Венецийн кино наадам 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд

Дэлхийн хамгийн эртний гэх тодорхойлолттой Венецийн кино наадмын 81 дэх удаагийн арга хэмжээ уламжлал ёсоор Италийн Лидо арал дээр ёслол төгөлдөр эхэллээ. Хуваарийн дагуу тус наадам нь есдүгээр сарын 7-ны өдөр хүртэл зохион байгуулагдах бөгөөд наадмын эхний өдөр найруулагч Тим Бертоний Beetlejuice Beetlejuice кино нээлтээ хийжээ. Харин арга хэмжээний үндсэн хөтлөгчөөр итали модель, жүжигчин Свева Алвити сонгогдсон байна. Энэ жилийн наадамд нийт 21 кино Алтан арслан шагналд өрсөлдөж буйгаас найруулагч Пабло Ларрайны Maria, Лука Гуаданьиногийн Queer, Тодд Филлипсийн Joker: Folie à Deux зэрэг бүтээлүүд үзэгчид төдийгүй кино шүүмжлэгчдийн дунд хамгийн өндөр хүлээлтийг үүсгээд байгаа аж. 

Венецийн наадмын үндсэн үйл ажиллагаа эхлэхээс өмнө алдартнуудын онгоцны буудал дээрх хэв маяг бидний анхаарлыг татаж чадсан юм. Тэднээс жүжигчин Анжелина Жолигийн Dior загварын ордны шаргал өнгийн цув, Celine ордны түрийтэй хар гутлаар бүрдүүлсэн хувцаслалт, найруулагч Тим Бертон болон жүжигчин Моника Беллуччи нарын сонгодог хослолоор гоёсон хээнцэр дүр төрх онцгойрч байлаа. 

Харин нээлтийн арга хэмжээний хувьд Beetlejuice Beetlejuice киноны баг хамт олон улаан хивсний анхны зочид болов. Тухайлбал жүжигчин Женна Ортега Dior ордны час улаан өнгийн даашинзыг өнгө дагуу нүүр будалттай хослуулсан нь энэ үдшийн шилдэг дүр төрхүүдийн нэгээр дурдагдаж байна. Харин жүжигчин Моника Беллуччи, Вайнона Райдер, Кэтрин О'Хара нар киноныхоо өнгө аястай нийцүүлэн тас хар өнгийн хувцаслалтаар жигдэрсэн харагдлаа. Мөн энэхүү үдэш гэрэлтэж байсан алдартнуудын нэг бол яахын аргагүй жүжигчин Кейт Бланшетт байв. Тэрээр Armani ордны металлик өнгөтэй, сатин даашинзыг Louis Vuitton ордны сувдан үнэт эдлэлтэй хослуулсан нь цэмцгэр, дур булаам мэдрэмжийг төрүүлж байлаа. Түүнчлэн модель, жүжигчин Тейлор Рассел Chanel ордны хавар-зун 1993 улирлын винтэж, кутюр загварын цагаан даашинзаар гоёж тансаг, гламур дүр төрх бүрдүүлсэн нь олны анхаарлыг багагүй татаж чадсан юм.

Ингээд 81 дэх удаагийн Венецийн кино наадмаас онцлох шилдэг дүр төрхүүдтэй танилцана уу.

Э.Цовоо

2024-08-29, 13:57