Скарлеттыг хувцасласан нь: "Jojo Rabbit" киноны костюм дизайнертай хийсэн ярилцлага
BURO. London-гийн хамт олон Майес С. Рубеотой ярилцсаныг орчуулан хүргэж байна
Анхаараарай: Спойлероос болгоомжил!
Хэдийгээр Майес С. Рубео өмнө нь Жеймс Кэмероны "Avatar", Мэл Гибсоны "Apocalypto", Брэд Питтийн тоглосон "World War Z" зэрэг алдартай кинонууд дээр ажиллаж байсан ч Оскарын шагналд нэр дэвшинэ хэмээн зүүдэлж ч явсангүй. Тэгвэл тэрээр одоо Кристин Лененийн "Caging Skies" зохиолоос сэдэвлэсэн Тайка Вайтитигийн "Jojo Rabbit" нэртэй нацистуудыг егөөдсөн бүтээлээрээ нэр дэвшээд байна. "Энэ яг л сюрреализм шиг мэдрэгдэж байна. Би энэ номинацад дасаж өгөхгүй байгаа ч үнэхээр аз жаргалтай байгаа. Бас хором мөч бүрээс таашаал авч байна" гэж тэрээр утасны цаанаас (ярилцлагын үеэр тэрээр Атлантад байсан) баяр хөөрөө хуваалцахын зэрэгцээ өөрийнх нь тодорхойлсноор "гайхалтай" туслах дизайнерууд болох Лиз Краузе ба Жозеф Фелтус нарт талархлаа илэрхийлсэн юм.
Киноны үйл явдал Адольф Гитлерийн үзэл суртлыг түгээдэг Кленцендорф ахмадын (Сэм Роквелл) удирдлага доорх багачуудын хуарангийн гишүүн Жожо хэмээх 10 настай хүүгийн (Роман Гриффин Дэвис) эргэн тойронд өрнөнө. Хүү национал-социализмын үзэл сурталд гүн гүнзгий автах бөгөөд бүр түүний төсөөллийн найз нь аймшигт дарангуйлагчийн (найруулагч Тайка Вайтити өөрөө тоглосон) дүрээр харагддаг. Ингээд ч зогсохгүй тэрхүү төсөөллийн Гитлер хүүд янз бүрийн зөвлөгөө өгч, тархийг нь угааж эхэлдэг. Үүний зэрэгцээ Жожогийн ээж (Скарлетт Йоханссон) Германы эсэргүүцлийн хөдөлгөөний идэвхтэй оролцогч бөгөөд байшингийнхаа дээврийн хөндийд Еврей охиныг нацистуудаас нууна. Гэвч удалгүй Жожо түүний нууцыг олж мэдсэнээр адал явдлууд тохиолдож эхэлнэ. "Бид хайрын түүх болон хайр бидний үзэл бодлыг хэрхэн өөрчилдөг талаар, мөн амьдрал бүхнийг ялан дийлдэг тухай өгүүлсэн" гэж Рубео хэлсэн юм. Түүний гол даалгавар бол энэ бүхнийг костюмоор дамжуулан илэрхийлэх байлаа. Ер нь дэлхийн хамгийн хар бараан, хүнд хэцүү түүхэн цаг үед өөдрөг, ухаалаг өгүүлэмж оруулна гэдэг тийм ч амар ажил биш.
Доорх нийтлэлд Майес С. Рубео өөрийн дизайн, урам зориг өгсөн зүйлс, Скарлеттай ажилласан туршлагаасаа хуваалцлаа.
«Бид хайрын түүх болон хайр бидний үзэл бодлыг хэрхэн өөрчилдөг талаар, мөн амьдрал бүхнийг ялан дийлдэг тухай өгүүлсэн»
"Намайг энэхүү төсөлд нэгдэхэд Скарлетт Йоханссон энэ кинонд тоглоно гэсэн яриа аль хэдийнэ гараад эхэлчихсэн байсан тул энэ нь миний ажилд маш сайн түлхэц болж өгсөн" хэмээн тэрээр хуваалцаж, Скарлеттыг ямар ч цаг үеийн загварыг амилуулж чадах, хэзээ ч хуучрашгүй дүр төрхтэй жүжигчин хэмээн онцолсон юм. Тэрээр жүжигчин бүсгүйд анх удаа өөрийн бүтээсэн костюмоо өмсөж үзүүлэхээр Нью-Йоркийн Peninsular зочид буудал руу ниссэн тухайгаа ингэж дурсжээ. "Tүүнтэй хамтран ажиллахад их амар байсан. Бид деталь бүрийг маш удаан ярилцсан. Тэр миний ажлын хором мөч бүрийг их сонирхож, бүгдийг нь туршиж үзэхийг хүссэн. Тэр үнэхээр гайхалтай жүжигчин. Скарлетт костюмуудыг өмсөж үзэхэд миний нүдэнд түүний хувцасны шүүгээ яг ямар байх талаар маш тодорхой дүр зураг төсөөлөгдсөн".
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хар бараан цаг мөчүүдийн нэг болох Дэлхийн II дайны үеийн декорацыг үл харгалзан киноны гол баатруудын хувцас улаан, ногоон, усан цэнхэр гээд маш өнгөлөг байдаг. "Хамгийн түрүүнд энэ кино ээждээ хайртай 10 настай хүүгийн нүдээр өгүүлэгдэж байгаа учраас түүний дурсамж ийм тод байгаа юм" гэж Рубео тайлбарлалаа. "Энэ бол хайр энхрийллээр дүүрэн дурсамж. Хоёрдугаарт Рози уран бүтээлч бөгөөд бид түүнийг нийгмийн дунджаас дээд давхаргад хамрагддаг учраас илүү загварлаг хувцаслах боломжтой байсан гэж үзсэн. Жишээ нь бид түүнийг Эльза Скиапарелли, Сальваторе Феррагамо зэрэг тухайн үеийн загваруудыг урлаж байсан уран бүтээлч, сэхээтнүүдтэй хамт цагийг өнгөрөөж буйгаар их амархан төсөөлж байсан. Үүнээс гадна тэр экстраверт бөгөөд тод өнгөнд дуртай. Түүний байшин хүртэл тод өнгөтэй байдаг.
Тайка Вайтитигийн харах өнцөг ийм байсан. Тэр саарал бараан өнгөтэй Дэлхийн II дайны кино хийхийг хүсээгүй". Рубеогийн бүтээсэн шинэхэн костюмууд 1940-өөд оны уур амьсгалд нийцэхийн зэрэгцээ тод, өнгөлөг байдлаа хадгалах шаардлагатай байсан тул тэрээр бүтээлүүдээ маш болгоомжтой элээж өгсөн байна. "Түүний хувцаснууд төгс биш. Би ер нь төгс хувцас хийх дургүй" - гэж дизайнер хэлсэн нь уранхай, цоорхойгоо нөхөн өмсдөг тухайн цаг үеийн сэтгэхүйг төгс дамжуулж байлаа. Яг энэ үзэл нь Майес С. Рубео болон түүний багийнхны судлах бас нэгэн сэдэв болжээ.
"Тухайн үед маш олон хориг хязгаар байсан. Даавуунаас эхлээд малгай хүртэлх бүх зүйл нь зөв зохистой харагдах ёстой байсан учраас хүмүүс хувцаслалтдаа маш бүтээлчээр ханддаг болсон". Эмэгтэйчүүд эрчүүдийн малгайг авч, Англичуудын морин тойруулга, хурим болон бусад арга хэмжээнүүд дээр өмсдөг "fascinator" гэх малгай болгон хувиргадаг байсан гэж Рубео жишээ татан тайлбарласан юм. Жишээ нь кинонд Скиапареллигээс санаа авч бүтээгдсэн хэд, хэдэн гайхалтай малгайнуудыг Скарлетт өмсөн гардаг. Мөн түүнийг 1940-өөд онд дөнгөж моданд орж эхэлж байсан хагас авангард загвартай хэд, хэдэн гайхалтай өмд өмссөн байгааг харж болно. "Тухайн үед өмд тийм ч түгээмэл болж эхлээгүй байсан тул би Скарлеттэд албаар өмд өмсүүлсэн. Миний хувьд өмд нь эрх чөлөөг илэрхийлж байгаа" гэж тэрээр хуваалцсан юм. Авангард загварын сэдвийг дэлгэрүүлбэл Рубео тод өнгө, гэрлэн хээтэй бүтээлүүдээрээ алдартай абстракционист уран бүтээлч Соня Делонигоос бүтээлч урам зоригоо авч, костюмуудаа урлажээ.
Та Скарлеттын өмссөн гутлуудыг хараад цоо шинэ гоёмсог гутал худалдан авах чин хүсэлтэйгээр кино театраас гарах болно. Энэхүү "життербаг" гэдэг загвар нь 1930 болон 1940-өөд оны алдартай бүжгийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд Канадад хийгдсэн байгаа. Кинонд гардаг үдээстэй, хос өнгөтэй загвар маш чухал дүрийг бүтээсэн юм. "Тухайлбал (Киног үзээгүй бол яг энэ хэсгийг уншаад хэрэггүй) энэ гутал нь амьдралын баяр баясгалан болон үхэл хагацлын тухай муу мэдээг нэгэн зэрэг илтгэж өгсөн байгаа. Үйл явдалд Жожо энэ гутлаар дамжуулан ээжийнхээ үхлийн талаар олж мэддэг. Хэрэв чи дайны үед зүгээр л гудамжаар алхаж эсвэл эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож байвал ихэвчлэн харцаа бууруулaх болно. Энэ үед харц чинь гутал дээр чинь тусна. Иймээс л энэ аймшигтай цаг мөчид гутал бага ч болов баяр баясгалан бэлэглэж байх учиртай. Кинонд Скарлеттын гутал аз жаргалтай болон гуниг зовлонтой цаг мөчийг илтгэж байгаа юм" гэж Майес С. Рубео бидэнд тайлбарлалаа.
«Гутал аз жаргалтай болон гуниг зовлонтой цаг мөчийг илтгэж байгаа юм»
Тусгайлан зохион бүтээсэн болон винтэж эд зүйлстэй Рози Бетцлерийн хувцасны шүүгээг Берлиний Mimi Vintage Berlin дэлгүүр болон Праг болон Ромын хуучны эд зүйлс худалдаалдаг захаас бүрдүүлсэн. Жишээ нь Розигийн нарны шилийг Porta Portese захаас олсон бол костюмуудын даавууг Bassetti Rome бөс барааны дэлгүүрээс худалдаж авсан байгаа.
"Би үргэлж костюм дизайнер болохыг хүсдэг байсан. Би кинематографистуудын гэр бүлд төрж өссөн болохоор кино, костюм болон загварын гайхалтай ертөнцүүд миний сонирхлыг үргэлж татаж ирсэн". Рубео мэргэжлийнхээ техникийн болон конструкцын талыг судлахын тулд эхлээд Лос-Анжелес хотын Худалдаа технологийн коллежид элсэн орж, дараа нь Калифорнийн их сургуулиас (UCLA) нэмэлт сургалт авч, уран бүтээлийн чадвараа сайжруулжээ. Тухайн үедээ тэрээр костюм дизайнерын мэргэжлээрээ ажиллаж эхлэн карьерын шатаар өгсөж эхэлж байв. Гэсэн хэдий ч оёдлын тал дээр үнэхээр тааруу гэж Рубео өөрийгөө дүгнэдэг. Энэ тухайд тэрээр "Тийм ээ, үнэхээр хачирхалтай бас зөрчилдөөнтэй байгаа биз?" хэмээн инээмсэглэн хэлсэн юм.
"Тэр маш тодорхой дүрслэлтэй. Мөн тэр хувцас загварт өөрөө их сонирхолтой учраас костюм бүтээх үйл явцад их оролцоотой байсан. Тайка үргэлж бүх костюмуудыг өөрөө өмсөж үздэг байсан. Тэр үргэлж маш анхааралтай сонсдог байсан бөгөөд түүний уран бүтээлч зан чанар, олон талын мэдлэг нь ажлыг улам бүр хөгжилтэй болгодог" гэж Рубео Тайка Вайтититай хамтран ажилласан туршлагаасаа хуваалцлаа. Хэрэв Уэс Андерсон хэн нэгэнд "халаагаа" өгөх байсан бол тэр нь Тайка болон Рубео нар байх байсан гэж бид бодож байна.
Энэхүү нийтлэл нь хамгийн анх 2020 оны нэгдүгээр сарын 21-нд BURO. London вебсайт дээр нийтлэгдсэн.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт