Dior брэндийн гоо сайхны Glowing Gardens хаврын цуглуулга

Цэцэглэж буй бүсгүй

Улаан сарнайн тод өнгө, далайн салхины сэрүүн мэдрэмж, нахиагаа дэлгэж буй цэцэгсийн хүрээлэн зэрэг үзэсгэлэнт зүйлс Glowing Gardens цуглуулгад шингэжээ

Гоо сайхны бүтээлч захирал Питер Филипс шинэ цуглуулгадаа брэндийн үүсгэн байгуулагч Кристион Диорын Гранвил дах төрөлх нутгийн байгалийн гоо үзэсгэлэнг шингээжээ. Цуглуулгын Glowing Gardens гэх нэр хаврын улирлыг, тэр дундаа удаан нойрноосоо сэрж буй байгаль орчныг илтгэж байгаа юм. Үүний адил Dior-ын шинэ бүтээгдэхүүн бүр уруул, нүд, хацрыг тод өнгөөр будах болно.

Цагаан-ягаан ба алтлаг-хул гэсэн хоёр өнгөний сонголттой гарсан Diorskin Nude Air нунтаг пүдр нь арьсанд байгалийн гялбаа оруулах бол, Diorblush хацар өнгөлөгч нь таны төрхөд хаврын шинэ өнгө аяс нэмнэ. Харин торгомсог бүтэцтэй, хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдсэн Diorshow Fusion Mono тень нь сахиусан тэнгэрийн гялалзсан харц бүрдүүлнэ.

Dior Addict It Lash сормуусны будгийн хувьд сормуусанд тэжээл өгч, сувдан туяа ялгаруулна. Цуглуулгын хамгийн сонирхолтой бүтээгдэхүүнүүд бол Diorshow Colour & Contour нүдний харандаа ба 5 Couleurs тенийн иж бүрдэл юм. Эхнийх нь хоёр талтай харандаа бөгөөд нэг талдаа нүдний тень , харин нөгөө талдаа тогтоц сайтай харандаа агуулж байгаа. Хоёр дах 5 Couleurs тень нь анхаарал татам, гүн харц бий болгоход туслах олон өнгийн бүтэцтэй. Түүнчлэн брэндийн хамт олон таны уруулыг мартсангүй. Нягтаршил сайтай Rouge Dior уруулын будаг, Rouge Dior Baume уруулын тос мөн Rouge Brilliant өнгөлөгч нь таны уруулыг байнга инээмсэглэхэд хүргэнэ.

Түүнээс гадна Glowing Gardens цуглуулгад хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн багтсан. Уруулын чийглэгийн түвшинг мэдэрдэг, цайвар нил ягаан өнгөтэй Lip Glow тос хаврын хуурайшилтаас хамгаална. Үүн дээр нэмээд уруулыг нямбай хүрээлж, зөөлөн төрх бүрдүүлэх Dior Addict Lip Glow Liner гэх анхны уруул хүрээлэгч бий. Мөн Dior-ын энэхүү шинэ цуглуулгад дөрвөн төрлийн тод өнгөтэй Dior Vernis хумсны будаг оржээ. 

Ө.Тодгэрэл

2016-02-05, 08:00

  • Зураг: