Орчин үеийн соёлд сонгодог урлаг хэрхэн оршин тогтнож байна вэ?

Загварын тайзан дээрх францын хатан хааны даашинз, неоклассик архитектур, сонгодог ба абстракт урлагийн нэгдэл

Өнгөрсөн үеийн өв уламжлалаас санаа авсан уран бүтээлүүд орчин үеийн соёлд багагүй дэлгэрсэн байдаг. Сонгодог урлагаас шууд иш татсан эсвэл бүхэлд нь дахин шинэчилсэн бүтээлүүд ч цөөнгүй үзэгдэж байна. Европын соёлд сонгодог урлаг нь Грек ба Ромын уламжлал мөн XVIII зууны өмнөх Баруун Европын чадварлаг уран бүтээлчдийн бүтээлүүдийг илтгэдэг. Энэхүү үндэс суурьгүйгээр одоогийн Европыг төсөөлөхийн аргагүй юм.

Бид орчин үеийн загвар зохион бүтээгчид, архитекторууд, зураачид неоклассик урлагийг хэрхэн ойлгож мөн өнгөрсөн үеийн өв уламжлалыг хэрхэн ашиглаж байгаа талаар тодрууллаа.

Наполеон Бонапартын эхнэрийн даашинзтай ижил хувилбарын загварыг хаана өмсөж үзэх боломжтой вэ?

Alexander McQeen, Dolce & Gabbana гэх зэрэг брэндүүдийн цуглуулгад заримдаа эртний загвартай, сул туникүүд харагддаг. Тэгвэл ийм загварууд анх хэзээ моодонд орсон мөн орчин үеийн дизайнерууд үүнийг хэрхэн хэвшүүлж байна вэ?

Анх XVIII ба XIX зууны зааг дээр Англи ба Франц улсын иргэд эртний эд зүйлсэд дурлаж эхэлсэн байдаг. Загварлаг бүсгүйчүүд эхэндээ өөрсдийн мэддэг эртний хөшөөнүүдээс грек ба ромын бурхадын дүр төрхийг дуурайдаг байв. Тэд цагаан өнгийн, ямар нэг чимэглэлгүй, энгийн загвартай хагас гэрэлтсэн хитон буюу даавуун нөмрөг өмсдөг байсан юм. Харин Францын хувьсгалын дараа иргэд Грек ба Ромын загварыг өдөр тутамдаа илүү чөлөөтэй хөврүүлэх болсон. Үүний хамгийн тод жишээ бол Наполеон Бонапартын эхнэр, хатан хаан Жозефина Богарнегийн стиль юм. Тэрээр өндөр бэлхүүстэй, богино ханцуйтай, сул даашинз ба намирсан юбка өмсөхийг илүүд үздэг байв. Харин XIX зууны дунд үед хүмүүс энгийн байдлыг ор тас мартсан байдаг. Энэ үед туникийг илүү зузаан даавуугаар оёж, торон нэхээс, хуниасаар чимэглэж, илүү гоёмсог хэв загвартай болгож эхэлсэн юм.

Орчин үеийн дизайнерууд хатан хаан Жозефинагийн неоклассик загваруудаас иш татах нь илбэг байдаг. Дизайнерууд одоо материалын сонголт дээр бүрэн эрх чөлөөтэй болсон. Тэдний цуглуулгад гүн өнгөтэй, зузаан даавуугаар урласан даашинзууд олон харагддаг. Мөн илүү тансаг хувилбарууд ч бий. Жишээ нь хагас гэрэлтдэг даавуугаар хийсэн, маш нарийн хатгамал, чимэглэлтэй загваруудыг бид улирал бүр хардаг. Чимэглэлүүд нь эртний Грекийн үнэт эдлэлийн хэлбэрээс санаа авсан бол хатгамал эртний эд зүйлс болон неоклассик урлагтай ямар ч холбогдолгүй байдаг юм.

Уэльсийн хунтайж архитекторуудад барилга зөв барихыг заасан нь

Дэлхийд неоклассик архитектурыг дэлгэрүүлсэн гол хүн бол Уэльсийн хунтайж Чарльз хэмээн үздэг. Тэрбээр бүр 1980-аад онд л модернист архитектур хэнд ч хэрэггүй харин сонгодог архитектур ирээдүйд ноёрхоно гэж албан ёсоор мэдэгддэг байсан юм. Ер нь хунтайж энэ талаар хэвлэл мэдээлэлд маш олон мэдэгдлүүдийг хийж байсан. Чарльз "Их Британийн архитектурын талаарх миний үзэл бодол" нэртэй ном гаргаж, неоклассик архитекторуудыг дэмжих зорилготой сан үүсгэн байгуулж, сонгодог барилгын тухай анхны боловсрол олгох хөтөлбөрийн эрхлэгч болж байлаа.

Харин одоо хунтайж Чарльзын Architectural Review сэтгүүлд танилцуулсан неоклассик хот төлөвлөлтийн үндсэн зарчмуудыг харцгаая. Барилгачид байгалийн үзэмжийг өөрчлөх эрхгүй. Шинэ барилгууд байгальтай нийцэж байх хэрэгтэй. Архитектур бол маш тодорхой дүрэмтэй "хэл" бөгөөд үүнийг бүр эртний Ромд Витрувий боловсруулж байсан. Энэ бол гоо үзэсгэлэн, ач тус ба бат бөх байдлын зарчмууд юм. Барилга барихдаа уламжлалт хэм хэмжээг заавал анхаарч үзэх хэрэгтэй. Архитектор хүн шинэ барилгыг хажуугийн байгууламжуудтай адил тэнцүү хэмжээтэй болгож тохируулах үүрэгтэй. Үүнийг зохицолдоо гэнэ. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс эхлээд хаалганы бариул хүртэл бүх детальд анхаарлаа хандуулж чадвал зохимжтой болж чадна. Дээрх зарчмуудаас гадна хунтайж Чарльз хөнгөн цагаан, бетон, ган гэх зэрэг материалуудыг маш их шүүмжилдэг байсан. Эдгээр материалуудыг хаа сайгүй ашигладаг тул олон орны байшингууд хоорондоо маш адилхан болсон. Хотуудыг өөрийн гэсэн онцлоггүй болохоос зайлсхийхийн тулд тухайн бүс нутагт зохимжтой барилгын материал, архитектурын стилийг анхаарах хэрэгтэй. Ер нь хавтан, шил зэргээс татгалзсан нь дээр. Учир нь эдгээр материалууд нь тусгаарлагдмал харагдуулдаг бол гаднаа тагттай, намхан байшингууд хотыг нэгдмэл болгодог гэж хунтайж үздэг байжээ.

Сонирхуулахад хунтайж өөрийнхөө төгс архитектурын төслийг хэрэгжүүлсэн байдаг. Тодруулбал Английн Дорсет мужид хунтайж Чарльзын зарчмууд дээр суурилсан Паундбери гэх хот баригдсан юм.

Сонгодог ба абстракт урлагийг нэгдэл

Орчин үеийн уран бүтээлчдийн боловсруулсан сонгодог урлагийн олон арга барилаас аль нэгийг нь онцлох хэцүү. Уран бүтээлийн арга барил бүр онцгой. Эдгээр арга барилуудыг залгамжлах хүн бараг олддоггүй. Учир нь бусдын арга барилаас иш татах нь бүтээл хуулбарласан хэрэгт буруутгагдах магадлалтай байдаг. Мөн тэдгээр арга барилууд хоорондоо харилцан адилгүй тул хооронд нь харьцуулах хэрэггүй.

XX зууны дунд үед хамгийн сонирхолтой сонгодог урлагийн арга барилыг Өмнөд Калифорнийн сюрреалист зураач Хелен Линдберг танилцуулсан юм. Тэрээр субьектив классицизм гэх шинэ урсгалыг үүсгэжээ. Энэ нь Америкчуудын Европын сюрреализмд барьж буй хариу байсан юм. Субьектив классицизм урсгалд уран бүтээлчийн гол санааг үзэгчдэд хүргэхийн тулд зурагт байгаа обьект бүрийн байрлал, өнгө, хэлбэр дүрсийг тооцоолж, тэдгээрийн үүргийг тодорхойлж, бүх элементүүдийг нарийн төлөвлөсөн байдаг. Хелен Линдберг уран зургийн "сонгодог арга барил"-ыг ийнхүү ойлгож, өөрийн геометрийн абстракт бүтээлдээ ашигладаг байжээ.

Харин уран зураач Жейк Шарбахын сонгодог урлагийн сонирхол арай өөрөөр илэрдэг. Түүний урлагийн үндсэн концепци гоо үзэсгэлэн дээр суурилдаг тул Шарбах өнгөрсөн үеийн урлагийг шүтэн биширдэг байсан. Харин контемпорари урлаг ба гоо үзэсгэлэн хоорондоо холбоотой гэж хэлэхэд хэцүү. Түүний бүтээлд сонгодог урлаг орчин үеийн соёлтой зэрэгцэж байдгаараа маш онцгой юм. Жейк Шарбах алдартай урлагийн бүтээлүүдийн хэсгийг орчин үеийн амьдралын дүр зургуудтай нэгтгэдэг. Жишээ нь эвдэрсэн BMW автомашиныг Рубенсын алдарт "Massacre of the Innocents" зургаас олж болно. Мөн Венера Жоржоне машины дугуйнууд дээр нойрсож буйгаар гардаг.

Buro.Mongolia

2017-07-21, 17:00

  • Зураг: