Халуун улиралд, аялалд гарахдаа хэрэгжүүлэх шилдэг үс засалтууд

Хамгийн гол нь маш хялбар

Цэцгэн чимэглэлтэй сүлжсэн үс

Viktor & Rolf

Үсээ энгийнээр сүлжин өнгөлөг цэцэгсээр чимэглэх нь хялбар атлаа сонирхолтой санаа юм. Заавал амьд цэцэг ашиглах шаардлагагүй. Орчин үед яг л жинхэнэ юм шиг харагдах хиймэл цэцэгтэй хавчаарууд төрөл бүрээрээ худалдаалагдаж байгаа.

Sleek засалт

Энэ зуны хамгийн загварлаг сонголт бол нойтон эффекттэй, хойш самнасан sleek засалт юм. Үсээ сам, гель эсвэл муссын тусламжтайгаар гөлийлгөн, хэлбэрт оруулна. Хоёр хажуу талын нэмэлт үснүүдийг үл харагдах хавчаараар тогтооно.

Мушгисан үс

Дундаж ба урт үстэй бүсгүйчүүд үсээ олон жижиг хэсэгт хуваан мушгиж, үл үзэгдэх хавчааруудаар тогтоож болно. Энэ нь энгийн овоолсон үснээс илүү сонирхолтой харагдана. Мөн мушгихаасаа өмнө хэлбэржүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэвэл дараагаар нь үсээ задлан гоёмсог долгионтой засалтаар гангарч болох юм.

Зангидсан үс

Beccaria

Гүйцэтгэхэд хэцүү мэт харагдаж болох ч, үнэндээ хэдхэн алхмын дотор хялбархан хэрэгжүүлэх боломжтой. Үсээ эхлээд сайтар самнаж, хоёр хэсэгт хуваан хооронд нь зангидна. Харин үсний өнцгүүдийг хатгадаг хавчаараар тогтооно.

Сүлжиж овоолсон үс

Delpozo

Урт үстэй хүмүүст санал болгох хялбар санаа. Үсээ эхлээд тунгалаг өнгийн боолтоор уг хэсэгт нь боож, дараагаар нь үсээ уртаар нь сүлжиж, сүлжсэн үсээ овоолон хавчаараар тогтооно.

Боксчны сүлжсэн үс

Энэ засалтыг хийхийн тулд эхлээд үсээ франц маягаар сүлжиж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үсээ дээр, дээр нь давхарлах биш, эсрэгээрээ доогуур нь шургуулан сүлжих юм. Үс тань урт бол сүлжсэн үсээ эцэст нь дээш шууж, хавчаараар тогтоож болно.

Үзүүр хэсгийг нь задгай тавьсан сүлжсэн үс

Marc Valvo

Ямар ч урттай үсэнд тохиромжтой, тэгш бус хэмтэй, хийхэд хялбар, маш гоёмсог засалт. Үсээ толгойнхоо чамархай хэсгээс эхлэн брейд аргачлалаар сүлжиж, үсний үзүүр хэсгийг задгай тавина. Мөн үснийхээ сүлжсэн хэсгийг гоёмсог жижиг хавчааруудаар чимэглэж болно.


Сүлжсэн үснээс бүтсэн титэм

Vicky Zhang

Үсээ хоёр хэсэгт хувааж, хэсэг бүрийг сонгодог байдлаар сүлжинэ. Хамгийн гол нь сүлжсэн үсээ уг хэсэгт нь тунгалаг боолтоор тогтоох хэрэгтэй. Дараагаар нь сүлжсэн хоёр үсээ дээш, титэм мэт хэлбэрт оруулан тогтооно.

Buro.Mongolia

2018-06-26, 16:00