Гоо сайхны салбар хөгжсөөр байна
Энэ долоо хоногийн шинэ бүтээгдэхүүний жагсаалтад арьсны бүх асуудлыг шийдэх бүтээгдэхүүн, компакт савлагаатай суурь крем болон контур зурах хэрэгсэл багтлаа
Эмзэг арьсанд зориулагдсан хөгшрөлтийн эсрэг серум, Anti-Blemish Solutions, Clinique
Батганы асуудал зөвхөн өсвөр насныханд биш мөн насанд хүрэгчдэд хүртэл тулгардаг гэдгийг хүн бүр мэднэ. Тэгэхдээ энэ байдлыг гоо сайхны брэндүүд ихэвчлэн үл ойшоодог. Аз болж сүүлийн жилүүдэд 20 ба түүнээс дээш насны бүсгүйчүүдийг чиглэсэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд зах зээл дээр их гарах боллоо. Нүүрний үрчлээтэй тэмцэхийг хүсэж байгаа хэрнээ мөн батганы эсрэг тосноосоо салахыг хүсэхгүй байгаа нэгэнд дуулгах сайхан мэдээ байна. Clinique брэнд Anti-Blemish Solutions шугамаа өргөжүүлж, эмзэг арьсанд зориулсан хөгшрөлтийн эсрэг тусгай серум гаргалаа. Бүтээгдэхүүний найрлага дахь салицилийн хүчил нь үхсэн эсийг устгаж, арьсны нүхийг цэвэрлэдэг бол пептид ба уураг нь коллагены үйлдвэрлэлтийг дэмжиж, харин гиалуроны хүчил нь арьсыг чийгшүүлдэг байна. Түүнээс гадна энэхүү серум нь өөртөө шалфей ба яргуй цэцгийн ханд, чихэрлэг далайн байцай, кофейн ба глюкозамин агуулдаг юм. Ингэснээр та батга ба хөгшрөлтийн шинж тэмдэгтэй нэгэн зэрэг тэмцэх болно.
Компакт савлагаатай суурь крем Double Wear Makeup To Go Liquid Compact, Estée Lauder
Estée Lauder-ын бестселлер бүтээгдэхүүн болох Double Wear Makeup компакт савлагаатай суурь крем саяхан шинэчлэгдлээ. Бүтээгдэхүүний савлагааг харахад энэ нь шахмал бүтэцтэй крем мэт харагдах ч үнэндээ тийм биш юм. Дугуй хэлбэрийн савны гүнд тусгай нүх гаргасан байгаа. Товчлуур дээр дарах мөчид тэрхүү нүхнээс шингэн бүтэцтэй суурь крем гарч ирэх болно. Товчлуур дээр нэг дарахад хөнгөхөн будалтад тохиромжтой, харин хоёр дарахад илүү нягт будалтад тохирох хэмжээний крем гарч ирэх юм. Кремийг нүүрэндээ түрхэхдээ дагалдаж ирэх спонж эсвэл зориулалтын багс ашиглаж болно. Бүтээгдэхүүн арьсыг чийгшүүлж, бага зэргийн гялбаатай бүрхүүл үүсгэх болно.
Шинэчлэгдсэн уруулын будаг Rouge Volupte Shine, Yves Saint Laurent
Yves Saint Laurent алдарт Rouge Volupte Shine уруулын будгийн шугамаа шинэчиллээ. Шинэ хувилбарын найрлагын 60% нь тосноос бүрдэх болсон байна.Үйлдвэрлэгчийн амлаж буйгаар Rouge Volupte Shine одооноос эхлэн илүү зөөлөн ба чийгшил сайтай болсон гэнэ.
Нүүрний арьсны чийгшүүлэгч гель Aquasource Everplump, Biotherm
Чийгшүүлэх үйлчилгээтэй Aquasource шугамд нэгэн шинэ бүтээгдэхүүн нэмэгджээ. Брэндийн төлөөлөгчийн хэлж буйгаар шинэ гель бүтэцтэй бүтээгдэхүүн нь арьсыг чийгшүүлэхээс гадна мөн үрчлээтэй тэмцэх аж. Үүнд бүтээгдэхүүний найрлагад багтсан гиалуроны хүчил идэвхжүүлэгч Blue Hyaluron томьёо нөлөөлөх юм. Энэхүү гель нь бага зэргийн торгомсог бүтэцтэй тул суурь кремийн доор түрхэгддэг праймерын үүргийг гүйцэтгэх чадвартай юм байна.
Хос үнэртэн Amouage Myths
Бүсгүйчүүд ба залуучуудад зориулагдсан Amouage Myths хос сүрчиг нь маш гайхамшигтай концепцтой. Эрчүүдийн хувилбар нь хятад лууг, харин эмэгтэйчүүдийн сүрчиг галт шувууг бэлгэдэж байгаа. Луу эр зориг, мэргэн ухаан ба шударга занг, харин галт шувуу энх тайван ба хөгжил, цэцэглэлтийг төлөөлөх болно. Хос сүрчгийн энэхүү санааг брэндийн бүтээлч захирал Кристофер Чанг Бээжингийн дуурийн театраас олж авчээ. Түүний бодлоор шударга зан удвал цэцэг, цахилдаг, сарнай, үнс ба арьсан эдлэл шиг үнэртдэг бол, хөгжил цэцэглэлтийг нарцисс, нил цэцэг, башир, заар ба пачули ургамлаар илэрхийлж болох гэнэ.
Контур зурах хэрэгсэл liner.designer, beautyblender
Гитарын пикийг санагдуулам зугаатай хэлбэртэй энэхүү хэрэгсэл нь төгс контур зурж чаддаггүй бүсгүйчүүдэд зориулагдсан байна. Өөрөөр хэлбэл liner.designer нь Pinterest-ийн санал болгох хүнсний халбаганы арай боловсронгуй хувилбар юм. Гэхдээ халбагатай харьцуулбал шинэ хэрэгсэлд олон давуу тал бий. Хэрэгслийг дагалдаж ирэх савлагаа нь дотроо жижигхэн тольтой тул та хаана ч явсан төгс хэлбэртэй контур зурах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт