Диваажингаас ирсэн ил захидлууд
Америкийн гэрэл зурагчин Слим Ааронсын бүтээлүүдийг ажиглавал хамгийн түрүүнд аз жаргал, гоо үзэсгэлэн гэх үгс сэтгэлд бууна. Слим Ааронс бол хөрөг, баримтат гэрэл зургийн мастер бөгөөд 1950-1980 оны Америкийн улс төр, урлаг соёлын алдартнуудын амьдралын хэв маяг болоод тухайн үеийн байгалийн сайхныг гэрэл зурагт мөнхөлсөн нэгэн билээ.
Нарны туяа, зун цаг, тансаг амьдрал, далайн эрэг, аз жаргалтай хүмүүс голчлох түүний гэрэл зургууд ил захидал дээр хэвлэгдэн гардаг байсан ба тэдгээрийг “Диваажингаас ирсэн ил захидал” хэмээн нэрлэдэг байжээ. Гэхдээ Слим Ааронс зүгээр ч нэг хээнцэр гоёмсог зүйлсэд татагдсандаа эдгээр зургуудыг дардаггүй байсан юм. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үеэр баримтат гэрэл зурагчны үүрэг гүйцэтгэж байсан тул дайны дараа хар бараан зүйлсээс холдон бодит амьдрал дээрх сайхан зүйлсийг бусдад мэдрүүлэх зорилгоор гэгээлэг зургуудаа дарж эхэлсэн байдаг.
Слим Ааронс 1957 онд Kings of Hollywood хэмээх хамгийн анхны алдартай гэрэл зургаа дарcан юм. Уг зурагт Кларк Гейбл, Ван Хефлин, Гэри Купер, Жеймс Стюарт гээд Холливүүдийн шилдэг эрэгтэй жүжигчид нэгэн үдэшлэг дээр хоорондоо хөгжилдөж буйг буулгасан байдаг. Түүнээс хойш Жаклин Кеннеди, Мэрилин Монро, Брижит Бардо, Грейс Келли, Одри Хепбёрн зэрэг олон алдартнууд Слим Ааронсоор хөрөг зургаа даруулсан нь Holiday, Life, Harper’s Bazaar, Vogue, Travel + Leisure сэтгүүлүүд дээр хэвлэгдэн гардаг байжээ. Түүнчлэн Слим Ааронс гэрэл зургаа дарахдаа нүүр хувиргагч, стилист, арт-директор зэрэг туслахгүйгээр зөвхөн өөрийн мэдрэмжээрээ ажилладаг байсан нь түүний уран бүтээлүүдийг улам үнэ цэнтэй, нандин болгодог байсан юм.
Тэрээр 1974 онд “A Wonderful Time: An Intimate Portrait of the Good Life” гэрэл зургийн цомгоо хэвлүүлсэн нь одоог хүртэл урлаг, дизайн сонирхогчдын хайртай номын нэгээр нэрлэгддэг ба түүнээс хойш “Poolside With Slim Aarons”, “La Dolce Vita”, “Women” зэрэг цомгуудаа гаргасан билээ. Ноён Слим Ааронс 2016 онд 89 насандаа таалал төгссөн ч түүний гэрэл зургууд одоог хүртэл урлаг, загвар, дизайны ертөнцөд нөлөө үзүүлсээр байна. Ингээд Слим Ааронсын дуранд буусан үзэсгэлэнт дэлхийтэй танилцана уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт