“The Idol” цувралын гол дүр Лили-Роуз Депп гэж хэн бэ?: Түүний талаарх баримтууд

Лили-Роуз Деппийг Холливүүдийн А зэрэглэлийн жүжигчин Жонни Депп болон францын дуучин Ванесса Парадигийн охин гэдгээр нь хүмүүс мэднэ. Харин сүүлийн үед тэрээр The Weeknd болон Сэм Левинсон нарын бүтээсэн “The Idol” цувралын гол дүрээрээ анхаарлын төвд ороод байгаа юм. Blackpink хамтлагийн Женни, Трой Сиван, The Weeknd, Мозес Самни гэхчлэн олны танил эрхмүүдээр жүжигчдээ бүрдүүлсэн тус кино нь салбартаа хамгийн түгээмэл яригдаж буй (эергээр ч, мөн сөргөөр ч) сэдвээр тодроод байгаа билээ.

Лили-Роуз Депп "The Idol"-д жүжигчнийхээ карьерын анхны томоохон дүрийг бүтээж байгаа ч дебютээ 2014 онд хийж байжээ. Тэрээр Канадын инээдмийн аймшгийн төрлийн “Tusk” кинонд жижиг хэмжээний дүрд тоглож байсан юм. Улмаар өөрийн туршлагаа “The King”, “The Dancer”, “A Faithful Man”, “Voyagers” киногоор арвижуулж байсан удаатай.

Киноноос бусдаар Лили-Роуз Депп бол загварын салбартаа танигдсан чадварлаг моделиудын нэг юм. Холливүүдийн сүүлийн үеийн It бүсгүйчүүдийн нэг болох түүний карьер, хувийн амьдралтай илүү ойроос танилцъя.


Тэрээр 1999 онд төрсөн

Лили-Роуз бол Жонни Депп, Ванесса Паради хоёрын дундаас төрсөн том охин нь бөгөөд түүний эцэг эх 13 настай байхад нь гэрлэлтээ цуцлуулж байжээ. Ийнхүү түүний бага нас Лос Анжелес болон Парис хоёрын хооронд өрнөж төрөлхийн англи болон франц хэлийг эзэмшиж чаджээ.


Лили-Роуз Депп анх дуучин болохыг хүсдэг байсан

Тэрээр ээжийнхээ ажил мэргэжлийн залгамж халааг үргэлжлүүлэн дуучин болохыг хүсдэг байсан ч жүжиглэж эхэлснээр маш их тав тух мэдэрсэн гэдэг. Депп анхныхаа мөрөөдлийг охид бүр ээж шигээ болохыг хүсдэгтэй холбон тайлбарладаг юм.


Chanel-ын хамгийн залуу төлөөлөгч

2015 онд домогт дизайнер Карл Лагерфельд нүдний шилний цуглуулгын сурталчилгаандаа 16 настай Деппийг тоглуулж Chanel-ын хамгийн залуу төлөөлөгчөөр сонгож байсан түүхтэй. Түүний ээж Ванесса ч мөн 1991 онд 19 настай байхдаа Chanel-ын нүүр царай болж байсан бөгөөд одоог хүртэл тэдний холбоо үргэлжилсээр байгаа юм.


Депп Chanel-ын кутюр загварын шоуг хаан алхаж байсан

Брэндүүд ихэвчлэн кутюр загварын шоуныхаа төгсгөлд цуглуулгын оргил хэсэг болох хуримын даашинзны загвараа харуулдаг уламжлалтай. Хуримын даашинз өмсөн алхах модель маш нэр хүндтэй үүрэг гүйцэтгэж буйд тооцогддог билээ. Тэгвэл Лили Chanel-ын хавар-зун 2017 кутюр загварын шоуг өндөрлүүлэх ажлыг гардан авч байжээ. 


Түүний улаан хивсний төрхүүд

Лили-Роуз Депп улаан хивсний тэсрэлтээ 2016 оны Met Gala үдэшлэг дээр эхлүүлсэн гэхэд болно. Тэрээр Карл Лагерфельдийн урласан твид макси даашинз болон хүрмээр гоёж 16 насандаа загварын It охидын нэгт тооцогдох болсон юм. Мөн Деппийн 2019 оны Met Gala дээр сонгосон Chanel-ын винтэж даашинз одоог хүртэл загварын сэтгүүл дээр гарж, винтэж хэв маягийг төгс илэрхийлэх жишээ болон дурсагдсаар байдаг юм.

Met Gala 2016
Met Gala 2019
Венецийн кино наадам 2019
Лондонгийн кино наадам 2019
BAFTA Awards 2020
Met Gala 2021

Лили-Роуз өөртөө хүйсийн тодорхойлолт өгөхөөс татгалздаг

АНУ-ын зохиолч, гэрэл зурагчин iO Тиллет Райтын удирдан явуулдаг ЛГБТК+ нийгэмлэгт хамаарах 10,000 хүний зургийг баримтжуулах зорилготой “Self-Evident” арт төсөлд Лили-Роуз Депп оролцож байсан удаатай. Энэхүү үйлдлийг нь хүмүүс Лилигийн бэлгийн чиг баримжаагаа зарлаж буй оролдлого хэмээн тайлбарласан юм. Деппийн хувьд өөрийн зүгээс “Би ердөө хүмүүс, хүүхдүүд өөрсдөдөө ‘би гей’ ‘би эсрэг хүйстнээ сонирхдог’ ‘би ямар нэг хүйсэд хамаардаг’ гэх мэтээр шошго наах хэрэггүй гэж хэлэхийг хүссэн. Чи өөртөө тэмдэг тавих гэж зүтгэх шаардлагагүй. Учир нь заавал тэгэх ёстой гэсэн зөрчиж болшгүй дүрэм байхгүй” хэмээн Nylon сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлж байжээ. 


Тэр 070 Shake реппертэй үерхдэг

Тэд өөрсдийн харилцаагаа энэ жилийн тавдугаар сарын эхээр албан ёсоор зарласан гэхэд болно. Депп өөрийн Instagram Stories-доо үнсэлцэж байгаа зургаа “Сrush-тайгаа 4 дэх сардаа” гэж гарчиглан хийсэн билээ.

Лили өмнө нь Тимоти Шаламе, Остин Батлер зэрэг Холливүүдийн нэр хүндтэй эрхмүүдтэй хайр дурлалын харилцаатай байсан удаатай.

lily-rose depp and (dani) 070 shake pic.twitter.com/TAGmOFRCSv

— line (@liIyvogue) May 11, 2023

Buro.Mongolia

2023-06-15, 12:24