Жингээ хэрхэн хурдан хасах вэ: Сүүлийн мөчийн дөрвөн арга

Амаргүй атлаа үр дүнтэй аргууд

Илүүдэл жингээ богино хугацаанд хаяхын тулд хоолны дэглэмдээ ямар өөрчлөлт оруулж, хэр их дасгал хийж, ямар гоо сайхны процедурт хамрагдах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөлөө

Фитнесс

Жингээ хасахыг хүсч буй хүн бүр комплекс хөтөлбөр баримтлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулахаас гадна, мөн дасгал хийж, өөхөн массаа хасч, булчингийн массаа нэмэгдүүлэх шаардлагатай. Оросын World Class сүлжээ фитнесс клубын захирал Илья Алехин сарын хугацаанд 2-4 кг хасах бүрэн боломжтойг бидэнд тайлбарлаж өглөө.

Баярын өдрүүд эхэлсэн энэ үед жингээ яаралтай хасах шаардлагатай байвал Ильягийн зөвлөснөөр долоо хоногт 4-5 удаа фитнесс зааланд хичээллээрэй. "Энэ тохиолдолд булчингийн үйл ажиллагааны болон аэробикийн дасгалуудыг хослуулж , өдөрт 60-90 минут үргэлжлэх дасгал хийх нь хамгийн үр дүнтэй байх болно. Дасгалуудаа биеийн бүх булчинд нөлөөлөх мөчлөгт схемийн дагуу хийж, дундуур нь кардио төхөөрөмж эсвэл дээс гэх зэрэг аэробикийн хөдөлгөөнүүд оруулахыг зөвлөх байна. Аэробикийн хөдөлгөөнүүдийг доод бүсийн болон гол тогтворжуулагч булчингуудыг чиглэсэн дасгалуудтай ээлжлэн хийвэл илүү үр дүнтэй байх болно. Үүнд явган суулт, хайчин суулт, хазайлт, суниалт, үндсэн таталт, планк гэх зэрэг биеийн болон үйл ажиллагааны төхөөрөмжийн туслалцаатай дасгалууд хамрагдана. Мөчлөгт схемийн дагуу хийгддэг дасгалын хөтөлбөрт ихэвчлэн 6-10 төрлийн дасгал багтдаг бөгөөд дасгал бүрийг 30-60 секундын хугацаатайгаар хийх заалттай байдаг. Ийм мөчлөгийг хоёр давтах хэрэгтэй" хэмээн Илья зөвлөж байна. Тэр мөн энэхүү дасгалын хөтөлбөрийг зөвхөн зөв хоолны дэглэмтэй хослуулсан цагт л бодит үр дүн гарахыг нэмж хэлсэн юм.



Хоолны дэглэм

Оросын Elementaree компанийн хоол тэжээлийн мэргэжилтэн Анна Ивашкевич дасгалын хажуугаар мөн хоолны дэглэмдээ онцгой анхаарал хандуулахыг зөвлөж байна. "Нэгдүгээрт таны нэг өдрийн хоолны дэглэм 5-6 хоолноос бүрдэж байх хэрэгтэй. Үүнд өглөөний хоол, хөнгөн зууш, өдрийн хоол, хоёр дах хөнгөн зууш, оройн хоол ба гурав дах хөнгөн зууш хамрагдаж байгаа юм. Хоёрдугаарт таны юм идэж болох хамгийн сүүлийн хугацаа унтахаас тань өмнө 1-1 цаг 30 минутын өмнө байх ёстой. Хэрвээ хүнд төрлийн оройн хоол идэх гэж байгаа бол хоолоо унтахаасаа 2-3 цагийн өмнө нь идээрэй. Гуравдугаарт шинэ жилийн баярт зориулан яаралтай жингээ хасах гэж байгаа бол хоолны дэглэмээсээ илжгэн чих, усан үзэм, гадил, тарвас, манго, амтат гуа ба хатаасан жимсийг хасах хэрэгтэй. Эдгээр нь таны санаснаас ч илүү өндөр илчлэгтэй юм. Дөрөвдүгээрт өдрийн турш маш их хэмжээний ус уух хэрэгтэй. Тодруулбал өөрийн жингийн нэг кг бүрд 35-40 мл ус уугаарай" хэмээн Анна ярьлаа.

«Королевский рацион» компанийн удирдагч, хоол тэжээлийн мэргэжилтэн, АУ-ны доктор Маргарита Королева хоолны дэглэмээсээ юуны түрүүнд давсыг хасч, оронд нь амтлагч ба анхилуун ургамлуудыг ашиглахыг зөвлөж байна. Тэр мөн өндөр илчлэгтэй бүтээгдэхүүнүүд, цэвэршүүлсэн амттанууд, нөөшилсөн бүтээгдэхүүнүүд, утсан мах ба бяслагаас татгалзах хэрэгтэйг санууллаа. "Хэрэглэж буй хүнснийхээ калорийг тооцох шаардлагагүй ээ. Зүгээр л 2-2 цаг 30 минутын зайтайгаар хэсэгчилсэн хэмжээний хоол хүнс хэрэглэхэд хангалттай. Эмэгтэйчүүдийн нэг удаагийн хоолны хэмжээ 250 мл байх ёстой бол эрчүүдийнх 330 мл байхад  зохистой" хэмээн Маргарита зөвлөлөө.



Йог

Баярын өдрүүдэд зориулж жингээ хурдан хасах бас нэгэн үр дүнтэй арга бол йога юм. Be-Yoga студийн йогийн мэргэжилтэн, нөхөн сэргээх чиглэлийн эмч Мария Аркадьева «Сурья Намаскар» буюу «Нарны Мэндчилгээ» мөн «Чандра Намаскар» буюу «Сарны Мэндчилгээ» гэх сонгодог комплекс дасгалыг хийхийг зөвлөж байна. Йогоор хичээллэх үед хамгийн гол анхаарах зүйл бол зөв амьсгал болон зөв дарааллаар хийгдсэн позууд юм. Тогтмол хичээллэлтийн үр дүнд цусны эргэлт болон бодисын солилцоо сайжирч, үе мөчний уян хатан байдал нэмэгдэнэ. "Йогийн дасгалуудыг зөв амьсгалах техниктэй хослуулснаар бид бие организм дахь бүхий л үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Энэ үед хөнгөн маягийн детокс явагддаг юм. Биднийг хөлрөх үед организмоос хорт бодисууд гадагшилж, бодисын солилцоо эрчимжиж, үр дүнд нь илүүдэл жин хасагддаг" хэмээн Мария ярьлаа.

Дасгалуудын мөчлөгийг цээжилж, зөв амьсгалах урлагт суралцахын тулд йогийн хичээлд бүртгүүлэх эсвэл интернетээс мэргэжлийн түвшинд хийгдсэн бичлэг олж үзэх хэрэгтэй. «Нарны Мэндчилгээ»-г өглөө, харин «Сарны Мэндчилгээ»-г орой 4-12 удаа хийвэл үр дүнтэй байх болно.



Гоо сайхны процедур

Арванхоёрдугаар сард аливаа гоо сайхны салоны захиалга дүүрч, галбир өөрчилдөг, хурдан үйлчилгээтэй процедурууд хамгийн эрэлттэй байдаг. Тэдгээр процедуруудын нэг бол T-shock үйлчилгээ юм. "Процедурыг эхлэхээс өмнө үйлчлүүлэгчийн бие дээр T-shock гэх тусгай гель түрхэгдэж, хөнгөн маягийн массаж хийгддэг. Тэрхүү гелийн найрлагад өөхөн эсийг задлах үйлчилгээтэй, ойролцоогоор 30 төрлийн ургамал багтдаг. Дараагаар нь үйлчлүүлэгчийн биеийг давсны уусмалд дэвтээсэн бинтээр ороож, 40-60 минут байлгадаг" хэмээн арьс судлалын эмч Ольга Божок тайлбарлаж өглөө.

Давсны уусмалаар биеэ ороох энэхүү процедурыг стрессийн эсрэг масктай харьцуулж болно. Өөрөөр хэлбэл энэ нь организмын эд эсээс илүүдэл шингэн гадагшилж, ус ба давсны баланс тэнцвэржихэд тусалж, арьсыг илүү чанга болгодог. Мэдэгдэхүйц үр дүнд хүрэхийг хүсвэл Х өдрөөс өмнө хоёр удаа ийм зэргийн процедурт хамрагдахыг мэргэжилтэн зөвлөж байна.

Төгсгөлийн үг

Эрчимтэй жин хасах хөтөлбөр нь эрүүл амьдралын хэв маягтай огтхон ч нийцдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Жин хасах хамгийн үр дүнтэй ба эрүүл арга бол өөрийгөө өлсгөхгүйгээр тэнцвэржүүлсэн хоолны дэглэм баримталж, тогтмол дасгал хийх явдал юм. Гэхдээ энэ нь тодорхой хугацааны дараагаар бодит үр дүн авчирдаг, урт хугацааны турш баримтлах хэрэгтэй амьдралын хэв маяг юм. Тэгэхээр шинэ жилийн даашинздаа багтах зорилгоор бие организмоо гэнэтийн цочролд оруулахын оронд, долоо хоногтоо ядахдаа хоёр удаа сайклинг эсвэл өөр ямар нэгэн дасгал хийдэг найзуудтайгаа нэгдэж, урт хугацааны үр дүнд төвлөрөөрэй. Эрүүл мэнд таныг ямар ч богино юбканаас илүү сайхан харагдуулах болно.

Buro.Mongolia

2016-12-20, 14:00

  • Зураг: