Дуучин Адель, Чарли Пут нар тоглолтынхоо дундуур жүжигчин Мэттью Перрид хүндэтгэл үзүүллээ

"Friends" буюу “Найзууд” цувралын Чендлер Бингийн дүрээр үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон жүжигчин Мэттью Перри хоёр хоногийн өмнө 54 насандаа харамсалтайгаар таалал төгссөн билээ. Түүний гэр бүл, найз нөхдөд хүнд гарз тохиож, тус мэдээ “Найзууд” цувралыг үзэж өссөн олон үзэгчдийнх нь зүрхийг шимшрүүлсэн. Түүнийг хүндэлж, хайрлаж явдаг шүтэн бишрэгчдийн төлөөлөл болж дуучин Адель болон Чарли Пут нар тоглолтынхоо дундуур сонсогчдынхоо хамт Мэттью Перрид хүндэтгэл үзүүлжээ.

Адель Лас-Вегас хотод зохион байгуулсан тоглолтоо түр зогсоон Чендлер Бингийн дүртэй холбоотой бага насны дурсамжаа хуваалцаж “Амьдралд минь баяр баясал нэмж, үргэлж инээлгэдэг байсан хэн нэгэн явчихсан гэдэг үнэхээр цочирдом шүү дээ. Би түүнтэй уулзаж байгаагүй ч хачирхалтай нь үнэхээр гунигтай байна. Бага байхад Эндрю гэдэг найз маань хэн нэгэн сэтгэлээр уначихсан байхад Чендлерийн дүрийг дуурайж биднийг байнга инээлгэдэг байж билээ. Би түүний дүрийг үлдсэн амьдралынхаа турш санаж явах болно. Мэттью Перри өөрийнхөө донтолттой нээлттэйгээр тэмцэж байсан нь үнэхээр бахархууштай. Түүний бидэнд, ялангуяа надад нөлөөлсөн бүхий л зүйлд талархаж явдгаа хэлмээр байна. Одоо тэр тайван нойрсож байгаа гэж найдаж байна” хэмээжээ. 

Харин Чарли Пут Мельбурн хотод болсон тоглолтынхоо үеэр “Энэ дууг тоглох үеэр хэн нэгэн таны бодолд бууж байвал тэр хүнд чинь зориулан дуулж байна гэсэн үг юм шүү” хэмээн Найзууд цувралын “I’ll Be There For You” дууг төгөлдөр хууртай хослуулан шүтэн бишрэгчидтэйгээ хамт дуулсан билээ. Дараагаар нь “See You Again” дуугаа эгшиглүүлэн тоглолтоо үргэлжлүүлсэн юм.

Buro.Mongolia

2023-10-30, 18:32