Мөн ямар нөхцөлд мэс засал хийхээс өөр сонголтгүй байдаг вэ
Филлер, ботокс ба липолитикийн тарилга, утас татах процедур зэрэг мэс заслын бус аргуудын тусламжтайгаар хамрын хэлбэрийг засах боломжтой. Хамрын нурууг нарийсгахаас эхлээд үзүүрийг нь өргөх гээд маш олон төрлийн засвар хийж болдог байгаа. Энэ бүгдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг мэс засалчид болон арьс ба гоо сайхны эмч нараас тодрууллаа.
Филлерийн тарилга бол хамгийн универсал арга
Хамрын хэлбэр өөрчлөх мэс заслын бус аргачлал нь багахан хэмжээний дутагдлыг засахад зориулагдсан байдаг. "Хамрын тэгш бус хэлбэр, хонхойж, хазайж, товойсон хэсгүүд, монхор хамар зэргийг засах боломжтой. Мөн мэс заслын үр дүнд үүссэн дутагдлуудыг ч засаж болдог" хэмээн Aging Control эмнэлгийн арьсны эмч Алина Колупаева ярилаа.
"Тарилга нь хамрын ерөнхий хэлбэрийг нарийсгаж, өргөсгөхөөс гадна нурууны хэсгийн өргөнийг өөрчилж, өндөрсгөж, хамрын нүхнүүдийн хоорондох хэсгийн хэлбэрийг өөрчилж, үзүүрийг нь өргөх чадвартай. Үл ялиг монхор хамартай хүмүүст тарилгын арга нэн тохиромжтой. Энэ нөхцөлд тарилгыг асуудалтай хэсгийн дээр болон доор хийж, ерөнхий хэлбэрийг нь тэгш болгож өгдөг. Мөн филлерийн ачаар хазайсан хамрыг өөгүй тэгш болгох боломжтой" гэж мэс заслын эмч Андрей Выговский тайлбарлалаа.
Монхойсон хэсгийг арилгах боломжгүй. Филлерээр зөвхөн шаардлагатай хэсгүүдэд нэмэлт эзлэхүүн бий болгож, хамрыг өндөрлөх байдлаар тэгшлэх боломжтой юм. "Багахан хэмжээнд монхойсон хамрыг ойр орчмын хонхойсон хэсгийг дүүргэснээр тэгшилж болно. Харин хүнд хэмжээний монхор хамрыг мэс заслын бус аргаар засах боломжгүй" хэмээн Премиум эстетикс эмнэлгийн арьс ба гоо сайхны эмч Анастасия Шарова хэллээ.
Тарилга хийлгэсэн нөхцөлд үр дүн нь жил хүртэлх эсвэл заримдаа үүнээс илүү удаан хугацаанд хадгалагддаг. "Тарилгын аргачлалд наалдамхай чанартай гиалуроны хүчил агуулсан филлер ашигладаг бөгөөд багахан хэмжээний тэгш бус байдлыг засахад зориулагдсан юм. Филлерийг зүү эсвэл хөндий зүү ашиглан хамрын үзүүр эсвэл нуруу хэсэг рүү тарьдаг байгаа" гэж Алина Копулаева ярьж байна.
Процедурыг эхлэхээс өмнө өвчин намдаагч тос түрхдэг ч, таагүй мэдрэмж төрж, нүднээс нулимс гарах нь хэвийн үзэгдэл юм. Хамрын хэсэг дахь цусны эргэлтийн тогтолцоо маш нарийн байдаг тул некроз, ишемия, хэвийн бус хаван гэх зэрэг хүндрэл үүсэхээс сэргийлэх үүднээс судалгаа сайтар хийж, аль болох өндөр түвшний мэргэжлийн эмч сонгоорой.
Нүүрний хөдөлгөөн ихтэй хүмүүст ботоксын тарилга хийж болно
Хэрвээ ярьж байх үед хамар хөдөлж, хэлбэрээ өөрчилдөг бол энэ асуудлыг ботоксын тарилгын тусламжтайгаар шийдвэрлэж болох юм. "Би үзлэг хийхдээ өвчтөнийг түргэн хэллэг хэлэхийг хүсэж, энэ явцад хамрын үзүүр хөдөлж байгаа эсэхийг анзаардаг. Хэрвээ хөдөлж байвал ботоксын тусламжтай үзүүрийн хөдөлгөөнийг тэнцвэржүүлж, үүний зэрэгцээ үзүүрийг өргөж болно. Ботулины эмчилгээ нь мөн хамрын нүх хэтэрхий их хөдөлдөг нөхцөлд хийгддэг. Гэхдээ гүнзгий амьсгал авах үед хамрын нүхнүүд хаагддаг тохиолдолд ийм төрлийн процедур хийлгэж болохгүй" гэж Анастасия Шарова тайлбарлалаа.
"Ботулины эмчилгээг ихэвчлэн хамрын орчимд үрчлээс үүсэхээс сэргийлэх үүднээс нүүрний хөдөлгөөнийг хязгаарлах зориулалттайгаар хийдэг. Ботоксыг мөн хамрын суурь хэсэгт, нүүр хөдлөх үед хамрын үзүүр унжихаас сэргийлэх үүднээс хийж болно. Гэхдээ үр дүн богино хугацаатай байдгийг санах хэрэгтэй" хэмээн Кирилл Назоев нэмж хэллээ.
Том хамарт липолитикийн тарилга тохиромжтой
Хамрын хэтэрхий өргөн, бөөрөнхий хэлбэртэй үзүүрийг мэс заслын бус аргаар засварлах боломжгүй байдаг. Гэхдээ бүхэлдээ том харагддаг хамрыг липолитикийн тарилгын аргаар багахан хэмжээнд жижгэрүүлж болно. "Липолитикууд нь арьсан доорх өөхийг багасгаж, хаван буулгаж, эсийн хоорондох илүүдэл шингэнийг хөөж, нөхөн сэргэх процессыг дэмжиж өгдөг. Липолитикийн тарилгыг ихэвчлэн хамрын үзүүрийг нарийсгаж, хэмжээг нь үл ялиг жижгэрүүлэх зорилгоор хийдэг байгаа" гэж Алина Колупаева тайлбарлаж байна.
Утас татах процедурыг маш ховор тохиолдолд хийдэг
"Утас татах аргаар хамрын уртыг бага зэрэг богиносгож, үл ялиг тэгшлэх боломжтой. Гэхдээ хамрын орчимд утас татах процедурыг хийлгэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Эс тэгвээс үрэвслийн гаралтай хүндрэл үүсэх өндөр магадлалтай юм" гэж Aging Control эмнэлгийн гоо сайханч хэллээ.
"Утасны тусламжтай хамрын үзүүрийг бага зэрэг өргөсгөхийн зэрэгцээ хамрын дотоод клапаныг өргөсгөснөөр хамрын амьсгалыг сэргээх боломжтой" хэмээн мэс засалч Андрей Вытовский нэмж онцоллоо.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт