Онцгой хандлага
Нүдний эргэн тойрны арьс маш нимгэн бөгөөд хуурай гэдгийг бүгд мэдэх биз ээ. Тийм ч учир арьсны энэхүү орчмыг зөв арчлах нь чухал. Chanel, Kenzo, Mahash, Biothern болон бусад тэргүүлэх брэндүүдийн мэргэжилтнүүд бидэнтэй нууцаасаа хуваалцлаа
Нүдний эргэн тойрон дахь арьс нэлээд эмзэг ба хөгшрөлтөд хурдан автах хандлагатай байдаг. Chanel-ын шинжлэх ухааны лабораторид явагддаг шинжилгээ ба туршилтын үр дүнд нүдний эргэн тойрны хэсэг хүний насыг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэдэг болох нь тогтоогдсон юм. Судалгаанд өгүүлснээр бид хүний насыг тодорхойлох гэж оролдохдоо 75%-ийн тохиолдолд нүд рүү хардаг гэнэ. Харамсалтай нь нүдний эргэн тойрны арьсанд өөхөн булчирхай бараг байдаггүй тул хурдан хуурайшиж эхэлдэг билээ. Ялангуяа намар-өвлийн улиралд гадаа маш хүйтэн, харин дотор чийгшлийн түвшин бага болох үед арьс илүү их эрсдэлд ордог. "Нүдний арьс арчлах бүтээгдэхүүн сонгохдоо аль болох тунгалгийн ус таталтыг нэмэгдүүлдэг, хаван бууруулдаг мөн нүдний эргэн тойрон дахь хар хүрээг багасгадаг үйлчилгээтэйг сонгоорой. Бүтээгдэхүүний найрлагад глицерин, бүйлсний тос, "ший" модны тос, оливын тос, ногоон цайны ханд, кофеин, центелла өвсний ханд, нимбэгийн ба сүүний хүчил, хонгорзулын ус, витамин С ба Е гэх зэрэг орц багтсан байж болно" хэмээн бизнесмен, гоо сайхны салбарын мэргэжилтэн ба Beauty Borsch төслийн үүсгэн байгуулагч Алексей Савостин зөвлөлөө.
Нүдний арьсанд зориулсан тос авснаар хуурайшилттай тэмцэх анхны алхмаа хийсэн гэж ойлгож болно. "Хамгийн чухал нь танд тохирох, зөв тос сонгох явдал юм. Аливаа тосны найрлагыг сайтар судлах хэрэгтэй. Жишээ нь сүүний хүчил хуурайшсан арьсыг гуужуулахад тусалдаг, харин гиалуроны хүчил арьсыг чийгшүүлж, усны тэнцвэрийг хадгалдаг" гэж Дубай дах Америкийн AASCH гоо сайхны төвийн эмч Бурку Хурбас нэмж хэллээ.
Хүйтэнд арьс липидийн хамгаалалтаа алдаж, хуурайшиж эхэлдэг тул эсийн нөхөн сэргэх чадамж буурдаг. Харин энэ нь шинэ үрчлээс үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. "Энэ тохиолдолд липид буюу өөхөн хүчлээр баялаг бөгөөд их хэмжээний чийгшүүлэх орцтой тос сонгох нь тохиромжтой" гэж KenzoKi-гийн мэргэжилтэн Ольга Гревцева хуваалцлаа.
Нүдний эргэн тойрон дахь арьсаа дээд зэргээр хамгаалж, сэргээхийн тулд нэг биш харин олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглээрэй. Тос ба ийлдсийг хослуулж, оройдоо маск болгон тавиарай. "Өглөөдөө тосыг дангаар нь эсвэл ийлдэстэй хольсноор хэрэглэж болно. Харин орой тосон дээр нөхөн сэргээх үйлчилгээ өндөртэй ийлдэс нэмэх нь маш чухал. Тухайлбал ReVive-ийн Eye Renewal Serum нь цусны эргэлтийг сайжруулж, эсийн сэлбэлтийг хурдасгаж, хүйтэнд гэмтсэн арьсыг шинээр төрүүлэх болно" хэмээн Laura Mercier, Revive, Dr. Levy-гийн мэргэжилтэн ба менежер Елена Күзницкая зөвлөж байна.
Түүнчлэн цэвэрлэгээний талаар мартаж болохгүй. Biotherm-ийн орос дахь салбарын мэргэжилтэн Алексей Мироненко арьсаа цэвэрлэхдээ тосон суурьтай бүтээгдэхүүн хэрэглэхийг санал болгож байна: "Хамгийн гол нь нимгэн арьсаа үрж, татаж, сунгаж болохгүй шүү".
Зөвхөн тос ба ийлдэс хэрэглэх нь бас хангалтгүй гэнэ. "Саванна" салоны гоо сайханч хэлэхдээ бүх бүтээгдэхүүнүүд заавал ч үгүй "нүдний эргэн тойрон дахь арьсанд зориулагдсан" гэсэн заавартай байх ёстой гэлээ. "Нүдний орчимд нүүрний арьсанд зориулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг хатуу хориглоно. Нүдний тосыг зөөлөн, алгадаж буй давтамжтай хөдөлгөөнөөр, арьсаа таталгүйгээр түрхэх хэрэгтэй. Түүнээс гадна нүдний орчимд таны шингэн юм уух горим их нөлөөлдөг. Өглөө хавантай сэрэхгүйн тулд унтахаасаа өмнө их хэмжээний шингэн аль болох уухгүй байх нь зөв. Ерөнхийдөө ядарсан нүд ба тойрсон хар хүрээг урьдчилан сэргийлэхэд зөв цагт нойроо авах, өдрийн турш их ус уух, цэвэр агаарт алхах зэрэг нь тосноос илүү чухал ач холбогдолтой. Мөн "эмээгийн жоруудыг" бүү мартаарай. Цайны болон өргөст хэмхийн жин тавих нь гайхалтай үр дүн үзүүлдэг шүү дээ" гэж Mahash Day Spa-гийн гоо сайханч Диана Макарян ярьлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт