Виктория Бэкхем Estée Lauder брэндтэй хамтарч гоо сайхны цуглуулга гаргана

Шинэ хамтын ажиллагаа

Estée Lauder-ын албан ёсны Instagram хуудсанд нэгэн шинэ хамтын ажиллагааны талаар мэдээлэл гарсан байна. Энэ удаад тус брэнд Виктория Бэкхемтай хамтрахаар шийджээ

Виктория Бэкхем өөрийн гэсэн хувцасны брэндтэй гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл одоо тэрээр өөрийн гэсэн гоо сайхны цуглуулгатай болох нь ээ. Estée Lauder брэндийн Instagram хуудаснаас харахад бид түүний цуглуулгыг энэ намар хүлээн авах боломжтой юм байна.

Энэ нь Викториягийн хувьд анхны бүрэн хэмжээний нүүр будалтын хэрэгслэлтэй цуглуулга болж байгаа юм. Тэрээр өмнө нь Nails Inc.-тэй хамтарч цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн хумсны будаг гаргасан билээ. "Би шинэ төсөлдөө үнэхээр их найдлага тавьж байгаа. Estée Lauder-ын архивт очихоос эхлээд багийн хамт олонтойгоо хийсэн уулзалт гээд бүх зүйлс үнэхээр урам зориг өгсөн үйл явдлаар дүүрэн байлаа. Энэ төсөл төгс хамтын ажиллагаа болж чадсан" хэмээн Виктория ярьжээ. Одоогийн байдлаар цуглуулгад нэр өгөөгүй байгаа аж. Гэхдээ ихэнх загварын хэвлэл мэдээллүүд бүх хүмүүст тохирох өнгөтэй, минималист савалгаатай, шинэлэг бүтэцтэй гайхалтай цуглуулга болно гэж зөгнөж байна. Estée Lauder брэндийн ерөнхийлөгч Жейн Хетцмарк Худис хэлэхдээ, "Виктория бизнес эрхлэгчийн хувьд компанийн үүсгэн байгуулагч Эсте Лаудертай их төстэй мөн чанартай. Тэр эмэгтэйчүүд юу хүсч байгааг мэддэг бөгөөд тэдэнд сайхан харагдаж, сайхан зүйл мэдрэхэд нь тусалдаг. Виктория гоо сайхны хүсэл тэмүүлэлтэй. Бид хамтран ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байна" гэжээ.

Buro.Mongolia

2016-04-18, 16:00

  • Зураг: