Зуны хумсны будалтууд ба өнгөний чиг хандлага

Арван гол тренд

Удаан хүлээсний эцэст цаг агаар тогтворжиж, дулаахан өдрүүд ирж, уранхай жийнс, мөр ил гаргасан топ, мөн хамгийн гол нь онгорхой сандаал өмсөх зун цаг ирлээ. Өөрөөр хэлбэл бүсгүйчүүд бид одооноос эхлэн зөвхөн маникюр гэлтгүй мөн педикюрдээ илүү их анхаарал хандуулах цаг боллоо гэсэн үг юм

Зуны өнгөнүүд

Пастел
Дулаахан бас зөөлөн пастель өнгөнүүд зуны улирал бүр "моод"-нд ордог уламжлалтай. Бүүдгэр шар, ягаан, нил ягаан, цэнхэр ба ногоон туяанууд хүний нүдийг тайвшруулж, маш таатай харагддаг тул та хүссэн өнгөө сонгоорой.

Nude

Хагас гэрэлтэх nude эсвэл эмэгтэйлэг цайвар ягаан өнгийг түр мартаж, энэ жилийн гоо сайхны ертөнц дэх гол тренд болсон 1970-аад оны уур амьсгалтай нягт бас тослог nude өнгийг сонгоорой. Ямар ч гэрэл нэвтэрдэггүй, дулаан өнгөний туяатай, бага зэрэг гялтганах хумсны будгууд ямар ч өнгийн арьсанд сайхан зохицох, хамгийн шилдэг сонголт болно.

Тод цэнхэр

Усан эсвэл бараан биш, харин тод бас гүн туяатай цэнхэр өнгө зуны улиралд нэлээд эрэлттэй байх төлөвтэй байна. Энэхүү өнгө нь өдрийн цагаар зугаатай бас өнгөлөг хэв маяг бүрдүүлдэг хэрнээ үдшийн цагаар маш тансаг болон хувирдаг ид шидтэй юм.

Сонгодог цагаан

Цагаан өнгийн будаг таны гарыг цэмцгэр харагдуулж, ямар ч хувцаслалтад төгс зохицно.

Металл
Өнгөрсөн улирлаас ноёрхож эхэлсэн металлаг хумсны будгууд энэ улиралд ч бас загварлаг хэвээрээ байна. Төмөрлөг эсвэл боронзон өнгө сонгож, бүжгийн талбайн дисконы бөмбөг мэт зугаатай будалт хийгээрэй. Хамгийн гол нь металлаг будаг сонгох нөхцөлд богино хумстай байвал илүү зохимжтой харагддагийг мартаж болохгүй шүү.

Шүрэн улаан
Шүрэн улаан өнгийн уруулын ба хумсны будаг аливаа төрхийг хормын зуур цоглог уур амьсгалтай болгодгийг та бүгд сайн мэдэх байх.



Зуны будалтууд

Шинэ төрлийн фрэнч
Бид бүгдийн сайн мэдэх фрэнч будалтын шинэ хувилбар загварын салбарт дэлгэрч байна. Фрэнч л гэхээрээ заавал цагаан өнгө байх ёстой юм шиг ойлголтыг толгойноосоо авч хаяж, үүний оронд ногоон, шаргал эсвэл цэнхэр гэх зэрэг тод өнгөнүүдээр хумсныхаа үзүүрийг будаарай. Ерөнхийдөө хэний ч таамаглаагүй, хамгийн гэнэтийн өнгөөр фрэнч хийхийг танд санал болгох байна.

Дөрвөлжин хээ
Дөрвөлжин хээ нь энэ зуны улирлын гол трендүүдийн нэг болоод байна. Дизайнерууд шинэ цуглуулгадаа дөрвөлжин хээтэй хувцас бас аксесуар танилцуулж, толгойноосоо хөл хүртлээ уг хээгээр хувцаслахыг санал болгож байна. Хумсаа ч мөн адил энэхүү спортлог дөрвөлжин хээгээр гоёорой.

Өнгө өнгийн спрэй будаг
Цагаан өнгөөр суурь тавьж, өнгө өнгийн будгийг замбараагүй цацах нь таны хумсыг яг л урлагийн бүтээл мэт харагдуулна.

Хиппи будалт
Зуны эрх чөлөөтэй, тайван уур амьсгалыг агуулах хиппи будалтыг хийхийг хүсвэл гурваас дөрвөн төрлийн пастел өнгийн будаг сонгож, хөндлөн будалтаар хооронд нь уусгаарай. Та ийм будалт хийснээр бусдаас өвөрмөц харагдах нь гарцаагүй юм.

Ө.Тодгэрэл

2016-06-03, 12:00