2017 оны зуны маникюр: Үндсэн чиг хандлагууд

Абстракт экспрессионизмоос эхлээд байгалийн өнгөгүй будалт хүртэл

Байгалийн урт ба хэлбэр

Энэ зуны улиралд аль болох байгалийн дүр төрхтэй байх нь юу юунаас ч илүү моодонд орно. Хумсны урт хурууны өндөгтэй нэг түвшинд байх хэрэгтэйг дизайнерууд нэгэн зэрэг сануулж байна. Загварын ертөнцөд одоогоор 2-3 мм хэмжээний цухуйлтыг л хүлээн зөвшөөрч байгаа. Байгалийн урттай хумс нь гэр зуурын ажил хийхэд эвтэйхэн, компьютер болон ухаалаг утастай харьцахад хамгаас зохимжтой сонголт юм. Хэлбэрийн хувьд гэвэл хумс тань маш богино бол "зөөлөн дөрвөлжинг", харин 2-3 мм цухуйлт гарсан бага зэрэг урт бол зууван эсвэл бүйлсэн хэлбэрийг сонгоорой. Хиймэл мэт харагдах хэтэрхий урт хумс, шовх үзүүртэй эсвэл хэт дөрвөлжин хэлбэрийг энэ улиралд ор тас мартахыг зөвлөх байна.

"Хумсны урт ба хэлбэр маш байгалийн байх учиртай. Шовх үзүүртэй хумсыг бүр бодсоны ч хэрэггүй. Зөвхөн зууван ба дугуйрсан өнцөгтэй дөрвөлжин хэлбэрийг сонгох нь зүйтэй. Хумс тань хэтэрхий урт байж болохгүйг дахин нэг удаа сануулмаар байна. Хэрвээ та хумсаа акрил эсвэл хатуу гелиэр хэлбэржүүлж байгаа бол аль болох өөрийн хумс мэт харагдахаар хийлгүүлээрэй" хэмээн OPI технологич Лилия Зарипова ярилаа.



Төмөрлөг эффект

Дэлхийн загварын тайзууд дээр төмөрлөг эффекттэй хувцаснууд гарч ирснээр хумсны салбарт ч бас энэ чиг хандлага ноёрхох боллоо. Доорх зурган дээрх гоёмсог будалтыг төмөрлөг лакны тусламжтайгаар хийхэд тун хялбар байх болно.

Түүнээс гадна алдарт нүүр хувиргагч Keri Blair-ын төмөрлөг эффекттэй уруулын будалтуудаас санаа аван маникюрт хэрэгжүүлж болох юм. Төмөрлөг эффектээр чимэглэгдсэн жимсгэний өнгөтэй шийдлүүд хумсан дээр үнэхээр этгээд харагдана гэдэгт итгэлтэй байж болно шүү.



Геометрийн хэлбэр дүрснүүд ба уран зураг

Маникюрийн мэргэжилтнүүд энэ улиралд хагас гэрэлтэх, цагаан эсвэл nude өнгөтэй хумсан дээр цэг, зураас, конус хэлбэрийн элементүүд болон дөрвөлжин дүрснүүд зурахыг санал болгож байна. Загварлаг жишээг Kenzo, Celine ба Lacoste брэндүүдийн хавар-зун 2017 цуглуулгаас олж харах боломжтой. Эдгээр цуглуулгын хээтэй хувцаснууд загвар өмсөгчдийн хумсан дээрх абстракт маягийн геометрийн дүрстэй төгс зохицсон байгаа.



Бүтээлч френч

Френч будалтын оргил үе 2000-аад онд тохиож байсныг бүгд санаж байгаа биз ээ. Одоо энэ будалт нь тийм ч алдартай биш ч гэсэн, хэзээ ч буруу сонголт болдоггүй сонгодог шийдлүүдийн нэг яах аргагүй мөн юм. Ийм төрлийн маникюрийг хамгийн анх ORLY компанийн үүсгэн байгуулагч Жеф Пинк сэдэж олсон байдаг. Энэхүү будалт нь зураг авалтын талбар дээр ажиллаж буй стилистүүдэд цаг хэмнэх боломж олгодгоороо онцлог юм.

Энэ улиралд френч будалтыг тод өнгийн зураас, абстракт дүрс, ромб хэлбэр, зигзаг ба хөндлөн зураас гэх этгээд элементүүдээр баяжуулбал илүү сонирхолтой болно. Будгийн бүтэц матт ба гялгар гээд ямар ч байж болно. Та мөн суурь будгийг матт, харин зураасыг гялгар гэх мэт бүтцүүдтэй хослуулан будах боломжтой.

 


Өнгөний шилжилт

Үсчдийн ашиглах дуртай өнгөний зөөлөн уусалттай аргачлал одоо мөн хумсны салбар луу нэвтрэн орлоо. Бараан туяанууд гэгээлэг болон уусдаг алдарт омбре будалтыг маникюрийн дизайн дээр туршаад үзээрэй. Ийм зэргийн будалт хийхдээ энэ улиралд nude, жимсгэний эсвэл бараан өнгөнүүдийг сонгохыг зөвлөж байна.



Nude буюу биеийн арьсны өнгө

Зөөлөн ваниль, цөцгийн латте гэх зэрэг таны арьсны өнгөтэй ижил туяанууд энэ улиралд тренд болно. Ийм төрлийн маникюр нь ажлын өдрүүдэд төдийгүй мөн үдшийн гаралтад тохиромжтой маш универсал сонголт юм. Nude будалт бага зэрэг уйтгартай санагдаж байвал будалтаа өнгөний уусалтын аргачлалаар илүү сонирхолтой болгож, эсвэл геометрийн френч шийдлээр өөрчлөх боломжтой гэдгийг бүү мартаарай.

"2017 оны хавар-зуны улиралд ягаан, усан цэнхэр ба nude өнгөнүүд моодонд орно. Түүнчлэн улбар шар, шар, тод улаан гэх анхаарал татам өнгөнүүд үргэлж сайхан харагддаг. Хумсныхаа толийг бүхлээр нь будах шаардлагагүй бөгөөд голоор нь ганцхан өргөн зураас татах аргачлал сүүлийн үед цөөнгүй үзэгдэх боллоо. Ингэснээр хумсныхаа толийг нарийхан болгож харагдуулах давуу талтай юм" хэмээн Лилия Зарипова зөвлөлөө.



Сарны хэлбэртэй дүрснүүд

Сарны хэлбэртэй будалтыг хэд хэдэн чиг хандлагад хамруулж болно. Тодруулбал энэ аргачлалыг омбре, абстракт ба төмөрлөг эффекттэй будалттай хослуулж болох юм.

"Энэ жил бүүдгэр ягаан ба пастел цэнхэр өнгийн туяанууд эрэлттэй байх болно. Түүнчлэн цагаан, усан ногоон, яргай загасны улбар шар, номин цэнхэр өнгөнүүд гоёмсог харагдана. Тод өнгө сонгохдоо анхаарах хэрэгтэй ганц зүйл нь будгийн нягтаршил юм. Будаг тань гэрэлтэх учиргүй, нягт байх ёстой юм шүү. Харин төмөрлөг өнгийг үдшийн гаралтдаа зориулан сонгоорой" гэж The Grapes студийн технологич Светлана Виноградова ярьж байна.



Бараан өнгөнүүд

Zadig & Voltaire брэндийн загварын шоу дээр үзэгдсэн гүн цэнхэр, интоорын улаан ба хар өнгийн будалтууд маш дэгжин харагдаж байлаа.



Энэтхэг аястай будалт

Хагас гэрэлтсэн, nude ба пастел ягаан өнгийн суурь будаг дээр Энэтхэгийн менди урлагийг санагдуулам цэг, гурвалжин ба шулуун зураас зурах нь дахин давтагдашгүй шийдэл бий болгоно.



Абстракт экспрессионизм

Өнгөгүй суурь будаг дээр тод өнгийн абстракт зураас зурахыг OPI брэндийн мэргэжилтнүүд санал болгож байна.



Ердийн бус чимэглэл

CND компанийн зүгээс энэ зуны улиралд хумсаа өд, сувд, тод өнгийн абстракт зураг, шүр гэх зэрэг хэтрүүлэгтэй элементүүдээр гоёхыг санал болгож байна. Онцгой арга хэмжээнд явахдаа энэ аргачлалыг туршиж болох юм.



Амьтдын хээ

Могой, ирвэс ба барын хээг хумсны будалтын жижиг элемент болгон оруулахыг зөвлөх байна. Хумсаа бүхлээр нь амьтдын хээгээр будах биш, харин зөвхөн тодорхой хэсгийг нь л ийм төрлийн хээгээр будаарай.

 

Buro.Mongolia

2017-07-04, 14:00