Кино vs Aмьдрал
Netflix-ийн “The Crown” цуврал олон сая хүнийг байлдан дагуулж, асар үнэтэй бүтээгдсэнийхээ хэргийг гаргаж байна. Харин кинонд гардаг эзэн хааны гэр бүлийн гишүүд бодит амьдрал дээрх хүмүүстэй хэр адил, төстэй болсон бол?
Та Netflix-ийн хамгийн сүүлд гаргасан цуврал киноноос II Элизабет хатан хааны хүүхэд насны амьдрал, хатан хаан болон хунтайж Филипп нарын харилцаа, Их Британийн эзэнт гүрнийг удирдан залах үйл хэргийн тухай болоод гэр бүлийн амьдрал дахь "хөшигний ар"-ын түүхүүдийг үзэх боломжтой. Харин тус цуврал кинонд гарах дүрүүд бодит амьдралтай хэр ойрхон болсон юм бол. Үүнийг тодруулах зорилгоор бид киноны гол дүрүүдийг бодит түүхэн хүмүүсийн мэдээлэлтай харьцуулж дэлгэлээ.
II Элизабет ба хунтайж Филипп нарын харилцаа
Клэр Фой ба Мэтт Смит нар гаднах төрхөөрөө ч тэр, жүжиглэлтээрээ ч тэр хатан хаан II Элизабет ба хунтайж Филипп нартай гайхалтай адилхан болж чадсан. Бодит амьдрал дээр хатан хаан II Элизабет, Данийн хунтайж Филипп Маунтбеттен нар холын хамаатнууд бөгөөд гэр бүлийн хүлээн авалтууд дээр хэд, хэдэн удаа тааралдаж байжээ. Тэгэхдээ 1939 онд Дартмут хотод болсон нэгэн уулзалт дээр 13 настай Элизабет 18 настай Филиппийг хараад шууд л дурласан байна. Хунтайж Филиппийг эзэн хааны тэнгисийн цэргийн флотод алба хааж байх үед тэд захидлаар харилцаж байгаад улмаар 1946 онд сүй тавьж, 1947 оны намар гэрлэсэн юм. Хэдийгээр хааны гэр бүл энэ гэрлэлтэнд сэтгэл дундуур байсан ч II Элизабет хайр сэтгэлээ дагаж Филипптэй гэрлэсэн. Тэд 1952 онд VI Жорж хааныг таалал төгсөх хүртэл энгийн л нэг гэр бүл шиг амьдарч байжээ. Ингээд 1953 онд эцгийгээ таалал төгссөний дараагаар II Элизабет хаан ширээнд суусны дараа тэдний харилцаанд асуудал тулгарч эхэлсэн юм. Жишээ нь Филиппийн авга ах Лорд Маунтбеттен Виндзор биш Маунтбеттен овгоор цаашид төрийг барих ёстой гэж үзэж байсан. The Crown цувралд ч тэдний харилцааг маш дэлгэрэнгүй харуулдаг.
Уинстон Черчиллийн дүрд америк жүжигчин
Их Британийн түүхэнд хамгийн том ул мөрийг үлдээсэн ерөнхий сайд Уинстон Черчиллийн дүрд америкийн жүжигчин Жон Литгоу сонгогдсон нь маш сонирхолтой тохиолдол болсон. Тэгэхдээ анх түүнд Черчиллийн дүрийг продюсерууд санал болгоход тэр андуурсан байх хэмээн бодсон гэдэг. Арга ч үгүй биз, Жон Литгоуд Уинстонтой төстэй гэх ямар ч зүйл байхгүй. Жон 195 см өндөртөй байхад Уинстон Черчиллийн өндөр дөнгөж л 170 см хүрэхтэй, үгүйтэй байсан юм. Жүжигчин хиймэл үс ба протез ашиглан нүүрний хэлбэрээ өөрчилж, тусгай дүүргэгч амандаа хийж, хацраа цулцайлган,Черчиллийн ярианы бэрхшээлийг хүртэл дууриаж чадсан байна. Тэрбээр ерөнхий сайдын төр барьсан хамгийн сүүлийн жилүүдийг маш чадварлагаар гарган өгч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
Ванесса Кирби Маргарет гүнжийн дүрд
Хатан хаан II Элизабетийн өөдрөг, эрч хүчтэй дүү Маргарет гүнжийн дүрийг Их Британийн залуу жүжигчин Ванесса Кирби бүтээсэн. Маргарет гүнжийн эмгэнэлт хайр дурлалын түүхийг ч "The Crown" цуврал үзэгчдэд маш тодорхой дэлгэдэг. Дөнгөж 22 настай Маргарет эцгийнхээ шадар туслах, нисэх хүчний хурандаа Питер Таунсендэд дурлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их шуугиан тарьж байсан. Учир нь Таунсенд тухайн үедээ эхнэрээсээ салсан байсан бөгөөд Маргарет гүнжээс 16 насаар ах байсан юм.
Их Британийн хаант засаглалыг төгсгөх шахсан Виндзорын гүн
VIII Эдуард хаан буюу Виндзорын гүнгийн дүрд английн жүжигчин Алекс Женнингс тоглосон байна. Эдуард хаан хоёр удаа гэрлэлтээ цуцлуулж байсан Уоллис Симпсон гэх америк бүсгүйтэй гэрлэхийн тулд хаан ширээнээс татгалзсан гэдгээрээ түүхэнд үлдсэн билээ. Түүний энэ шийдвэр VIII Эдуардыг гэр бүл нь, тэр дундаа Хатан Эхийг маш их бухимдуулж байсан юм. Тэр ч бүү хэл Хатан Эх Уоллис Симпсоныг Виндзорын шилтгээнд зохиогдох чухал ёслолын арга хэмжээнд оролцохыг хориглож байсан нь "The Crown" цувралд харагддаг. Хосууд үлдсэн амьдралаа Францад тайван амгалан өнгөрүүлсэн юм.
VI Жорж хааны амьдралын сүүлчийн мөчүүд
Анхандаа VI Жорж хаан ширээнд суухаар төлөвлөгдөөгүй байсан юм. Түүний ах VIII Эдуард нь Уоллис Симпсонтой гэрлэхээр хаан ширээнээс татгалзсаны дараа тэрбээр хаан ширээнд заларсан байна. Жорж ээрдэг байсан бөгөөд олон нийтийн өмнө ярихаас айдаг байжээ. Гэхдээ ярианы бэрхшээл засах эмчилгээний тусламжтайгаар тэрбээр үүнийгээ даван гарч чадсан юм. "The Crown" цувралд VI Жорж (Жаред Харрис) хааны засаглал, гэр бүлийн харилцаа, түүний өвчин (уушигны хорт хавдар) ба амьдралынх нь сүүлчийн мөчүүдийг үзүүлдэг.
Ард түмний хайртай Хатан Эх
II Элизабет ба Маргарет нарын ээж Хатан Эхийн дүрийг Виктория Хэмилтон бүтээсэн байна. Тэрбээр Их Британийн түүхэнд хамгийн их нөлөөтэй, ард түмний хайр хүндлэлийг хүртсэн хааны гэр бүлийн гишүүн байсан бөгөөд Адольф Гитлер түүнийг нэгэн удаа "Европын хамгийн аюултай эмэгтэй" ч гэж нэрлэж байсан. Хатан эх 2002 онд 101 насандаа таалал төгссөн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт