артамонова ярилаа.

"Найрлага дахь шингээгч орцын үүргийг ихэнх тохиолдолд тээрэмдсэн үр тариа, цагаан будаа, улаан буудай, эрдэнэ шиш ба овьёос гүйцэтгэдэг" гэж «Брарус-косметикс» компанийн технологич Екатерина Трофимова нэмж хэллээ.

Харамсалтай нь энэ нь хуурай шампунийн найрлага бүхэлдээ аюулгүй гэсэн үг биш юм. Наталья Артамоновагийн анхааруулснаар хуурай шампуньд ашиглагддаг тальк нь хуйхны нүхийг бөглөж, бохирдуулах сөрөг нөлөө үзүүлдэг аж.

Хэрхэн өөрт тохирсон хуурай шампунь сонгох вэ?

Хуурай шампунь нь бүх төрлийн үсэнд тохирдог. Түүгээр ч барахгүй орчин үеийн зах зээл дээр үсний эрүүл мэндийг дэмжих эсвэл хэлбэржүүлэх гээд маш олон төрлийн хуурай шампунь борлуулагдаж байна.

"Үнэртүүлэгчтэй эсвэл огт үнэргүй, үсийг гялалзсан эсвэл хөвсгөр болгодог, жижиг эсвэл том хэмжээтэй гээд төрөл бүрийн хуурай шампуниуд бий. Зарим нь хэрэглэсний дараагаар үсэн дээр цагаан ор үлдээдэг тул бараан өнгийн үстэй бүсгүйчүүд бараан үсэнд зориулагдсан тусгай шампунь сонгох нь зүйтэй. Үс хөвсгөр болгох үйлчилгээтэй хуурай шампуниуд заримдаа үсийг ширүүн болгох хандлагатай байдаг тул ийм төрлийн шампунийг гэмтсэн, нарийн ширхэгтэй үстэй бүсгүйчүүд хэрэглэж болохгүйг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн найрлагадаа үс уналтын эсрэг тусгай орц агуулдаг эмчилгээний хуурай шампуниуд байдаг. Үс халзралтын асуудалтай тулгарсан хүмүүс уг төрлийн шампуниас туршаад үзээрэй" хэмээн Екатерина Трофимова тайлбарлалаа.

Хуурай шампунийг хэрхэн зөв хэрэглэх вэ?


Хамгийн гол нь хуурай шампунь гэдэг нь зөвхөн гарцаагүй байдалд орсон нөхцөлд хэрэглэх зориулалттай бүтээгдэхүүн гэдгийг ойлгох хэрэгтэй. "Хуурай үсийг хоёр хэсэг болгон хуваан шампунийг үсний уг хэсэгт түрхэнэ. Ийм янзаар толгойн бүх хэсгийг бүрхэх хэрэгтэй. Үүний дараагаар үсээ самнан бүтээгдэхүүнийг нэгэн жигд тараагаад өгөөрэй. Үсээ хөвсгөр болгохыг хүсвэл шампунийг түрхсэний дараа хуруугаараа үсээ хөвсийлгөн хэлбэржүүлэгч лак түрхэж болно. Харин бүр илүү загварлаг бөгөөд хөвсгөр үстэй болохын тулд шампунийг үснийхээ уртаар нь бүхэлд нь түрхээрэй" хэмээн Davines төвийн стилист, мэргэжилтэн Анастас Метакса зөвлөж байна.

"Хуурай шампунь нь зөвхөн үсэнд үйлчилгээ үзүүлж, зөвхөн үсийг цэвэрлэдэг гэдгийг сайн ойлгож аваарай. Гэтэл бохирдол ялгаруулдаг гол хэсэг бол бидний хуйх юм шүү дээ. Ийм ч учраас хуурай шампунь хэрэглэснээр бид бохирдлыг цэвэрлэдэггүй. Олон давтамжтай хэрэглэсний дараагаар таны хуйх эхэндээ загатнаж, цочролд орох магадлалтай бөгөөд аажмаар хуйхны нүхнүүд бөглөрөх болно. Тиймээс хуурай шампунийг долоо хоногт хамгийн ихдээ нэгээс хоёр удаа хэрэглэхийг л зөвлөх байна" гэж «Брарус-косметикс» төвийн технологич ярилаа.

Buro.Mongolia

2017-06-20, 18:00