"Big Little Lies" цувралын хоёрдугаар бүлэг: Шинэ улиралд хариулагдах 8 чухал асуулт

Эхний улирлыг үзээгүй бол спойлероос болгоомжил!

Өнөөдрөөс эхлэн HBO сувгаар "Big Little Lies" цувралын хоёрдугаар улирал цацагдаж эхэллээ. Риз Уидерспун, Николь Кидман нар гол дүрд нь тоглосон энэхүү цувралын эхний бүлэг шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, Эмми ёслолоос дөрвөн шагнал хүртэж байсан бол хоёрдугаар улирлыг бид бараг бүтэн хоёр жил хүлээх шаардлага гарсан юм. Гэхдээ хүсэн хүлээсэн цуврал ч бидний урмыг хугалахгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь жүжигчдийн багт давтагдашгүй Мэрил Стрип өөрийн биеэр нэгдсэн байгаа!

Бид шинэ улирал албан ёсоор нээлтээ хийсэнтэй холбогдуулан цувралын эхний улиралд хариулагдаагүй үлдсэн 8 асуултыг нэг дор цуглууллаа. Та эхний улирлыг бага зэрэг мартаж эхэлсэн бол эдгээр асуултуудаас үйл явдлыг дахин сэргээж болох юм.

Мэри Луиз Райт хүүгийнхээ өнгөрсөн амьдралыг илчлэх үү?

Жүжигчин Александр Скарсгардын бүтээсэн Перригийн дүр эхний улирлын төгсгөлд амиа алддаг. Тэрээр эхний бүлгийн таван ангийн турш эхнэр Селестийг (Николь Кидман) зодож, хүчирхийлдэг. Харин одоо Перригийн ээж Мэри Луиз Райт үнэн хэрэгтээ хүүд нь юу тохиолдсон талаар олж мэдэхээр Монтерейд ирдэг бөгөөд хамгийн түрүүнд мэдээж эхнэрийг нь сэжиглэнэ. Тэрээр "Чи хүүг минь үхэхээс 10 секундын өмнө түүнээс салахыг хүссэн гэв үү?" хэмээн Селестээс асууж байгаа нь трейлерээс сонсогддог. Үүний зэрэгцээ гэр бүлийн хүчирхийлэл удам дамждаг болох нь Перри ба Селест нарын ихрүүдийн нэг Макс ангийн охиноо "дээрэлхэж" байгаагаас тодорхой болно. Гэхдээ анхнаасаа Перриг хэн эсвэл юу хүчирхийлэгч болгон хувиргав? Үүнд түүний ээж ямар үүргийг гүйцэтгэв? Эдгээр асуултууд шинэ улирлын гол түлхүүрүүдийн нэг болно гэдэгт итгэлтэй байна.

Макс, Жош, Зигги нарт юу тохиолдох бол?

Кино зохиолчид цувралд далд явуулгыг маш зальтай байдлаар зохиосон. Бид хамгийн эхний ангид сургуулийн үдэшлэг дээр нэгэн ноцтой явдал болж нэг хүн нас барсныг мэддэг ч таалал төгссөн хүн болон алуурчныг бид төгсгөлийн ангид л олж тогтоодог. Перри Райтын гарт зөвхөн Селест ч бус түүний найз Жейн хохирсон байх бөгөөд нэгэн цагт тэд агшин зуурын харилцаатай байсныг үзэгчид олж мэднэ. Үүгээр ч зогсохгүй ихрүүд болон Жейний хүү Зигги нар төрсөн ах дүүс болох нь тогтоогддог. Тэгвэл тэдний харилцаа цаашид хэрхэн үргэлжлэх бол?

Боннид юу тохиолдох вэ?

Албан ёсоор туслах дүрийн бүсгүй Бонни (Зоуи Кравиц) Перриг хөнөөсөн. Гэхдээ хэрэв энэ хэрэг илэрвэл үйл явдлын гэрч болох бусад бүсгүйчүүд түүнийг хамгаалж мэдүүлэг өгөх өндөр магадлалтай. Гэхдээ үүнийг бас баталгаатай хэлэх боломжгүй. Учир нь кино зохиолчид үйл явдлыг яаж ч эргүүлж магадгүй тул цаашид юу болохыг шинэ улирлыг үзэж байж л мэдэх боломжтой.

Мадлен ба Жозеф нарын харилцаа хэрхэн үргэлжлэх вэ?

Цувралын эхний улирлын гол баатар бол Мадлен (Риз Уидерспун). Хотын театрын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бүхнийг зохион байгуулах дуртай гэрийн эзэгтэй тэрээр сургуулийн зөрчилдөөнөөс эхлээд далайн эргийн жижиг кафены бармены бэлгийн чиг хандлага гээд Монтерейд өрнөж буй бүх зүйлийг мэддэг. Тэрээр хоёр удаа гэрлэсэн бөгөөд түүний одоогийн нөхрийг Эд гэдэг. Гэхдээ ноомой Эд түүний дурлалт залуу огтоос биш. Өмнөх улиралд Мадлен театрт хамт ажилладаг Жозеф гэх залуутай хайр сэтгэлийн харилцаатай болохыг олж харна. Тэгвэл сүүлчийн улиралд тэдний нууц харилцааны талаар Жозефын гэргий мэдсэнээр энэ харилцаа төгсдөг. Харин хайрын дөрвөлжин цаашид үргэлжлэх үгүйг бид шинэ бүлгээс харах болно.

Эд яах бол?

Мадлены нөхөр Эд (Адам Скотт) эхнэрийнхээ шаргуу занд дарагддаг ч шинэ улиралд бүх зүйлтэй эвлэрч, ямар ч нөлөөгүй нөхрийн дүрд тоглосоор байх нь юу л бол. Ямар ч тохиолдолд түүний зан ааш болон өнгөрсөн амьдралын талаар бид юу ч мэдэхгүй. Тиймээс кино зохиолчид түүнд ямар ч намтар зохиож магадгүй юм.

Том ба Жейн нарын хооронд хайр дурлалын харилцаа үүсэх болов уу?

Эхний ангид Мадлен далайн эргийн кафены бармен Томыг ижил хүйстэн хэмээн тодорхойлдог бол тэрээр Жейнд сэтгэлээ илчилснээр гэй биш гэдэг нь ойлгомжтой болдог. Магадгүй хоёрдугаар улирлаас энэ харилцаа хэрхэн үргэлжлэх нь тодорхой болох байх.

Макст юу тохиолдох вэ?

Селест ба Перри нарын ихэр хөвгүүдийн нэг Макс ангийн охин Амабеллагийн хоолойг боож ноцтой хэрэг үйлддэг. Анхандаа охины ээж Рената Кляйн (Лора Дерн) Зиггид бурууг тохож Жейнтэй "дайн" эхлүүлдэг ч төд удалгүй андуурсан болохоо ухаарна. Харин жинхэнэ хэрэгтнийг юу хүлээж байгаа талаар бид тун удахгүй олж мэднэ гэдэгт итгэлтэй байна.

Яагаад эдгээр эмэгтэйчүүд худал хэлсэн бэ?

Эцэст нь "Яагаад эмэгтэйчүүд Перригийн үхлийн талаар үнэнийг хэлэхгүй байна вэ?" гэх асуулт цувралын хамгийн гол түлхүүр юм. Тэд, тэр тусмаа худал ярих ямар ч шаардлагагүй бүсгүйчүүд ямар сэдлээр ийм зүйл хийсэн бэ? Перри Райт гол дүрийн бүсгүйчүүд болох Селест ба Жейн нарт хүчирхийлсэн нь үнэн. Гэхдээ төгсгөлийн ангид тэр жинхэнэ сэтгэцийн өвчтөн болон хувирдаг бөгөөд Бонни найз нарыгаа хамгаалахын тулд түүнийг санамсаргүй шатнаас түлхэн унагаадаг. Магадгүй тэд энэ хэрэгт хамааралгүй хэмээн худал хэлснээр өөрсдийн нэр хүндээ хамгаалж байж ч болох юм. Ямартаа ч бид тун удахгүй үнэнийг мэднэ гэдэгт итгэлтэй байна.

Buro.Mongolia

2019-06-10, 15:00