Хүн энэ насандаа хэдий олон ном уншина төдий чинээ олон хүний амьдралаар амьдарна гэдэг билээ. Хэдийгээр бидний өөрсдийн амьдрал дахин давтагдашгүй сайхан ч гэлээ өнгөрсөн, одоо, ирээдүй цагт оршиж байгаа төрөл бүрийн хүний амьдралыг өөртөө тусгаж мэдэрнэ гэдэг гайхалтай биш гэж үү?
Энэ жилийн илүү сартай, өвдөг давсан цастай өвлийн улирлыг хамгийн үр ашигтайгаар өнгөрөөх алхам бол урд өмнөхөөсөө олон ном унших гэж хэлбэл та санал нийлэх үү? Нэг л өдрийн дотор мартагдаж орхидог сошиал ертөнцөөс бага боловч хөндийрч, олон арван жилийн түүхтэй уран зохиолын шилдэг бөгөөд сонгодог номуудаас та сонголтоо хийгээрэй. Аялгуу сайхан монгол хэлээр бичигдсэн, дүр дүрслэлийн гайхалтай ертөнцийг дэлгэсэн 11 монгол номыг санал болголоо. Мөн өрнийн уран зохиолын сонгодог болоод орчин үеийн 11 номыг түүвэрлэн танилцууллаа.
Монголын уран зохиолоос онцлох 11 ном
Оройн ганц мод - Д.Оюунчимэг
Зохиолч Д.Оюунчимэг өмнө нь "Хөх дэвтэр" цувралууд, "Эрдэнэсийн сан" хүүхдийн уран зохиолын номууд зэрэг олон арван орчуулгын номон дээр ажилласан билээ. Харин энэ 2016 онд тэрбээр "Оройн ганц мод" гэх хүүрнэл зохиолын номоо хэвлүүлээд байна. Зохиолд өндөр боловсрол эзэмшсэн, гадаадад амжилттай ажиллаж байсан нэгэн бүсгүйн тухай өгүүлнэ. Бүсгүй сэтгэлийн дуудлагаа даган галт тэргэнд сууснаар үйл явдал эхлэх бөгөөд эгэл жирийн амьдралыг, өөрийн дотоод сэтгэл, өнгөрсөн дурсамжийг эрэгцүүлэн явсаар цасан шамрага тавьсан өртөөн дээр буух болно. Энэхүү зохиолоор Д.Оюунчимэг бидний түр мартагнаад байгаа маш чухал санааг дэвшүүлэн гаргасныг та уншиж мэдээрэй.
Заан Залуудай - Б.Ринчен
Уншигч та Улаанбаатар хот, Зайсан орчим дахь Туулын хар шугуйд тэртээ арав гаруй мянган жилийн өмнө ямар хүмүүс, хэрхэн амьдарч байсан бол гэж бодож үзэж байв уу. Билгүүн номч Б.Ринчен энэхүү "Заан Залуудай" зохиолыг археологийн судалгаан дээр тулгуурлан бичиж, Монголын газар нутаг дээр оршиж байсан хирс, арслан бар, заан, баавгай зэрэг олон сонирхолтой араатан амьтны тухай өгүүлж, тэр цагт бидний эртний өвөг дээдэс хэрхэн галыг эзэмшиж, байгалийн хүнд хэцүү шалгуурт дасан зохицож байгааг үзүүлсэн байдаг. Хэрэв та Холливүүдын "Ice age", "The Croods" зэрэг эртний амьдарлыг үзүүлсэн анимейшн бүтээлүүдэд дуртай бол "Заан Залуудай" зохиолыг уншсанаар яг л тийм хөгжилтэй, адал явдалтай сэтгэл догдлуулсан ертөнцөд умбах болно.
Улаанаа ухилах танхим - В.Инжиннаши
Алтай язгуурын Монгол хэлний арвин сан хөмрөгийг зөвхөн орчин үед түлхүү хэрэглэгдэж буй халх аялгуугаар тодорхойлох боломжгүй билээ. Жишээ нь та Ванчинбалын гэр бүлийн гишүүдийн бүтээлүүдээс нэг удаа уншиж үзвэл XIX зууны үед Өвөр Халхын язгууртнууд, бичгийн эрдэмтэд хэрэглэдэг байсан монгол хэлтэй танилцах боломжтой. Тухайлбал монголын анхны романч гэгддэг В.Инжаннаши үндэснийхээ бахархал, омогшилыг сэрээх гэж, харийн соёлыг хэт их шүтэж омтгойлж байгааг сэрэмжлүүлсэн "Нэгэн давхар асар" ба "Улаанаа ухилах танхим" хэмээх роман бүтээсэн байдаг. Түүний "Хөх судар" романыг уншсан хүмүүс В.Инжиннаши үүх түүхээ сэргээн таньж, мартагдсан монгол үг, хэллэгийг ойлгож өвлөхийн тулд залуу насандаа ямар их хүч хөдөлмөр гаргасан байдгийг мэдэх биз ээ. Тиймээс энэхүү номыг заавал унших бүтээлүүдийн жагсаалтдаа оруулж болно шүү.
Шилийн богд - Г.Мэнд-Оёо
Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Оёо монголын утга зохиолын ертөнцөд олон сайхан шүлэг, калиграф, судалгааны ажил, ном бүтээлүүд бий болгосон байдаг. Тэгвэл түүний "Шилийн богд" бүтээлд монгол эр хүн бүрийн бахархан шүтдэг Тоорой банди, түүний гэр бүл, нөхөд ба дайснуудыг дүрслэн үзүүлжээ. Зохиолд Агшуу хэмээх жигүүртний ертөнц хүмүүстэй зэрэгцэн орших ба амьдралыг шувууны нүдээр харж өгүүлсэн нь тун сонирхолтой сэтгэгдэл төрүүлдэг.
Цагаан Хар Улаан - Г.Аюурзана
Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын бүтээлүүдээс энэ удаад "Цагаан Хар Улаан" бүтээлийг онцлон хүргэж байна. Зохиолын үйл явдал орчин үеийн Улаанбаатар, Ховдод өрнөх бөгөөд гадаадад арал худалдан авах хэмжээний бэнчинтэй зураач Рэнцэнраа гэх эрийн тухай өгүүлнэ. Тэрээр Ховдыг зорьсон нислэгийн үеэрээ үүлэн дотор Бурхан инээмсэглэж буйг харж, Булган суманд туульч Намаржаан гэх хүнтэй танилцаж, Пенелопе хэмээх харийн бүсгүйд сэтгэл алдарна. Энэхүү зохиолын нэр нь ямар нэгэн өнгө заасан утгатай биш юм. Харин зохиолд тусгагдсан байгаа жинхэнэ урлаг гэж юу болох, хүний мөс чанар хаана, хэрхэн ялгарч тодордогийг, хумигдан мартагдаж буй үндэсний соёлын тухай өгүүлсэн сэдвүүд дундаас та уншиж мэдээрэй.
Тэнгэрийн хөвгүүний эцэслэл - С.Эрдэнэ
"Монгол хэлний тэр яруу сайхан нь хаана байна вэ?" гэж хэн нэгэн асуувал огт эргэлзэх зүйлгүйгээр С.Эрдэнийн зохиолуудыг нэрлэж болно. Түүний хамгийн сүүл үеийн бүтээлүүдийн нэг болох "Тэнгэрийн хөвгүүний эцэслэл" ном нь хоёр тусдаа туужаас бүрддэг. Эхний тууж нь Чингис хаан сүүлийн амьсгалаа хураахаас өмнөх хэд хоногийг өгүүлэх бөгөөд их хаантан өөртэйгээ хүүрнэсэн монолог байдлаар бичигдсэн. Зохиолч Чингис хааны түүхээс хамгийн анхаарал татсан, хүмүүс тэр бүр тайлж, тайлбарлаж чаддаггүй хэсгүүдийг тууждаа тусгасан байгаа. Харин тус номын хоёр дах тууж нь С.Эрдэнэ баавайн өөрийн намтар түүхээс бүрдэх ба 1990 оноос өмнөх нийгмийн үнэ цэнэтэй, сайхан дурдатгалуудтай хамт хөврөнө.
Үзэхийн хязгаар - Л.Өлзийтөгс
Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн дотоод ертөнцөд охид, эмэгтэйчүүд маш дуртай байдаг учраас бид түүний "Үзэхийн хязгаар" номыг энэ жагсаалтад багтааж байна. Өөрийн дуртатгалдаа тулгуурлан бичсэн түүний энэ номонд хүний амьдрал, хүмүүсийн харилцаа, бодрол, бясалгал, олж авахуй болон алдан гээхүй, үхэл, гэгээрлийн тухай гээд маш олон сэдвүүд хөндөгдсөн байгаа.
Ийнгаа, миний хээр тал - Д.Батбаяр
Та хэзээ хамгийн сүүлд морь унасан бэ? Мөн морь унахаар танд ямар мэдрэмж төрдөг вэ? Технологи ба орчин үеийн амьдралын үрээр бид морьноос холдсоноор байгальтай харьцах, өөртэйгээ харилцах, дотоод сэтгэл болоод ирээдүйгээ харах хандлагад ямар өөрчлөлт орсныг энэ номоос мэдрэх боломжтой. Зохиолд Анар хэмээх нэгэн залуухан эрдэм шинжилгээний ажилтан эр хөдөө, айлд Ийнгаа гэх нэгэн бүсгүйд дурлаж, түүнтэй хамт мал дээр байгаа тухай гардаг. Анар бол өөрийн эрдэм шинжилгээний ажлаараа дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж чадна гэж итгэдэг. Харин тэр итгэлийг нь хайр дурлал хийгээд морь унаж байгалийн хэлийг мэдэрдэг болсон чадвар нь төгөлдөржүүлнэ.
Онцгой эрх - Лха.Дарьсүрэн
"Онцгой эрх" роман бол монголын хамгийн алдартай зохиолуудын нэг гэдгийг та мэдэх биз ээ. Цагтаа энэхүү номыг худалдаалахыг хориглож байсан ч 1990 он өнгөрсний дараа Лха.Дарьсүрэн гуайн бүтээлийг хүмүүс маш их шимтэн уншсан юм. Зохиолд 1911 оноос хойш Монголын төр засгийн тэргүүнүүд хэрхэн тусгаар тогтнолоо тогтоон хадгалж, Япон болоод Хятадын эзэрхэг санаархалтай тэмцэж ирсэн түүхийг гарамгай тагнуулчдын амьдарлаар үзүүлнэ. Японы Манжуур дахь цэргийн дээд албан тушаалын хүмүүсийн итгэлийг олж чадсан монгол тагнуулууд ямар гайхамшигт үйл ажиллагаа явуулж байсныг энэ номоос олж мэдээрэй. Сонирхуулж хэлэхэд Лха.Дарьсүрэн гуай "Харанхуй ангал", "Онцгой эрх" зэрэг романуудаа Тагнуулын газрын архивын материал дээр үндэслэн бичсэн гэдэг.
Монголын нууц товчоо
"Монголын нууц товчоо" бол түүхийн эх сурвалжаас гадна бидний өвөг дээдсийн бичиж үлдээсэн хамгийн эртний уран зохиолын бүтээлд тооцогдох сод туурвил юм. Орчин үед "Монголын нууц товчоо" бүтээлийг цаасан болон цахим байдлаар уншиж, аудио хувилбараар сонсох боломжтой. Хамгийн гол нь XII-XIII зуунд монголчууд хэл, бичгийн ямар өндөр соёлтой, яруу найргийн ямар өндөр мэдрэмжтэй, хүндэтгэл итгэлийн ямар ариун журамтай байсныг тус зохиолоос үзэж болдог. Жишээ нь Өүлэн эх Есүхэй баатарт булаагдах үедээ "Миний үнэрийг үнсэж яв" гэж хэлээд сэтгэлтэй эрдээ алчуураа дурсгаж байгаа нь, Бөртө-Үжиний ордны яруу найрагч залуу уран цэцэн үгтэйн ачаараа Чингис хааны өршөөлийг хүртэж, амьд үлдэж байгаа зэрэг сэтгэл хөдөлгөм олон үйл явдал тус бүтээлд бий.
Хархулангийн бөгж - З.Баяр
Орчин үед бүтээгдсэн үргэлжилсэн үгийн реалист зохиолуудаас З.Баярын "Хархулангийн бөгж" туужийг онцолж танилцуулъя. Цогтой монгол эрийн сэтгэлээр бичсэн З.Баярын тус номонд Хантай гэх залуугийн адал явдалт амьдралын тухай өгүүлдэг. Тэртээ Ил хаадын улсын үед Дамаскийн тулалдааны үеэр гарамгай гавьяа байгуулсан Хархулан баатрыг шагнаж өгсөн үнэт эрдэнийн чулуутай бөгж орчин үед Япон улсад сурдаг нэгэн залуугийн амьдрал, ертөнцийг үзэх үзлийг орвонгоор нь эргүүлнэ. Номонд монгол хүн харийн нутагт сурч, амьдралаа залгуулахын тулд хэрхэн зүтгэдгийг, Япон орны амьдралыг сонирхолтой талыг, эр хүн зорилгодоо үнэнч бол эцэст нь юунд хүрдэгийг үзүүлнэ.
Гадаадын уран зохиолоос онцлох 11 ном
Хайр сэтгэл болон бусад чөтгөрийн тухай - Г.Г.Маркес
Г.Г.Маркесын зохиолууд үргэлж сонин, содон нэртэй байдагт гайхах хэрэггүй. Түүний "Зуун жилийн ганцаардал" ном ХХ зууны уран зохиолын хамгийн шилдэг зохиолоор нэрлэгддэг бол "Гунигт янхануудаа дурсахуй", "Хурандаад хэн ч бичихгүй" зэрэг бүтээлүүд нь хүний дотоод ертөнцөд байдаг санаанд оромгүй зан, араншинг ил гаргаж үзүүлдэг. Харин "Хайр сэтгэл болон бусад чөтгөрийн тухай" гэх ном нь Монголчууд биднээс алс хол, тийм ч олон монгол хүн дунд нь амьдарч байгаагүй Латин-Америкийн ертөнцийн тухай баялаг өгүүлэмжийг хүүрнэх болно.
Хувирал тэргүүт тууж өгүүллэгүүд - Франц Кавка
Хэрэв та Франц Кавкагийн "Хувирал" хэмээх зохиолыг уншиж үзээгүй бол заавал унших номын тоондоо оруулаарай. Учир нь хүний ертөнцөд сайн, муу гэдэг ойлголт зөвхөн харагдаж буй өнгөн төрхөөр хэмжигддэггүй гэдгийг та энэ зохиолоос мэдрэх болно.
Эртний Грек, эртний Ромын домог туульс
Өнөөдрийг хүртэл өрнө дахины гоо зүй, сэтгэлгээний үндсэн суурь болсоор байгаа эртний Грек, Ромын домог туульсыг та эх хэл дээрээ унших боломжтой. Олимпийн тэнгэрүүд, Одиссейн аялал, Эдип хааны эмгэнэлт түүх, Трой хотын төлөөх бурхад ба хүмүүсийн дайн тулаан гээд олон алдартай домог, тууль энэ бүтээлд багтжээ. Мөн ганцхан Монголчууд уул, усыг эзэн савдагтай гэж итгэж явдаг биш, эртний грект ертөнцийн юмс, үзэгдэл бүр өөрийн гэсэн ивгээсэн бурхантай байсан гэдгийг олж мэдэж, Бурхан-Хүний харилцаа хэрхэн хувиран өөрчлөгдөж, эцэстээ хүн өөрөө өөртөө итгэх аугаа тэр сэтгэлийг хэрхэн олж авсныг эдгээр домог үлгэрүүдийн нийлбэрээс олж мэдэх боломжтой.
Хөх тарианы харуул - Жером Сэлинжер
Америкийн уран зохиолын ертөнцөд "Хөх тарианы харуул" нэртэй бэсрэг роман хэвлэгдэн гарснаар өсвөр, залуу үеийнхний дотоод сэтгэлийн тогтворгүй байдлыг дэлгэн өгүүлсэн нэгэн гайхамшигтай бүтээл бий болжээ. Энэхүү зохиолыг АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган, Жен Ленноныг хөнөөсөн алуурчид бишрэн шүтдэг байсан гэдэг бөгөөд нийгмээс тусгаарлагдаж, ганцаардсан хүмүүсийн дотоод сэтгэлийг өгүүлсэн онцгой бүтээл болж чаджээ. Зохиолд Холден гэх өсвөр насны хүү сургуулиас хөөгдөж, амьдралын эрээн бараантай тулгарч, дотоод сэтгэлийн зөрчилд автана. Гэвч тэрбээр өөрийгөө зөвтгөж, хамгаалахын тулд орчин тойронтойгоо тэрсэлдэн бусдын итгэлийг эвдэх нь утгагүй хэрэг гэдгийг ухаарах болно.
Гэм зэм - Ф.М.Достоевский
Ф.Достоевскийн "Гэм зэм" романыг хүмүүс тийм ч амархан уншиж бардаггүй гэдгийг эхлээд дурдах хэрэгтэй. Гэвч Ц.Гомбосүрэн гэх монголын хамгийн тэргүүний дуун хөрвүүлэгч тус зохиолыг орчуулсан тул уншихад их амттай байдаг. Барууны орнууд тус зохиол дээр үндэслэн кримналистикийн цоо шинэ арга ажиллагаа гаргасан. Тэр нь аливаа гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийн сэтгэл зүйн байдлыг ойлгож чадвал хэргийн учгийг тайлж чадна гэсэн дэвшилтэт хандлага юм. Зохиолд Раскольников гэх нэгэн залуу ломбард ажиллуулдаг эмгэнийг дээрмийн сэдлээр хөнөөдөг. Түүний зорилго нь өөртөө ашиг завшаан хайх бус харин хүмүүст хэрэгтэй зүйл хийчих юмсан гэсэн санаанаас үүссэн байлаа. Энэ шийдвэрийг гаргахдаа болон хэргийг үйлдсэнийхээ дараа Раскольниковын толгойд эргэлдэж буй параной бодлууд нь түүнийг хааш нь хөтлөх бол. Гэвч амьдралд үргэлж ухаарал, сэхээрэл бэлэглэдэг гэгээн хүч байдаг гэдгийг Ф.М.Достоевский хайр дурлал хийгээд цайлган сэтгэлт хүмүүсээр дэлгэн харуулах болно.
Хонгор найз - Ги Де Мопассан
Сайхан төрсөн жавхаалаг эр хэрхэн ядуу зүдүү амьдарлаас эд баялагтай, алдар хүндтэй болж байгааг унших сонирхолтой биш гэж үү? Тэр дашрамд дэврүүн бөгөөд бадрангүй ааштай францчуудтай танилцаж, хайр сэтгэл, амрагийн холбоо, залуу сайхан бүсгүйтэй гэрлэж буй эрийн тухай сонирхоорой. Францын алдарт зохиолч Ги Де Мопассаны энэхүү бүтээл нь дэлхийн сонгодог зохиолын нэгэнд зүй ёсоор тооцогддог тул уншигч таныг өөрөө франц улсаар аялж буй мэт амьд мэдрэмжээр хөглөх болно.
Тиффанигийн дэргэдэх өглөөний цай - Трумэн Капоти
Одри Хепберний тоглосон "Breakfast at Tiffany's" киноны эх зохиолыг монгол хэл дээр унших боломжтой болсон гэдгийг та мэдсэн үү? Зохиолч Трумэн Стрэкфус Персонсын бичсэн энэхүү ном нь та бүхний мэддэг киноны үйл явдлаас өөр, сонирхолтой төгсгөлтэй байдгийг уншиж мэдээрэй. Дашрамд сонирхуулан хэлэхэд Капоти нэрээрээ алдаршсан Трумэн Стрэкфус Персонс нь 20 гаруй цуврал болон уран сайхны кино зохиол бичсэн байдаг.
Алтан цонх - Эдгар Аллан По
Энэхүү ном өгүүлэгч, шавьж судлаач Вилльям Легранд ба түүний боол Юпитер гэх гуравхан хүний өгүүлэмжтэй хэрнээ маш сонин, гайхамшигтай санааг өгүүлж чадсанаараа онцгой. Вилльям санамсаргүй тохиолдлоор нэг шнэ төрлийн цох хорхой олж, түүнийг далайн эргийн элснээс цухуйж байсан илгэн цаасаар жийрэглэж барьдаг. Гэвч тэр цаас нь эртний далайн дээрэмчдийн эрдэнэсээ нуусан газрыг заасан байдгийг тэд олж мэднэ. Тэгэхдээ үүнийг тайлж олж мэдэхэд хүний оюун ухаан, сониуч чанар тус болно.
Мэлхийн зам - Хэнри Миллер
Энэхүү номын талаар Эзра Паунд, Жорж Оруэлл зэрэг алдартай зохиолчид маш магтангүй сэтгэгдлээ үлдээсэн байдаг. Үнэндээ бол "Мэлхийн зам" бүтээл нь шалиг үйл явдлуудаар дүүрэн, эр эмийн харилцааны тухай эрээ цээргүй үг хэллэгтэй ном юм. Тэгэхдээ яагаад заавал дандаа ёс суртахуунлаг, гүнзгий утга агуулгатай ном унших хэрэгтэй гэж. Ямар ч байсэн энэхүү номыг уншсаныхаа төлөө хүмүүс огт харамсахгүй байх бүрэн боломжтой. Бусад нарийн мэдрэмжийг нь та өөрөө уншиж мэдээрэй.
Алхимич - Пауло Коэльо
Хүмүүсийн сэтгэлгээг баригдмал хэв шинжид орохоос сэргийлсэн шидэт реалист, сюрреалист ном зохиолууд байдаг нь хэчнээн баярлууштай хэрэг вэ? Эрдэнэс гэдэг жирийн алт, мөнгийг хэлэх биш, хорвоо ертөнцийн утга учир зөвхөн нэг сууриндаа хэдэн хонио хариулж, эсвэл бүх насаараа болор эдлэл зарах, ашиг хонжооны төлөө байлдан тулалдах биш гэдгийг Пауло Коэльогийн "Алхимич" зохиол өгүүлдэг. Тус туужийн гол дүр нь Испанийн хоньчин Сантьяго гэх эр бөгөөд тэр Морокко улсаар дамжин Египт хүртэл Африкийн цөлөөр аялж, ертөнцийн хэлийг сурахаар одно. Тэр замдаа дээрэмдүүлж, мэхлүүлж, хайр дурлалтай учрах авч энэ бүхний эцэст өөрийгөө олж авч, салхи юу гэж өгүүлэхийг ойлгож сурдаг. Магадгүй үүнийг хүн бүхэн, тэр дундаа та ч эзэмшиж чадах юм билүү.
Мастер Маргарита хоёр - М.А.Булгаков
М.А.Булгаковын бичсэн "Мастер Маргарита" хоёр зохиолыг зарим хүмүүс огт уншиж чаддаггүй бөгөөд үл танигдах шашны утга агуулгатай, Москвагийн уран зохиолын хэнээтнүүдээр дүүрсэн сонин ном гэж ойлгодог. Аз болоход энэ зохиол ХХ зуунд гарсан хамгийн хөгжилтэй, хорвоогийн үнэн худал хоёрын дэнсийг хамгийн гаргуун дүрсэлж үзүүлсэн, романтик хайр сэтгэлийн үйл явдалтай, хүний дэврүүн зан төрхийг дүр бүрээрээ илэрхийлж чадсан бүтээл юм. Зохиол ерөнхийдөө гурван өөр газарт өрнөдөг. Эхнийх нь дөнгөж коммунист дэглэм ноёрхож эхэлсэн Москва хот байх бол хоёр дах нь эртний Израйлийн Иерусалим хотод, Ромын захирагч Понти Пилат гэх хүн Йешуа Га Ноцри буюу Есүс Христтэй холбоотой хэрэг явдлыг шүүж буй үед өрнөнө. Харин гурав дах нь тамын орон хийгээд хүний ертөнцтэй зэрэгцэн оршдог жирийн бус ертөнцөд болдог юм. Тэрхүү зэрэгцээ ертөнцөөс Воланд гэх тамын шидтэн өөрийн шадар туслахуудын хамт Москва хотноо хүрэлцэн ирж, олон ч хөгтэй явдал тарьж орхино. Энэ бүхний эцэст Маргарита гэх дэврүүн сэтгэлт бүсгүй өөрийн хайртай залуу болох Мастертайгаа үүрд мөнх үлдэх боломжийн хойноос тэмүүлнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт