Таны арьсанд аюул учруулж болзошгүй 5 домог: SPF, мицеляр ус ба ботоксын тухай

Мэргэжилтнүүд зөвлөж байна

Гоо сайхны мэргэжилтнүүд олны дунд тархсан түгээмэл домгуудыг тодотгож, тэдгээр нь арьсанд ямар сөрөг нөлөө үзүүлдгийг ярилаа

Шүдний оо батга эмчилдэг

Шүдний оог асуудалтай арьсанд маск хэлбэрээр эсвэл өрөвссөн батга дээр хэсэгчлэн түрхэхийг зарим хүмүүс зөвлөдөг. Гэхдээ энэ нь ердөө л ард иргэд дунд тархсан гоо сайхны хамгийн том төөрөгдлүүдийн нэг юм.

"Энэ аргачлал нь зөвхөн түр хугацааны л үр дүн үзүүлнэ. Шүдний ооны найрлагад ордог өнгөц идэвхтэй бодисууд арьсыг хуурайшуулж, харин бактерийн эсрэг орцууд улайлтыг багасгадаг. Анхандаа шүдний оо доторх өнгөц идэвхтэй бодисууд арьсан дээрх аливаа үрэвслийг хатааж буй мэт сэтгэгдэл төрүүлэх ч, үнэн хэрэгтээ тэдгээр нь арьсанд маш ширүүн нөлөө үзүүлж, арьсны чийг ба липидээс бүрдсэн давхаргыг үгүй хийдэг байна. Асуудалтай арьстай хүмүүс шүдний оо хэрэглэвэл бүүр ч том асуудлуудтай тулгарах болно. Тодруулбал тэдний арьс цочирдож, арьсан дээрх үрэвслүүдийн тоо улам бүр нэмэгдэнэ. Түүнээс гадна шүдний ооны найрлагад арьсанд хэрэглэхэд зориулагдаагүй маш хүчтэй орцууд ордог. Энэ найрлага нь арьсыг маш ихээр цочирдуулах болно" хэмээн Natura Siberica төвийн удирдагч Анастасия Маленкина тайлбарлаж байна.

"Зарим шүдний оо дотор бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг триклозан гэх орц бий. Шүдний ооны тухай гайхамшигт домгууд ихэвчлэн энэ орцтой хамааралтай байдаг. Гэхдээ шүдний орны найрлагад үүнээс гадна өөр олон орц байдгийг санах хэрэгтэй. Тодруулбал лаурил сульфат гэх зэргийн хүчтэй орцууд арьсыг цочирдуулаад зогсолгүй бүр химийн гаралтай түлэгдэл үүсгэх магадлалтай. Шүдний оог бүхэл нүүрэндээ түрхсэн тохиолдолд арьсны гаднах давхарга хуурайшиж, арьс таталдах мэдрэмж төрдөг бөгөөд тун удалгүй арьс маш их хэмжээний тос ялгаруулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь хүсэн хүлээсэн үр дүнгээс тэс ондоо, эсрэг үйлчилгээ үзүүлдэг хуурамч аргачлал юм" хэмээн Egia Biocare System төвийн эмч ба гоо сайхны мэргэжилтэн Наталья Егоренкова нэмж хэллээ.

Мицеляр усыг зайлах шаардлагагүй

Мицеляр ус гэдэг нь арьсан дээрх косметик бүтээгдэхүүн ба бохирдлыг зөөлөн уусгаж, цэвэрлэдэг бүтээгдэхүүн юм. Ихэнх мицеляр усны шошго дээр "Зайлах шаардлагагүй" гэх бичиг байдаг ч, мэргэжилтнүүд уг заалтыг үгүйсгэж байна.

"Мицеляр ус нь арьсыг урьдчилан бэлдэж, хөнгөн цэвэрлэдэг бөгөөд үүний дараа гүн цэвэрлэгээ хийх зайлшгүй шаардлагатай юм. Гүн цэвэрлэгээ хийхдээ сүүн шингэн, гель эсвэл хөөсөн бүтээгдэхүүн хэрэглэж, эцэст нь энэ бүгдийгээ мэдээж хэрэг усаар зайлах хэрэгтэй" хэмээн Buro Beauty салоны гоо сайхны мэргэжилтэн Елена Харыбина ярилаа.

"Хэрвээ мицеляр усны найрлагад арьсны чийг ба липидийн тэнцвэрийг алдагдуулах хөөсөрдөг орц ороогүй бол зайлах шаардлага байхгүй" гэж Weleda салоны мэргэжилтэн Марина Верещетина хэлж байна.

"Мицеляр усыг зайлах хэрэгтэй эсэхийг бүтээгдэхүүний найрлага шийднэ. Орчин үеийн зах зээл дээрх ихэнх мицелляр ус хэмээн нэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд найрлагадаа мицелла гэх бичил молекулуудаас гадна өнгөц идэвхтэй бодисууд, үнэртүүлэгч, будаг гэх зэрэг арьсанд ширүүн нөлөө үзүүлдэг орц агуулдаг. Тиймээс хэрвээ та хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ найрлагад итгэлгүй байгаа бол юуны магад усаар зайлсан нь дээр юм шүү" хэмээн мэргэжилтэн Наталья Токмакова зөвлөлөө.

SPF нарны хамгаалалттай бүтээгдэхүүнийг цаг агаараас үл хамааран өдөр бүр хэрэглэх хэрэгтэй

"SPF-тэй бүтээгдэхүүнүүд дотроо физик ба химийн гаралтай шүүлтүүр агуулдаг. Харин эдгээр нь арьсанд тийм ч сайн нөлөөтэй биш юм. Тиймээс шаардлагагүй үед арьсаа нэмэлт бодисуудаар ачаалласны хэрэггүй. SPF нарны хамгаалалттай бүтээгдэхүүнүүдийг хурц нартай өдрүүдэд, далайн эрэг эсвэл уулан дээр амарч байх үедээ, мөн арьс гэмтээдэг гоо сайхны процедурт орсныхоо дараа хэрэглэх шаардлагатай. Харин бусад үед арьсаа амрааж болно шүү" гэж Елена Харыбина ярьж байна.

"Гоо сайхны мэргэжилтнүүд юуны түрүүнд нарны хорт туяаны хэмжээг хардаг. Энэ мэдээллийг та ухаалаг утсанд зориулсан апп эсвэл интернетээс маш хялбархан олох боломжтой. Хэрвээ нарны хорт туяаны индекс хоёроос бага байвал SPF-тэй бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй гэсэн үг. Индекс дөрвөөс бага байвал ямар нэгэн хамгаалалт хэрэглэлгүйгээр нарны туяанд 30 минут гарч бодно. Хэрвээ нарны хорт туяаны хэмжээ дөрвөөс зургаагийн хоронд байвал 20 ба түүнээс дээш SPF-тэй бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай. Харин хэрвээ индекс зургаагаас дээш байвал гэрээс гарахдаа, цонхны дэргэд суухдаа заавал өндөр SPF-тэй хамгаалалт хэрэглэх заалттай байдаг" хэмээн Наталья Егоренкова тайлбарлалаа.

"Үүнд мөн тухайн хүний арьсны шинж чанар чухал үүрэг гүйцэтгэнэ. Нэг ба хоёрдугаар бүлгийн арьсны шинж чанартай хүмүүс далайн эрэг рүү амрахаар явахдаа SPF 30-35 гэх өндөр хамгаалалттай бүтээгдэхүүнийг хоёр цаг тутам шинэчлэн, тогтмол хэрэглэх шаардлагатай. Харин бага зэрэг бор арьстай хүмүүс нартай өдөр цонхны дэргэд оффист суухдаа хамгаалалт огтхон ч хэрэглэхгүй байж болох юм" гэж Марина Верещетина хэллээ.

Олон төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсанд сайн

Ванны өрөөнд өрөгдсөн олон тооны, төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд бол ердөө л сайн маркетингийн үр дүн юм. Гэхдээ мэдэж хэрэг тодорхой бүтээгдэхүүнүүд арьсанд зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс мэргэжилтнүүд алтан дунджийг олохыг зөвлөж байна.

"Тод илэрсэн асуудалгүй хэвийн арьсанд өдөр тутмын нүүр цэвэрлэгч, тоник ба чийгшүүлэгч байхад л хангалттай. Ерөнхийдөө гурван шат дараалал бүхий арьс арчилгааны систем эртнээс өнөөдрийг хүртэл хамгийн сонгодог шийдлээр нэрлэгдэж ирсэн нь оргүй хоосон зүйл биш юм. Мэдээж хэрэг уг системийг баримтлахдаа арьсандаа тохирсон, зөв бүтээгдэхүүн сонгох нь нэн чухал. Түүнээс гадна долоо хоногт нэгээс хоёр удаа арьсаа нэмэлт арчилгаагаар ‘эрхлүүлж' болно. Тухайлбал тослог арьстай хүмүүс детокс эффекттэй маск, хүчилтэй пилинг ба байгалийн жижиг хэсгүүдтэй скраб хэрэглэж болно. Харин хөгшрөлтийн үйл явц явагдсан ба хуурай арьстай хүмүүс байгалийн тосон дээр суурилсан тэжээлийн маск ба зөөлөн пилинг үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглээрэй" гэж Анастасия Маленкина зөвлөж байна.

"Хэтэрхий олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь арьс арчилгааны бүтцийг замбараагүй болгож, харшил болон бусад гэнэтийн үр дүн үүсэхэд нөлөөлдөг. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд хоорондоо зохицдоггүй орцууд гэж бий. Түүнчлэн зарим бүтээгдэхүүнүүдийг курсээр нь хэрэглэх шаардлагатай байдаг бол зарим нь хормын зуур үр нөлөөгөө үзүүлдэг. Тиймээс эдгээр нь хоорондоо зөрчилдөх өндөр магадлалтай юм" хэмээн Weleda-гийн мэргэжилтэн тайлбарлаж байна.

Гиалуроны хүчил ба ботоксыг аль болох залуу насандаа тариулбал илүү үр дүнтэй

"Гиалуроны хүчлийг зөвхөн арьсан дахь чийг ба липидийн тэнцвэрийг барих, бодисын солилцоог сайжруулах, арьсан дахь чийгшлийн нөөцийг сэргээх зорилгоор хийдэг. Хэрвээ тухайн хүний нас залуу бөгөөд бие организм нь коллаген ба эластиныг бие даан үйлдвэрлэдэг хэвээр бол нэмэлт тарилга хийх огтхон ч шаардлагагүй юм. Харин арьс мэдэгдэхүйц хуурайшсан, өнгөө алдсан бол тухайн хүний наснаас үл хамааран тарилга хийж, арьсны гүнд орших чийгшлийн нөөцийг сэргээх хэрэгтэй байдаг. Гиалуроны хүчлийн нөхцөлд гоо сайхны эмч нас биш харин арьсны нөхцөл байдлаас хамаарч, тухайн хүнд уг процедурыг хийх эсэхээ шийддэг. Нүүрний тэгш бус хэм, арьсны гүн дэх чийгшлийн дутагдал болон бусад ийм зэргийн асуудалтай хүмүүс наснаасаа үл хамааран уг үйлчилгээг хийлгэх боломжтой. Гэхдээ аливаа тарилгын хэмжээ ба давтамжийг хэтрүүлсэн тохиолдолд хүний нүүрний хэлбэр өөрчлөгдөж, нүүр хавагнадаг гэдгийг анхааралдаа заавал аваарай!" гэж Beauty Corner салоны эмч Виктория Кокорева анхааруулж байна.

"Гиалуроны хүчлийг зөвхөн эмчийн заалтын дагуу арьсандаа тариулах хэрэгтэй. Бидний арьс өөрөө бие даан уг хүчлийг үйлдвэрлэх чадвартай байдаг тул энэ байгалийн процессыг аль болох сунгах шаардлагатай юм. Нас ахихын хэрээр бидний арьсны гадаргуу нимгэрч, дотроосоо тэжээлийн дутагдалд орж эхэлдэг. Хэрвээ арьс тань удаан хугацаанд өнгөө алдаж, хуурайшсан байдалтай байгаагүй бол, мөн хэрвээ танд насны улмаас үүссэн асуудал байхгүй бол гиалуроны хүчлээс аль болох татгалзах нь зүйтэй. Харин ботоксыг нүүрний маш идэвхтэй хөдөлгөөнтэй, хөдөлгөөний улмаас тодорхой хэсгүүдээрээ үрчлээстэй болох магадлалтай залуу хүмүүс тариулж болох юм" хэмээн Buro Beauty салоны мэргэжилтэн тайлбарлалаа.

Buro.Mongolia

2017-07-28, 13:00