“Sex Education” цувралын зураг авалт хаана хийгдсэн бэ?

Нэгдсэн Вант Улсын хамгийн үзэмжтэй газрууд

Ирэх баасан гарагт буюу есдүгээр сарын 17-нд үзэгчдийн дунд өндөр хүлээлтийг үүсгээд буй “Sex Education” цувралын гуравдугаар улирал дэлгэцнээ гарах билээ. Эргэн сануулахад, тус инээдмийн цувралд Отис хэмээх ичимхий өсвөр насны хүү сексологич ээжийнхээ хамт Их Британийн нэгэн жижиг хотод амьдардаг. Ямар ч сексийн туршлагагүй хэдий ч ээжийнхээ гоц авьяасыг өвлөж авсан Отис ангийн охин Мэйвтэй дотносохын тулд түүнтэй хамт ахлах сургуулийнхаа сурагчдад бэлгийн харилцааны талаар төлбөртэй зөвлөгөө өгөхөөр шийддэг. Эхний улирал яг ингэж л эхэлдэг билээ. Хэрэв та энэхүү цувралыг хараахан үзэж амжаагүй байгаа бол бэлгийн боловсрол, хайр дурлал, нөхөрлөл зэрэг маш чухал сэдвүүдийг хөндсөн уг бүтээлийг нэн даруй үзэж эхлээрэй. Харин бид энэ удаад тус цувралын зураг авалт хаана хийгдсэн талаарх нэгэн сонирхолтой нийтлэлийг бэлдлээ. 

Энэхүү цувралын нэгэн хачирхалтай зүйл бол үйл явдал нь 1980, 1990 эсвэл орчин үед өрнөж байгаа эсэх нь үзэгчдийн хувьд таахад хэцүү байдаг. Netflix тавцангийн бусад цувралуудтай харьцуулахад энэхүү бүтээл нь цаг үед баригдалгүй баатруудын хоорондын харилцаан дээр илүү тулгуурлаж ажилласнаараа онцлог болсон байна.

Отис, Мэйв болон бусад баатруудын сурдаг Мурдейл ахлах сургууль нь үнэн хэрэгтээ Өмнөд Уэльсийн Карлеон хотын их сургуулийн оюутны хотхон юм. Энэхүү хотхон нь Уэльсийн их сургуулийн нэг харьяа байсан боловч 2016 онд хаагдсан байна. Мөн тус хотхонд ойролцоогоор 4500 оюутан амьдардаг байжээ.

Цувралын зохиолч Лори Нунны хэлснээр “Sex Education” бүтээлийн уур амьсгал “The Breakfast Club”, “Pretty in Pink” гэх зэрэг 1980-аад оны алдарт кинонуудын уур амьсгалыг санагдуулдаг гэнэ. Мөн продюсер Жэйми Кэмпбеллийн онцолсноор тэд уг бүтээлээ Их Британийн ердийн нэг өсвөр насныхны тухай цувралаас арай өөр, өвөрмөц болгохыг хүсжээ. Тийм ч учраас сургуулийн коридороор хуучны төмөр шүүгээнүүдийг байрлуулж, ангийн дарга нар сургуулийн бэлгэ тэмдэг бүхий хүрэм өмсөж, сурагчдын дунд хамгийн “лаг” хэмээн тооцогддог хүүхдүүд энгийн биш харин Америк хөлбөмбөг тоглодог байна.

Мурдейл ахлах сургуулийн биеийн тамирын заалны зураг авалтыг Карлеоны оюутны хотхонд биш харин Пенарт хотод байрлах Paget Rooms гэх театрт хийжээ. Энэхүү театрыг XX зууны эхэн үед Плимутын гүнгийн захиалгаар урласан түүхтэй бөгөөд театрын тайзан дээр ихэвчлэн томоохон жүжиг, тоглолт өрнөдөг байна. 

Харин үлдсэн зураг авалтын цэгүүд нь оюутны хотхоны ойролцоо байрладаг. Жишээ нь анги болгоны өмнө гардаг эхлэл хэсэг дээр Уэльстэй хил залгаа орших Глостершир дэх Форест оф Дин дүүрэг болон Уэй голын хөндий гардаг билээ. Тус байршлын ойролцоо Саймондс Ят тосгонд Отис ээжийн хамтаар The Chalet гэх улаан өнгийн виллад амьдардаг байна.

Саймондс Ятаас урагшаа яваад Лландого тосгонд цувралын хэд хэдэн баатруудын ажилладаг Browns Stores дэлгүүрээр зочлох боломжтой. Отис ба түүний хамгийн сайн найз Эрик нарын байнга дугуйгаараа гаталдаг гүүр бол жижигхэн Тинтерн гэх хотод байрлах Wireworks Bridge юм.


Сонирхуулахад, эдгээр байршлуудад өмнө нь ч киноны зураг авалтууд хийгдэж байсан билээ. Жишээлбэл “Harry Potter & The Deathly Hallows Pt 1” кинонд Харри, Рон, Хермаини нар Саймондс Ятын ойролцоо явж өнгөрдөг хэсэг гардаг. Магадгүй зохиолч Ж.К. Роулинг бага байхдаа Форест оф Дин дүүрэгт амьдардаг байсан тул тэнд зураг авалт хийсэн байх. Түүнчлэн "King Arthur: Legend of the Sword", “Star Wars: The Force Awakens”, “Doctor Who”, “Merlin”, “Atlantis” зэрэг бүтээлүүдийн зарим хэсгүүдийг мөн Саймондс Ят тосгоны ойролцоо хийсэн байдаг. Мөн алдарт зохиолч Жон Толкин тус нутгийн гоо үзэсгэлэн, уур амьсгалаас сэдэвлэн өөрийн бүтээлүүдээ туурвисан гэгддэг билээ.

“Sex Education” цувралын хоёрдугаар улиралд хэд хэдэн шинэ байршил гарч ирдэг. Хамгийн эхний анги дээр ангийн дарга Жэксон Өмнөд Уэльсийн Newport International Sports Village дахь усан санд сэлж, Отис Cwmbran цэнгэлдэх хүрээлэнгийн гүйлтийн зам дээр гүйж буй харагддаг. Өмнөд Уэльсэд мөн Эрик болон шинээр ирсэн Рахим нарын Spice Inn гэх пабад уулзсан хэсгийн зураг авалтыг хийжээ.

Харин Адамыг илгээдэг цэргийн коллежийн зураг авалт Маргам гэх мөн л Өмнөд Уэльсэд байрладаг цайзад болсон байна. Уг цайзыг 1830-аад онд барьсан бөгөөд одоогоор жуулчдын дунд алдартай үзмэр болон хувирсан юм. Сонирхуулахад, энэхүү цайзад сүнс, хий үзэгдэл амьдардаг гэх цуу яриа олны дунд тархсан байдаг бөгөөд энэ нь жуулчдын анхаарлыг улам ихээр татдаг байна. 

Buro.Mongolia

2021-09-14, 11:40