"The Queen's Gambit" кино мюзикл болно

Netflix-ийн хитүүдийн нэг шатарчин охин Бэт Хармоны талаар гардаг киног мюзикл болгохоор төлөвлөж байна. Уолтер Тевис зохиолчтой "The Queen's Gambit" романыг театрчилсан тоглолт болгох албан ёсны эрхийг Level Forward компани авчээ. Тус компанийн ерөнхий захирал Адриенна Беккер, продюсер Джулия Данец албан ёсны мэдэгдэлдээ "Энэхүү бүтээл нь орчин үеийн арьс өнгөөр болон хүйсээр ялгаварлан гадуурхах үзэлтэй чангаар тэмцсэн бүтээл болсон" хэмээжээ. Уолт Диснейн ач охины үүсгэн байгуулсан Level Forward компани нь нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлэн уран бүтээл болгон туурвидгаараа алдартай. Жишээ нь өмнө нь тоглогдож байсан "What the Constitution mean to me" жүжигт эмэгтэйчүүдийн эрх, цагаачлал болон гэр бүлийн хүчирхийллийн талаар хөндөгддөг. "The Queen's Gambit" мюзиклийн бэлтгэл эхлэх хугацаа, дүр бүтээх жүжигчдийн мэдээлэл одоогоор нууц байна.

Зохиолч Уолтер Тевисийн 1983 онд бичсэн энэхүү бүтээлд Бэт Хармон гэх шатрын суутан охины тухай өгүүлдэг. Тэрээр архи, хар тамхины донтолт болон хүйсээр ялгаварлан гадуурхах асуудлуудыг даван шатрын спортод өндөр амжилт гаргаж байгаа талаар гардаг. Уншигчдадаа сануулахад энэхүү роман нь Netflix-ийн бүтээл болсон даруйдаа түүхэн дэх хамгийн их стриминг буюу 62 сая гаруй удаа үзсэн үзүүлэлт гаргасан юм.

Buro.Mongolia

2021-03-11, 17:05