Урлаг Соёл | Дүрслэх Урлаг & Театр
Тэгш хэмт ертөнцөд: Д.Үүрийнтуяагийн “Хадгалагдах” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ
976 Арт Галерейд
Өчигдөр буюу есдүгээр сарын 5-нд 976 Арт Галерейд уран бүтээлч Д.Үүрийнтуяа “Хадгалагдах” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ нээлээ
Энэхүү үзэсгэлэн нь "Улаанбаатар-2018" олон улсын дүрслэх урлагийн наадмын хүрээнд дэлгэгдэж буй үзэсгэлэнгүүдийн нэг бөгөөд уран бүтээлч Д.Үүрийнтуяагийн хоёр дахь удаагийн бие даасан үзэсгэлэн ажээ.
Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдэд Д.Үүрийнтуяагийн зургуудад зонхилдог завсрын өнгө, байгалийн өнгө аяс, эмэгтэй хүний дүр төрх ажиглагдахын сацуу олон төрлийн хэлбэр дүрсүүдийг тэгш хэмт зохиомжид оруулан орчин үеийн амьдралын хэв маягийг дүрсэлжээ. Ингэхдээ бурхны танка зурагт ашиглагддаг симметр арга барилыг ашигласан болохоо уран бүтээлч ярилаа. Харин "Хадгалагдах" хэмээх нэрийн тухайд ямар нэгэн өвөрмөц далд утга санааг илэрхийлэхийн оронд бүтээлүүдийн зохиомж, арга барилтай уялдуулан нэрийджээ.
Түүний бүтээлүүдэд дүрслэгдсэн эмэгтэй хүний гоо үзэсгэлэн болоод цэцэгс, шувууд гэх мэт байгалийн өнгө аяс нь хоорондоо нэгдэхдээ зүүдний ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.
2002 онд Дүрслэх урлагийн их сургуулийн Монгол зургийн ангийг төгссөн Д.Үүрийнтуяа нь орчин үеийн монгол зураг, контемпорари урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй уран бүтээлчдийн нэг юм. Тэрбээр 2015 онд Ази Номхон Далайн Контемпорари Урлагийн VIII триенналд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан төдийгүй түүний "Баялагт хүрэх зам" нэртэй бүтээл нь тус арга хэмжээний нүүр царай болж байжээ.
Дашрамд дурдахад "Улаанбаатар-2018" олон улсын дүрслэх урлагийн наадам нь есдүгээр сарын 5-12 хооронд үргэлжлэх бөгөөд энэхүү наадамд Монголын 50 гаруй уран бүтээлч болон Австрали, Швед, Бельги, Хятад, Солонгос, Эстон, Мьянмар, ОХУ-ын 9 уран бүтээлчийн бүтээлүүд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 11 галерейд дэлгэгдэх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт