Белла Хадидын хувийн нүүр хувиргагч нууц аргачлалуудаасаа хуваалцлаа

Алдартнуудын нүүр хувиргагч Винсент Окуэндо зөвлөж байна

Белла Хадид болон бусад Victoria's Secret-ийн сахиусан тэнгэрүүдийн нүүр будалтыг хариуцдаг мэргэжлийн нүүр хувиргагч Винсент Окуэндо W сэтгүүлтэй богино хэмжээний ярилцлага хийж, нүүр будалтанд ашигладаг хэд, хэдэн нууц аргачлалуудаасаа хуваалцжээ.

Нүүр будалт хийхийн өмнө арьсыг хэрхэн бэлтгэдэг тухайд


Алдартнуудын нүүр хувиргагч Винсент нүүр будалт хийхийн өмнө юуны түрүүнд нүүрэнд массаж хийдэг, зориулалтын хэрэгсэл ашиглан арьсны хаванг буулгаж, цусны эргэлтийг сайжруулж, нүүрний хэлбэрийг илүү тодотгож өгөхийг зорьдог гэнэ. Учир нь хүний нүүр өглөөдөө ихэвчлэн бага зэрэг хавагнасан байдаг тул тэрээр ийнхүү цусыг арьсны гадаргуу дээр "авчирж", арьсыг илүү "амьтай" харагдуулдаг гэнэ. Түүний хэлснээр ийм зэргийн массаж хийсний дараагаар арьсанд суурь крем эсвэл аливаа өөр гоо сайхны бүтээгдэхүүн түрхэхэд тэдгээр нь илүү сайн уусаж, гөлгөр бүрхүүл бий болгодог байна. Винсент мөн арьсанд гиалуроны хүчил агуулсан серум түрхэж, дараагаар нь өдөр тутамдаа хэрэглэдэг чийгшүүлэгч тос давхарлаж, эцэст нь косметик бүтээгдэхүүнүүдээ түрхэхийг зөвлөсөн юм.

Хүйтний улиралд ямар суурь крем тохиромжтой тухайд


Юуны өмнө Винсентын бодлоор хүйтний улирлын нүүр будалт хүнд ба зузаан байх албагүй гэнэ. Тэрээр хүйтэн өдрүүдэд тогтоц сайтай суурь кремийг чийгшүүлэгч тостой хольж, хөвсгөр багсаар арьсандаа зөөлөн түрхэхийг санал болгож байна. Ингэснээр арьс байгалиасаа эрүүл, гэрэлтсэн харагдах юм.

"Будаагүй мэт" будалт хийхдээ хүмүүс ямар алдаа гаргадаг тухайд

Будаагүй мэт төрх бүрдүүлэхийн тулд хүмүүс аль болох бага будаг хэрэглэх шаардлагатай гэж ойлгодог болов ч, энэ нь буруу гэдгийг Винсент онцолж байна. "No makeup" нүүр будалтад хамгийн гол нь бүтээгдэхүүнүүдийн тэнцвэрийг олох нь нэн чухал аж. Тухайлбал гялалзсан бүтээгдэхүүнийг матт будгаар тэнцвэржүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл матт тень түрхэж байгаа бол, нүднийхээ дотор буланг хайлайтераар тодруулж, мөн гялалзсан суурь крем тавьж байгаа бол илүү хуурай бүтэцтэй өө дарагч ашиглахыг тэрээр зөвлөжээ.

Арьсаа хэрхэн эрүүл бөгөөд гэрэлтсэн харагдуулах тухайд

Хэрвээ ямар нэгэн томоохон арга хэмжээнд орохоор зэхэж байгаа бол арга хэмжээнээс дор хаяж хоёр хоногийн өмнө арьсаа бэлдэж эхлэхийг Винсент зөвлөж байна. Нүүрэндээ маск тавьж, массаж хийж, гуужуулах нь тэрхүү дотроосоо гэрэлтсэн, байгалийн эрүүл арьсыг бий болгох аж. Тэрээр мөн уурын утагчинд 2-3 дусал байгалийн гаралтай тос хийж, арьсаа утах нь мэдэгдэхүйц нөлөө үзүүлдгийг онцолсон юм.

Эмэгтэй бүрийн өдөр тутмын цүнхэнд ямар косметикийн бүтээгдэхүүн байх учиртай тухайд

Винсентын хэлж буйгаар сайн чанарын сормуус дэрвийлгэгч, өө дарагч, хөмсөгний харандаа, нүдний харандаа ба хар өнгийн сормуусны будаг нь ямар ч нөхцөлд нүүрийг сэргээх чадвартай, чухал үед хэрэг болох, гол таван бүтээгдэхүүн аж.

Buro.Mongolia

2018-01-15, 18:00