П.Ууганбаяр: Хэрхэн бэстсэллэр ном бичих вэ?

Амазон сайтын бэстсэллэрт шалгарсан “Монгол” номын зохиогчийн зөвлөгөө

Лондонд 6-р сард зохиогдсон "Монгол орны хөгжил 2015" чуулган дээр "Хэрхэн Их Британид ном хэвлүүлэх вэ хэмээх илтгэлдээ ярьсан гол зүйлсийг бид нэхэн сурвалжиллаа.

Их Британид ном гаргахад хоёр замаар гаргаж болно. Эхнийх нь бол уламжлалт арга буюу зохиогч нар өөрийн гэсэн төлөөлөгчөөрөө дамжуулж, хэвлэлийн компанитай гэрээ байгуулах ба энэ тохиолдолд зохиогчоос нэг их зардал гардаггүй. Төлөөлөгч, зохиолч, хэвлэлийн компани гурав гэрээ байгуулахдаа хэн нь хэдэн хувь авах вэ гэдгээ тохирдог. Хамгийн гол нь төлөөлөгч болон хэвлэлийн компанийг олох хэцүү. Мэдээж хэвлэлийн газрууд өөр төрлийн ном гаргадаг ба тэдэнд маш их санал ирдэг. Тиймээс өөрийн бичсэн номын чиглэлийн компани уруу хандах хэрэгтэй. Хоёрдахь боломж нь 
монгол шиг өөрөө хэвлэлийн үйлдвэрт номоо хэвлүүлэх захиалга өгөх.

 Нууцыг задлахдаа жишээ болгон авсан номууд 

Сайн бичсэн ном байх ёстой

Зохиолч Роалд Дахигийн 1964 онд "Charley and Chocolate factory" гэдэг хүүхдийн ном одоог хүртэл хавтас нь солигдоод олон дахин хэвлэгджээ. Энэхүү хүүхдийн зохиол нь хүүхдийг чихэр, шоколад шиг зөгнөлийн ертөнцөд аваачдаг. Хүүхэд болгон л чихэр дуртай. Нээрэн л нүдээ анихад гоё гоё өнгө нь алагласан чихрэн мод ургачихсан, шоколадан замтай бол хүүхдүүд ямар гоё вэ гэж бодно.  Тийм ертөнцийг бий болгосон, сонирхолтой, хүмүүс амт төрүүлэх сайн ном өөрөө ирээдүйгээ зохиодог.

Нийгэмд хэрэгтэй сэдэв хөндөх

I'm Malala гээд охидын боловсролын төлөө нэгэн охин өөрийгөө буудуулан байж тэмцдэг. Энэ бол нийгэмд хэрэгтэй сэдэв хөндөж чадсан чухал бүтээлийн нэг жишээ. Мөн өөр нэг хөхний хорт хавдартай хүний тухай ном маш олон хүмүүсийн сэтгэлд хүрч чадсан. Тус зохиолд дөнгөж хорт хавдартай болсон онош хүлээж авахад өөрт нь болон гэр бүл, найз нөхдөд нь хэрхэн хүрч байгаа талаар намтарчлан бичжээ. Хэнд ч өвчин тусч, амьдралыг орхих, хайртай хүнээ алдах зовлон ирдэг амьдралын 
туршлагыг харуулснаараа энэ ном олон хүнд хүрчээ. 

Олонд танигдсан хүмүүсийн ном бичих

Ямайкийн гүйлтийн тамирчин Уссэйн Болт  "Faster than lightening", Авьяаслаг 
Их Британичууд шоуны шүүгч Аманда Холдоны "No holding back" намтар 
номууд маш сайн борлогдож байгаа. Энэ тохиолдолд тэд өөрсдөө бичээгүй ч 
байж болно. Гол нь алдартай хүний ном хүмүүст маш сайн хүрдэг. Тухайлбал Ливерпүүлийн Жон Терри өөрийн намтраа нэгэн олны танил сэтгүүлчээр бичүүлсэн байдаг. 

Хүний бодож, санаагүй зүйлийг сэдэх

 "Эр хүн сексээс өөр юу боддог вэ" гэсэн нэртэй номыг хүмүүс аваад үзэх юм бол энэ ном дотроо хов хоосон байгааг харна. Гарчгийг нь уншихад л хангалттай ном байсан ч хүмүүсийн анхаарлыг татаж чадсан ном. 

Secret Garden 

Йонна Басфорд гэдэг хүн томчуудад зориулсан, өнгөөр ялгаж буддаг Secret Garden хэмээх ном бүтээсэн нь маш шинэлэг зүйл болжээ. Орчин үед хүмүүс мартамхай болох, сэтгэл санааны олон талын хямрал, өвчлөлд өртөмтгий болсон учраас энэ номыг будаж, тоглосон хүний тархины олон өөр хэсгүүдэд янз бүрийн эерэг нөлөө үзүүлдэг учраас хүмүүс сонирхон авахдаа дуртай байдаг.

Эдгээр зөвлөгөөг Лондонд хүрэлцэн ирсэн 100 гаруй монголчуудад ярьсны дараа олон хүмүүс өөрсдийн аав ээж, өвөөгийнхөө сонин содон түүхүүд, эсвэл ардын анагаах ухааны талаар гэх зэргээр ном бичих хүсэлтэй байгаагаа П.Ууганбаярт ярьжээ. Англи хэл дээр ном бичиж, Амазон сайтаар дамжуулж уншигчидтай холбогдох боломж ч хэн бүхэнд нээлттэй байгаа билээ.  Харин П.Ууганбаяр эцэст нь нэмж хэлснээр зөвхөн шинээр ном бичихээс гадна өмнө нь гарсан монгол номуудаа ч орчуулж болох юм. Хоёр хэлний уран зохиолоо сайн мэдэрч, өндөр түвшинд орчуулж чадах орчуулагчид өөрийгөө сориод үзэх том талбар бидний өмнө цэлийж байна. 

Ж.Чинбат

2015-07-04, 18:58

  • Зураг: Buro 24/7 Mongolia