Монголын сор болсон зураачид болох У.Мөнхжаргал, До.Болд, Ж.Гэрэл зэрэг уран бүтээлчдийн арт фото хөрөгтэй "Далд төрх" үзэсгэлэнгийн онцлох зургуудыг анх удаа цахим ертөнцөд дэлгэж байна
Хөх Зэв уран бүтээлийн нэгдлийн бүтээсэн "Алтан огтлол" арт кино ирэх арваннэгдүгээр сарын 2-нд ганцхан удаа гарах гэж байна. Дүрслэх урлагийн их сургуулийн 70 жилийн ойд зориулсан уг кинонд 34 багш, уран бүтээлчид оролцжээ. Монголын дүрслэх урлагийн түүхэн хөгжлийг харуулсан, уран бүтээлчдийн дотоод сэтгэл, ертөнцийг үзэх үзлийг дэлгэсэн энэхүү кинотой хамт мөн арт фото үзэсгэлэн удахгүй гарах юм. Тус үзэсгэлэн энэ онд багтаж гарах хамгийн хүлээлттэй үйл явдлын нэгд зүй ёсоор тооцогдож байгаа.
Тиймээс бид уншигч та бүхэндээ Хөх Зэв уран бүтээлийн нэгдлийн 2014 оны зургаадугаар сард олон нийтэд дэлгэсэн "Далд төрх" үзэсгэлэнгийн онцлох зургуудыг анх удаа цахим ертөнцөд авчран, виртуал галерей болгон толилуулъя. "Далд төрх" үзэсгэлэнд Д.Лувсаншарав, Б.Чогсом, Я.Оюунчимэг, Б.Бааст зэрэг утга зохиол, хөгжмийн урлаг, дүрслэх урлагийн мастерууд мартагдашгүй, дотно дүр төрхтэйгээ буун үлджээ. Эдгээр зургуудыг Л.Базарсад, Ж.Мөнхжаргал, Б.Энхчулуун, Ц.Нямдулам, Л.Мөнхзул зэрэг уран бүтээлчид бүтээсэн байна. Тэд өөрсдийн зургандаа өгсөн тайлбар бичвэр мөн сонирхолтой байх болно.
Чамайг би аваръя
Төмөр зуунд - Дуулиан шуугиан нүргэлсэн их чимээ... Цаг хоромтой уралдсан их хурд, хөгжлийн төлөөх улайрсан их тэмцэл... Энэ төмөрлөг зуунд... Уран, торгон нэгэн аялгуу гэгээн сайханд даллана...
ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ - Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байхгүй. Гурван цагийн хэлхээсэн дор амьдрал үргэлжилнэ. Монголын байгаль өнөөдөр цэцгэн титмээ төмөр өргөсөөр сольжээ. Монголын байгаль маргааш цэцгэн титэмтэй байг.
Хар ба цагаан - Хар цагаан өдөр шөнө, зовлон жаргал, дайн ба энх, үхэл амьдрал, өдөр шөнө, баяр гуниг ээлжлэн байдагтаа л амьдрал илүү утга учиртай сонирхолтой.
ДАЛД БУЙ ИЛ- Гивлүүрийн цаана юу нуугдана вэ? Зовлон шаналал уйтгар гуниг юу эс байгаа бол? Хүнд хэлэхээс, хүнд үзүүлэхээс ч аймар зовлон тэр хар хөшигний цаана байна уу эсвэл...
Зэрэглээ - Тамхины утаа суунаглана. Хөх зэрэглээ мэт... Бүсгүйн галбир тодорч бүдгэрнэ. Зэрэглээ мэт... Зэрэглээ мэт бүсгүйг дагаж зэрэглээ болном. Зэв мэт эгц явнам.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт