Контур зур, ногоон тениэр буд, шигтгээ наа. Гэхдээ доод зовхин дээрээ.

Туршиж үзэх шинэ тренд

Сүүлийн жилүүдэд гоо сайхны салбарт шинэлэг аргачлал, этгээд техникүүд ихээр нэвтэрч, мэргэжлийн нүүр будалтын артистууд, гоо сайхны блогерууд төрөл бүрийн будалтууд танилцуулан бид бүхнийг гайхшруулсаар байна. Тэгвэл тэд бас нэгэн сонирхолтой аргачлалыг хэрэгжүүлээд эхэлсэн нь доод зовхины будалт юм. Ингэснээр будалт хийхдээ зөвхөн дээд зовхин дээр бүх анхаарлаа чиглүүлдэг байсан бидний уламжлалт хэв маяг эвдэгдэж байна.

Доод зовхи будах аргачлал нь хавар-зун 2022 загварын долоо хоногийн үндсэн чиг хандлагуудын нэг байв. Del Core брэндийн загварын шоун дээр ногоон, цэнхэр өнгөтэй доод зовхины будалтыг (эдгээр өнгөнүүд нь Versace брэндийн хавар-зун 2022 шоунаас улбаалан эргээд моданд орсон) танилцуулсан билээ. Уг будалтыг гүйцэтгэхдээ цэнхэр, ногоон өнгөнүүдийг хооронд нь уусгаж, нойтон эффекттэй үсний засалттай хослуулснаар орчин үеийн “лусын дагинын” төрхийг бүрдүүлсэн байлаа.

Уг чиг хандлага нь зөвхөн тениэр хязгаарлагдахгүйг Simone Rocha загварын ордны хавар-зун 2022 цуглуулгын танилцуулгаас харж болно. Брэндийн нүүр хувиргагчид цэнхэр, улаан, хөх өнгийн контур ашиглажээ. Харин Daniela Gregis нэг ч биш, хоёр ч биш, бүр гурван давхар зураастай нүдний будалтыг танилцуулсан билээ. Тиймээс та энэхүү будалтыг туршиж үзэхдээ гол нь бүтээлч байдлаар хандах хэрэгтэй юм. Харин илүү баярын уур амьсгалтай будалтын санааг Etro-ийн хавар-зун 2022 шоунаас аваарай.

Del Core хавар-зун 2022
Simone Rocha хавар-зун 2022
Daniela Gregis хавар-зун 2022
Etro хавар-зун 2022

Buro.Mongolia

2022-01-06, 16:43