Мөрөөдлийн хурим: Сайн, муу талууд болон гэнэтийн асуудлууд

Lid's Event House студийн захирал Лидия Симонова ярьж байна

Зуны улирал бол хуримын ёслол хийхэд хамгийн тохиромжтой цагт тооцогддог. Тиймээс яг одоо Монгол улсад олон сайхан хосууд хуримаа хийхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан бид хэрхэн төгс хурим зохион байгуулах, хуримын ёслолын үеэр ямар алдаа гаргаж болохгүй, засал чимэглэлийн салбарт ямар тренд ноёрхож байгаа болон бусад чухал зүйлсийн талаар Lid's Event House студийн захирал Лидия Симоноватай ярилцлаа.

Lid's Event House студи нь 2004 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хурим найр, худалдааны төв, гэр бүлийн арга хэмжээ, загварын шагнал гардуулах ёслол гэх зэрэг төрөл бүрийн, олон нийтийг хамарсан үйл ажиллагааны засал чимэглэлийг гүйцэтгэж ирсэн билээ. Лидия Симоновагийн үүсгэн байгуулсан энэхүү компани энэ хугацаанд Москва хотын томоохон төслүүдийг хариуцаж, Оросын бараг бүхий л сэтгүүлүүдтэй хамтран ажиллаж, хамгийн чухал арга хэмжээнүүдийн засал чимэглэлийг гүйцэтгэж амжжээ.

Стандарт бус байршил сонгохын давуу ба сул талууд

Харамсалтай нь Улаанбаатар хотод 150 ба түүнээс дээш хүний багтаамжтай тийм ч олон газар байхгүй. Ийм газрууд үнэндээ хуруу дарам цөөн бий. Гэхдээ зуны улиралд нөхцөл байдал илүү хялбар байдаг. Цэвэр агаарт түр зуурын байгууламж босгох боломжтой тул хосууд илүү олон сонголттой болдог. Харин жилийн бусад үед уран сэтгэмжээ ашиглах хэрэг гарна.

Одоо ихэнх хүмүүс нийтлэг хүлээн авалтын заал, ресторануудаас татгалзах болсон. Учир нь тэд зүгээр л нэгэн хэвийн зүйлээс залхаж орхисон.

Үйлчлүүлэгчид одоо лофт, эртний эсвэл бүр баригдаж дуусаагүй барилгууд гэх зэрэг чимэглэгчийн уран сэтгэмжийг ашиглах боломжтой, уламжлалт бус газруудыг сонирхох болжээ. Гэхдээ эдгээр байршлуудад ч бас өөрийн гэсэн хязгаар бий. Энд ч бас төлөвлөгдөөгүй, гэнэтийн асуудлууд гарч ирнэ.

Хуримын ёслолыг яг өөрийнхөө хүссэнээр, өөгүй зохион байгуулахыг хүсвэл техникийн деталиудыг маш сайн тооцоолох хэрэгтэй. Жишээ нь ариун цэврийн ба хувцас солих өрөөг зөв тоноглож, уран бүтээлчдийн өрөөг зөв хэсэгт байрлуулж мөн тэдэнд зориулж тусад нь гарц бэлдэх хэрэгтэй. Үүнээс гадна, цэвэрхэн, сайн зохион байгуулалттай гал тогоо нь амжилттай хуримын үндэс болж, зочдоо хүндэтгэж буйн илрэл болно. Гэсэн ч олон хүмүүс ийм чухал деталиудыг мартаж орхидог. Хэрэв та үнэхээр стандартын бус талбайд хурим хийхээр шийдсэн бол нэмэлт тоног төхөөрөмжид нэлээд их мөнгө зарах шаардлага гарна гэдгийг санаарай.

Үнэнийг хэлэхэд яг одоо лофт эсвэл хаягдсан үйлдвэрийн барилга биш, харин хамгийн гол нь сайтар төлөвлөсөн, зочдын тав тухыг дээд зэргээр хангасан орон зай моодонд орсон байгаа гэдгийг бид итгэлтэйгээр хэлж чадна.

Хэрэв та хуучин үйлдвэрийн барилга эсвэл хаягдсан харшийг "хүн төрхөнд" оруулах хэмжээний их мөнгө зарцуулахад бэлэн биш байгаа бол нөгөө л хүлээн авалтын заал гэх мэт уламжлалт сонголт хийсэн нь дээр шүү. Нийтлэг сонголт хийсэн тохиолдолд нэмэлт чимэглэл шаардлагатай хэдий ч, техникийн тал дээр бүх зүйл өө сэвгүй байна гэдэгт 100% итгэлтэй байж болно.

Харин 300-500 хүний багтаамжтай том талбай хайж байгаа хүмүүст бид арабуудын туршлагаас санаа авахыг зөвлөж байна. Тэд хуримын арга хэмжээнд зориулан үзэсгэлэнгийн цогцолборуудын павильон ашиглах тохиолдол цөөнгүй байдаг. Юуны өмнө эдгээр павильонууд нь ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, төрөл бүрийн төхөөрөмж ба хэрэгсэл багтаах орон зай гээд техникийн тал дээр маш сайн тоноглогдсон байдаг юм. Түүнчлэн энд дүүжин гэх мэт маш нарийн ажиллагаатай чимэглэлүүдийг хүссэнээрээ засаж болдог давуу талтай. 

Үдшийн цагаар ёслол хийх шинэ трендийн тухайд 

Сүүлийн үед оройн цагаар хуримын ёслол зохион байгуулах шинэ моод дэлгэрч байна. Бидэнд ч гэсэн энэ нь сайхан санаа шиг санагдаж байгаа. Учир нь манай орны цаг агаар Итали, Франц болон бусад халуун арлын орнуудаас тэс өөр. Бидэнд өмнө нь өдрийн цагаар, нартайд хуримын ёслол зохион байгуулахаар төлөвлөсөн байхад гэнэт үүлшиж, бороо орж байсан хэд, хэдэн тохиолдол бий. Хэрэв толгой дээр саарал, бараан тэнгэр үүссэн л бол ямар ч чимэглэл хуримын ёслолыг аварч чадахгүй. Мөн усны ойролцоо хуримын ёслолоо хийхээр төлөвлөсөн бол нөхцөл байдал бүр ч дордоно.

Тэгвэл оройн цагаар хуримын ёслол хийх нь романтик төдийгүй цаг агаарыг "хуурах" сайхан арга юм. Салхи салхилж, бороо орж, хүйтэн ус хажууханд цалгилж байсан ч харанхуйд энэ нь төдийлөн анзаарагдахгүй. Ингээд ч зогсохгүй чимэглэл болон сайтар төлөвлөсөн гэрэлтүүлэг нөхцөл байдлыг үнэхээр аварч чадна.

Бид A төлөвлөгөөнөөс гадна цаг агаар муудахад бэлэн байх хэрэгтэй Б төлөвлөгөөг бодсон байхыг үргэлж зөвлөдөг. Б төлөвлөгөөнд хуримын ёслолыг хаалттай талбайд эсвэл оройн цагаар зохион байгуулахыг санал болгодог юм.

Цэцгээр бүрхсэн хана яагаад моодноос гарсан тухайд

Амьд цэцгээр хана ба коридорыг чимэглэх моод аажмаар хуучирч байна. Мэдээж хэрэг зарим компаниудын хувьд энэ нь нэрийн хуудас болсон зүйл хэвээр байгаа. Хана ба самбаруудыг амьд цэцгээр чимэглэдэг Карен Тран гэх мэт дэлхийд алдартай компаниуд цөөнгүй бий. Гэхдээ ерөнхийдөө энэхүү трендийн эрч суларсан гэж хэлж болно. Яагаад гэвэл юуны түрүүнд энэ нь маш их зардалтай чимэглэл юм. Мөн одоо амьд цэцгэн ханаар хэнийг ч гайхшруулж чадахааргүй болжээ. Зочдоо тоогоор гайхшруулахыг хүсдэг зарим нэг хүмүүс байдаг ч ухаалаг, ухамсартай байдлаа онцлохыг хүсдэг хүмүүс ч бий. Харин бид сүүлийн бүлэгт багтах хүмүүсийг дэмждэг. Энэ тохиолдолд цэцгийн тоо биш, харин ямар цэцэг орсон бөгөөд цэцэг байршуулах өвөрмөц техник чухал байдаг. Энэ салбарын хамгийн шилдгүүдийн нэг бол Дэниел Ост юм. Тэрээр амьд цэцгээр уран баримал болон урлагийн бүтээлүүдийг урладгаараа алдартай билээ.

Ёслолын орон зайг хэрхэн чимэглэх тухайд

Бидний өмнө нь ашигладаг байсан цаасан чимэглэлүүдийн оронд одоо хөдөлгөөнтэй, гэрэлтэй, өөрөөр хэлбэл илүү технологийн дэвшилтэт зүйлс тренд болсон. Одоо бол гэрлийн эффект, өвөрмөц динамикгүй нэг ч том ёслол зохион байгуулагдахаа больсон. Заавал нэг зүйл гэрэлтэж, эргэлдэж, хаа нэгтэйгээс усан оргилуур эсвэл хүрхрээ урсаж байдаг болжээ. Үүнийг хамгийн сайн хийж чаддаг хүмүүс бол мэдээж арабууд. Гэхдээ бидэнд ч гэсэн маш гайхалтай бүтээлүүд бий. Тухайлбал хуримын салбарын Wedding Elements шоуны үеэр манай баг хөдөлгөөнт гэрэлтэй цэцэг танилцуулж байсан нь дэлхийн хамгийн шилдэг хуримын чимэглэлийн компани болох DesignLab Experience студийн мэргэжилтнүүдийг гайхшруулж байсан юм.

Хурим зөвхөн хосуудад л зориулагдсан байх учиртай тухайд 

Зарим нэг агентлагууд хуримын ёслол зохион байгуулахдаа аль болох олон элементүүд оруулах гэж хичээдэг. Учир нь ингэх нь тэдний портфолиод сайнаар нөлөөлдөг юм. Өөрөөр хэлбэл тэд үйлчлүүлэгчийн хүслийг биш харин өөрсдийн бизнес сонирхлыг илүүд үзэж байгаа гэсэн үг. Тэдэнд бүр тэдгээр олон деталиуд хоорондоо зохицож байгаа үгүй нь ч хамаагүй байдаг. Тиймээс ийм зүйлсийг хянаж, өөрөө зөв шийдвэр гаргаж байх нь нэн чухал юм. Түүнчлэн зарим сүйт бүсгүйчүүд нэг нэгнээ даван гарахын тулд хуримын чимэглэлээ хэтрүүлэн, хоорондоо хэзээ ч зохицохгүй зүйлсийг оруулсан харагддаг. Энэ нь харин хариуд нь хуримын ёслолыг өөрийн гэсэн онцгой зүйлгүй, энгийн болгодог.

Ийм учраас бүх зүйлд тунг нь тааруулах нь чухал. Коко Шанель "Аксесуар сонгохдоо хамгийн сүүлд зүүсэн зүйлээ тайлаарай" гэж хэлж байсан. Тиймээс бид төсөл бүр дээр ажиллахдаа илүү зүйлсийг хасаж, "цэвэрлэхийг" хичээдэг. Хурим зөвхөн хосуудад л зориулагдсан байх ёстой. Энгийн, цэмцгэр шийдлийг илүүд үзэж, улиг болсон хэтрүүлэгтэй зүйлсээс татгалзах нь заавал минимализм хэв маяг сонгосон гэсэн үг биш юм. Энэ нь харин ч эсрэгээрээ бүх деталийг сайтар төлөвлөсөн концепцыг илтгэнэ. Бид үүнийг хуримын ёслолын ирээдүйн чиг хандлага гэдэгт итгэж байна.

Buro.Mongolia

2017-07-04, 18:00

  • Зураг: