Урлаг Соёл | Дүрслэх Урлаг & Театр
Контемпорари урлагийн чиг хандлага
Нью-Йорк хотноо болж өнгөрсөн Frieze үзэсгэлэн, яармаг орчин үеийн урлагийн түүхэнд бас нэгэн хуудсыг нэмлээ. Дэлхийн хамгийн онцгой үзэсгэлэнгүүдийн нэгд тооцогддог тус яармагийн эргэн тойронд юу болж өнгөрсөн тухай тоймыг танд хүргэе
Тавдугаар сарын эхээр Нью-Йорк хотноо болдог урлагийн долоо хоног олон улсын урлагийн түүхэнд чухал ул мөр үлдээлээ. Хэдийгээр цаг агаар бороотой байж, хот гүн мананд умбаж байсан ч уг үзэсгэлэн, яармагийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс зочид цугларчээ. Урлагийн долоо хоногийн үеэр Челсигээс Сохо хүртэл, Брүүклиний Уиллиамсбургээс, Манхэттены Дээд Ист-Сайд хүртэлх уудам орон зайд төрөл бүрийн үзэсгэлэн нээгдэж, дуудлага худалдаа өрнөж, хурал чуулган зохион байгуулагдсан. Тухайлбал "Frieze" үзэсгэлэнгээс гадна, мөн л сонирхол татсан "Context", "NADA", "1:54 Contemporary African Art Fair" болон "Spring Masters New York" зэрэг яармагууд энэ үед мөн нээгдсэн юм.
"Frieze New York" үзэсгэлэн, яармаг нь анх 25 жилийн өмнө зохиогдсон ба "Frieze London"-гийн Америк хувилбар юм. Энэ жилийн үзэсгэлэнд нийт 31 орны, 200 галерейн цуглуулга оролцсон байна. Frieze-д дэлгэгдсэн бүтээл бүр Сесилия Алеманигаар ахлуулсан кураторуудтай зохион байгуулах хороогоор сайтар "нягтлагдсан"-ы эцэст үзэгчдийн хүртээл болох "эрх"-ээ авсан юм. Тиймээс тав хоногийн турш ажилласан тус үзэсгэлэнгийн шилмэл бүтээлүүдийг үзэж сонирхохоор цуглуулагчид, зураачид, сэтгүүлчид, урлаг судлаачид болон зүгээр л орчин үеийн урлаг сонирхогчид гээд олон хүн цуглажээ.
Үзэгчдийн тав тухыг хангахын тулд үзэсгэлэн, яармагийн түүхэнд анх удаа үзмэрүүдийг гурван хэсэгт хуваажээ. Эхний "Spotlight" хэсэгт ХХ зууны зураачдын бие даасан бүтээлүүд тавигдсан бөгөөд ихэвчлэн гадаад уран бүтээлчид болон 1960-аад оны сүүл үеийн бүтээлүүдэд цугларчээ. Харин "Focus" гэх удаах хэсэг нь анх удаа ийм өндөр түвшний арга хэмжээнд оролцож байгаа уран бүтээлчдийн шинэ бүтээлд зориулагдсан байв. Үзэсгэлэнгийн "Frame" нэртэй гурав дах хэсэгт залуу буюу олон нийтэд танилцуулагдаад наймаас дээшгүй жил болж байгаа бүтээлүүд орсон юм.
Олон нийтэд хамгийн их таалагдсан бүтээлийн нэг бол яах аргагүй Маурицио Каттеланы инсталляц байлаа. Тэрээр өөрийн хошигнох чадвараараа алдартай. Frieze яармаг үзэсгэлэнд тусгайлан зориулсан энэхүү инсталляц нь мөн "Daniel Newburg Gallery"-д хүндлэл үзүүлсэн бүтээл болжээ. Учир нь яг тэнд л түүний анхны бүтээл тавигдаж, олон нийтийн таашаалыг хүртэж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан аж.
"Warning! Enter at your own risk. Do not touch, do not feed, no smoking, no photographs, no dogs, thank you" нэртэй инсталляц нь хашлагын цаана орших жинхэнэ илжиг болон гэрлийн болор бүрхүүлээс бүрдэнэ. Каттеланы хэлснээр бол, түүний бүтээл өөрийнх нь хөргийг харуулж байгаа гэнэ.
Харин зураач Дэвид Хорвиц мэргэжлийн халаасны хулгайч хөлсөлж, үзэсгэлэн, яармагийн үзэгчдийн халаас болон цүнхэнд түүний бүтээсэн жижиг хэмжээтэй баримлуудыг нууцаар хийжээ. Түүний энэхүү үйлдэл нь урлагийн салбар зөвхөн мөнгөнөөс хамааралтай, жинхэнэ урлагийн тэмүүлэл байхгүй болсон гэх ойлголтын эсрэг хийсэн тайлбар болсон байна.
Берлиний "Société" галерей өөрийн орон зайг зураач Шон Распетын бүрэн мэдэлд шилжүүлсэн бөгөөд тэрээр өөрийн багийн хамтаар шар буурцгаар хийсэн шинэ төрлийн тэжээлийн загварыг тарааж байсан юм. Энэхүү тэжээл нь хатуу хоолыг орлох бас нэгэн сонголт болж байгаа бөгөөд Лос Анжелесын "Цахиурын хөндий"-н мэргэжилтнүүд дунд сүүлийн үед их хит болж буй хоол юм.
Энэхүү үймээн шуугиан дунд зарим нэг үзэсгэлэнгүүд зөвхөн ганц, хоёр уран бүтээлчид дээр л анхаарлаа төвлөрүүлжээ. Жишээлбэл, Pace Gallery музейн орон зай төрөл бүрийн үзмэрээр дүүрсэн бяцхан арал шиг харагдаж байлаа. Тэд өөрсдийн булангийн ханыг хөх ягаан өнгөөр будаж, алдарт Фред Уилсонд өөрсдийн орон зайгаа зориулсан байв.
Харин A Hauser & Wirth америкийн орчин үеийн урлагийн салбарт маш их нөлөөтэй гурван уран бүтээлчдийн бүтээлийг цуглуулсан харагдлаа. Тухайлбал, тэд Рони Хорны концепц баримлуудыг танилцуулсан бөгөөд үзэсгэлэн, яармагийн зочид түүний бүтээлийг жинхэнэ устай андуурч, гараараа хүрч үзэхийг хүсч байсан юм. Мөн эндээс абстракт, экспрессионист Филипп Гастон болон зураач Пол МакКартигийн ховор зургуудыг үзэх боломжтой байсан. Сонирхуулахад, үзэсгэлэнд танилцуулагдсан бүх бүтээлүүд эхний өдөртөө л зарагдаж дууссан юм.
"David Zwirner Gallery" орчин үеийн концептуализмын анхдагч Айса Гензкен болон зураач Лиза Ускаваж нарын бүтээлийг дэлгэсэн. Бас нэгэн томоохон үзэсгэлэн болох Өмнөд Африкийн орчин үеийн зураач, дуурийн театрын найруулагч Уильям Кентрижийн бие даасан үзэсгэлэнг "Marian Goodman Gallery" олон нийтэд танилцуулсан юм. Харин Нью-Йорк хотын "Andrea Rosen Gallery" уран барималч Дэвид Альтмайдын "Le désert et la semence" инсталляцыг байршуулжээ. Энэхүү инсталляц нь том, том шилэн хавтангууд, цагаан шавар, хиймэл үс, наргил модны самар болон бусад эд зүйлсээс бүрдсэн ба хүн төрөлхтөний хувьслыг харуулсан гэнэ. Альтмайдын уг инсталляц нь түүний бусад уран бүтээлийн адилаар дүрсийн тоглолт болон абстракционизмын дунд оршиж байгаа юм.
Frieze яармаг үзэсгэлэнгийн хамгийн их хүнтэй хэсэг бол "Gagosian Gallery"-гийн булан байсан. Учир нь дөрвөн жил завсарласны эцэст алдарт Дэмиен Херст эргэн ирсэн бөгөөд түүнд зориулж "Gagosian Gallery" Херстийн өнгөрсөн үеийн хамгийн алдартай ба хамгийн үнэтэй уран бүтээлүүдийг дэлгэсэн билээ. Үүнд түүний формальдегидэнд байршуулсан алтан эвэртэй хар хонь (Black Sheep with Golden Horns, 2009), өнгө өнгийн эрвээхийнүүдтэй зураг (Covenant, 2007) болон дотроо эмнэлгийн хэрэгслүүдтэй, өнгөлсөн лабораторийн шүүгээ багтаж байлаа.
Түүнчлэн Frieze яармаг үзэсгэлэнгийн талаар ярихдаа алдарт Яёи Кусамаг дурдахгүй өнгөрч болохгүй. Түүний алдарт "The Moment of Regeneration" (2004) нэртэй улаан баримлыг Лондонгийн "Victoria Miro Gallery"-гийн булангаас үзэх боломжтой байв. Мөн "White Cube" галерей зураач Сара Моррисын "Abu Dhabi" нэртэй шинэ цуврал бүтээлүүдийг үзүүлснээс гадна, Мона Хатум, Жозайя МакЭлени болон Лари Белл зэрэг янз бүрийн урсгалын уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэжээ.
Парисын "Galerie Hervé Bize" үзэсгэлэн хөх, улаан өнгийн эрээлжилсэн хээтэй ханаар олон нийтийн анхаарлыг татаж, Францын алдарт минималист болон концепци уран бүтээлч Франсуа Мореллегийн бүтээлүүдийг танилцуулсан юм.
Frieze яармаг үзэсгэлэн цаг үргэлж л урлагийн нийгэмлэгийн төрөл бүрийн төлөөлөгчдийг танилцуулж байдаг. Мөн үзэсгэлэн, яармагийн VIP хэсэгт Леонардо ДиКаприо хүрэлцэн ирсэнд зочид огтхон ч гайхаагүй. Учир нь тэрээр энэхүү үзэсгэлэнгийн байнгын зочин юм. Тэрээр урлагийн бүтээлийн худалдаачин Тони Шафразитай уулзжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт