Дүрслэх урлаг гэдэг зөвхөн цаас, зотон дээр буудаг тэр л зүйл биш, бүр дотор нь яваад орчихож болдог олон хэмжээст урлаг, амьд зүйл гэдгийг Кусама баталж чадсан юм
"-Би зураач болохыг мөрөөднө, гэвч ээж маань үл дэмжинэ. "Баян удамтай хэн нэгэнтэй гэрлээд чи удахгүй гэрийн эзэгтэй болох ёстой" гэж тэр хэлдэг сэн. Нэг л өдөр ээж миний бийр, зотонг бүгдийг хурааж авсан даа" хэмээн ХХ зууны аугаа зураач, зохиолч Яёи Кусама бага насаа дурссан байдаг. Жирийн нэг ТОЛБО-ыг Кусама л урлаг болгож чадсан юм. Түүний бүх уран бүтээл ТОЛБО-ноос бүтдэг.
Анх түүнийг Нью-Йоркод ирэхэд дүрслэх урлаг бүхэлдээ "эрчүүдийн гарт" байжээ. Урлагийн харгис, өршөөлгүй ертөнцөд хөл тавьсан турьхан бүсгүй асар их зовлон, бэрхшээл үзсэн юм. "Би үүр цайхаас харанхуй болтол зөвхөн зурдаг байсан" гэж тэр үеэ дурсчээ. Толь, гэрэл ашиглаж бүтээсэн Кусамагийн толбот өрөө үнэхээр гайхамшигтай. Гэхдээ энэ өрөө гэрэл зурагт хэрхэн буусныг үзэхэд гойд сэтгэгдэл төрөхгүй л дээ. Харин "амьд" инстолляцийг нь үзсэн хүнд бол эгээ л өөр ертөнцөд хөл тавьчих мэт санагддаг гэх. Дүрслэх урлаг гэдэг зөвхөн цаас, зотон дээр буудаг тэр л зүйл биш, бүр дотор нь яваад орчихож болдог олон хэмжээст урлаг, амьд зүйл гэдгийг Кусама баталж чадсан юм. "Орон зайгаар жинхэнэ тоглож чаддаг хүн" хэмээн судлаачид түүнийг үнэлжээ. Тосон будаг, усан будаг, пастель, зөөлөн баримал гээд бүх төрлөөр чөлөөтэй ажиллана.
Гол дүрийг нь бүтээж, өөрөө продюссерлэсэн "Кусамагийн өөрийн үгүйсгэл" хэмээх кино нь олон улсын, нэр хүндтэй хэд хэдэн фестивалийн шагналыг тэртээ жараад онд хүртэж байж. Мөн 1983 онд японы нэгэн уран зохиолын сэтгүүл залуу зохиолчдод олгодог шагналаа Кусамагийн үргэлжилсан үгийн бүтээлд олгосон түүхтэй. Шүлэг ч бичнэ. Мэдээж зураг, баримлууд нь Америк, Япон, Франц зэрэг улс орны нэр хүндтэй том шагналуудыг түүнд авчирсан. Үүгээр зогсохгүй ээ! Кусамагийн нэр дэлхийн загварын ертөнцөд ихээхэн алдартай. Нэрт загвар зохион бүтээгч Марк Жэйкобстой хамтарч ажилласныг, Louis Vuitton-ы өвөрмөц загварын цуглуулга түүний зургаар бүтсэнийг дурдахад л хангалттай. Америк, Япон зэрэг оронд Кусамагийн нэрийн бүтээгдэхүүнийг зардаг олон бутик бий.
Маш авьяаслаг, гоц энэ эмэгтэй одоо Токиогийн сэтгэцийн эмнэлэгт (институтад) амьдарч байна. Ажлын хэт ачаалал, стресс, амьдралд үзсэн зовлон шаналал нь түүнийг тэнд аваачсан юм. Гэхдээ л өдөр бүр зурсаар... Нью-Йоркийн Кристисийн дуудлага худалдаагаар Кусамагийн нэг бүтээл 5,1 сая доллараар зарагдсан нь одоо амьд байгаа эмэгтэй зураачдын хувьд дээд рекорд. Аугаа энэ япон эмэгтэйн урлаг минимализм, сюрреализм, абстракт экспресионизм зэрэг урсгал чиглэлийн элементийг агуулснаараа онцлог. 2015 онд түүнийг дэлхийн топ 10 зураачийн (одоо амьд байгаа) нэгээр зарласан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт