Зул сарын баярын сэдэвтэй хамгийн шилдэг кинонуудын нэгт тооцогддог бүтээл бол “The Polar Express”. Энэхүү кино нь цацагдаад 20 жилийн нүүрийг үзэж байгаа хэдий ч өвөрмөц хийц, гайхалтай түүх, зүүдний ертөнцөд өрнөж буй мэт үйл явдлаараа одоо ч үзэгчдийг гайхшируулдаг хэвээр. Тэгвэл продюсер Гэри Гётцман "The Polar Express" киноны хоёрдугаар ангийг хийх гэж буйгаа мэдэгджээ.
Тэрээр “Бид одоогоор ‘Mamma Mia! 3' төсөл дээр ажиллаж байна. Түүнчлэн 'Where the Wild Things Are' киноны үргэлжлэл ангийг хийх хүсэлтэй байгаа. Гэхдээ бид ‘The Polar Express’-ийн шинэ ангийг гаргахаар аль хэдийн төлөвлөж эхэлсэн” хэмээн баярт мэдээг дуулгажээ. Тус киноны эхний анги 150 сая ам.доллароор хийгдэж, тухайн үедээ хамгийн өндөр өртгөөр бүтсэн анимэйшн кино болж байсан төдийгүй 2004 онд ижил нэрт видео тоглоом нь гарч байсан түүхтэй.
Эргэн сануулахад, кинонд зул сарын өмнөх өдөр Хойд туйл руу гал тэргээр аялж буй хүүхдүүдийн бэрхшээлтэй атлаа сэтгэл хөдлөм, гайхалтай түүхийг өгүүлдэг билээ. Гол дүрүүдэд жүжигчин Том Хэнкс, Нона Гэй, Дэрил Сабара нар дуу оруулсан бөгөөд тэр дундаа жүжигчин Том Хэнкс долоон өөр хүний дүрд дуу оруулж, үзэгчид болон кино шүүмжлэгчдээс сайшаал хүртэж байсан юм. Шинэ ангийн үйл явдал, гарах хугацаа одоогоор тодорхойгүй байгаа ч 2025 оны зул сарын баярын үеэр цацагдах магадлалтай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт