“Тийм ээ, та нар намайг хамгийн сүүлд харснаас хойш би маш их өөрчлөгдсөн” хэмээн Saturday Night Live шоу нэвтрүүлгийн үеэр хошигноод авсан дуучин Адель өөрийн гадаад төрхийг хайрлах талаар болон тогтмол хийж буй дасгал, хөдөлгөөнийхөө тухай хуваалцжээ. Тэрээр 2017 оны Грэмми шагнал гардуулах ёслолоос эхлэн эрүүл амьдралын хэв маягийг мөрдөж эхэлсэн байна.
Аделийн хувийн дасгалжуулагч Пит Герасимо өөрийн Instagram хуудаснаа “Адель бусад хүмүүс өөртөө итгэлгүй болоосой гэсэндээ гадаад төрхөө өөрчлөөгүй. Тэр зөвхөн өөрийнхөө болон хүү Анжелогийнхаа төлөө энэхүү алхмыг хийсэн” хэмээн нийтэлсэн билээ. Мөн Пит “Бидний аяллын гол зорилго бол олон арван килограмм хаях биш юм. Бид зөвхөн эрүүл мэнддээ анхаарахыг зорьж байна. Ялангуяа, амаржсаны болон хагалгаанд орсны дараа биедээ анхаарах нэн шаардлагатай” гэж хэлсэн юм.
Пит Герасимогоос гадна дуучны хувийн фитнесс дасгалжуулагчаар Женнифер Лоуренс, Вог Уильямс нартай ажиллаж байсан туршлагатай Далтон Вонг ажиллажээ. Адель түүний удирдлага дор өндөр ачаалал бүхий дасгалуудыг гэрээр хийхээс гадна сунгалт сайжруулж, биеийн цөм хэсэг (core) буюу хэвлий, нурууны булчинг чангаруулдаг пилатизаар хичээллэж байна.
Өөрийгөө хайрлах тал дээр уран бүтээлч маань Гленнон Дойл Мелтоны зохиосон “Untamed: Stop Pleasing, Start Living” номыг уншихыг зөвлөжээ. Тэрээр энэхүү номыг уншсанаар маш их стресснээс ангижирч анх удаагаа өөрийн биедээ талархаж эхэлсэн байна. Мөн Адель “Хэрэв чи өөрийгөө бэлэн болсон гэж үзэх юм бол уг номыг уншаарай. Таны хараагүйг чинь харуулж, сонсоогүйг чинь хэлэх болно. Би номоо уншсаны дараа яг л өөрийн биедээ анхныхаа удаа орсон мэт эрч хүчийг мэдэрч, ямар ч саад бэрхшээлийг давахад бэлэн байсан” гэж Instagram-даа нийтэлсэн байна.
Адель хүнсэндээ маш их сахар хэрэглэдэг байснаа хуваалцсан юм. “Би өмнө нь өдөрт багадаа 2 ёотонтой 10 аяга цай уудаг байсан. Энэхүү зуршил нь жин нэмэгдүүлж, намайг эрч хүчгүй болгодог байж. Харин одоо хэт чихэрлэг цайнаасаа татгалзсанаар бие эрүүлжиж байна” гэж хэлжээ.
2017 оны Грэмми шагнал гардуулах ёслол дээр Аделийн өмссөн даашинзыг хүмүүс "Shrek" хүүхэлдэйн киноны Фионагийн дүртэй адилтгаж байсан юм. Харин уран бүтээлч хариуд нь “Мэдээж би том биетэй гэдгээ мэднэ. Хоолонд их дуртай. Гэхдээ би Грэммид өмссөн даашинздаа багтах гэж өдөрт дор хаяж хоёр удаа дасгал хийсэн. Намайг Фионатай адилхан гэсэн нь санааг минь үнэхээр зовоохгүй байна. Тэд хүссэнээ л яриг. Учир нь би маш их хичээсэн. Бас энэ чинь загвар шүү дээ. Givenchy ордны кутюр загвар!” хэмээн Metro сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт