Бейонсегийн “Renaissance” аялан тоглолтын харц булаам хувцаслалтууд
Дуучин Бейонсегийн ес дэх аялан тоглолт болох “Renaissance” өнгөрсөн тавдугаар сарын 10-нд Шведийн нийслэл Стокхолмын “Friends” талбайд сүр дуулиантайгаар эхэлсэн билээ. Тэрээр аялан тоглолтынхоо хүрээнд Герман, Их Британи, Испани, Канад, Польш, Франц зэрэг улсуудаар дамжин нийт 56 удаагийн шоу хийх бөгөөд аравдугаар сарын 3-ны өдөр Миссури мужийн Канзас хотод өндөрлөх төлөвлөгөөтэй байгаа юм. Тоглолт бүр нийт гурван цагийн турш үргэлжлэх ба түүний 31 дуу эгшиглэх аж. Мөн тэрээр “Renaissance” цомгийнхоо цацагдаагүй байгаа дуунуудаас дуулж шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьж байгаа гэнэ.
Мэдээж Бейонсегийн гайхалтай хоолой, эрч хүчтэй үзүүлбэрийг магтахгүй байхын аргагүй ч энэ удаад түүний харц булаам, шийдэмгий хувцаслалтууд ярианы халуухан сэдэв болоод байна. Бейонсе тоглолтынхоо загвар, хувцаслалтад маш их анхаарал хандуулж, зарим хувцаснууддаа өөрөө гар бие оролцон, загварчилжээ. Түүний аялан тоглолтыг "загварын тайз" хэмээн нэрлэхэд буруудахгүй ба дуучин бүсгүй “Renaissance” цомгийнхоо өнгө аясыг харуулж өгсөн мөнгөлөг хувцаслалтууд болон зөгий, муурыг санагдуулам халуухан хослол зэргээр ихэвчлэн гоёж, "мөнгөлөг" давлагааг эхлүүлжээ. Түүний өмссөн металлик түрийтэй гутал болон гялалзсан хувцаснууд тэр дороо л тренд болж, дуучин Адель хүртэл "Renaissance" тоглолтод очихын тулд шөнийн гурван цаг болтол Amazon-оос мөнгөлөг өнгийн хувцас хайж суусан гэнэ.
Бейонсе тоглолтынхоо үеэр ихэвчлэн “Valentino”, “Mugler”, “Alexander McQueen”, “Loewe” болон “Givenchy” зэрэг алдартай загварын орднуудыг сонгосон ба зөвхөн аялан тоглолтдоо зориулан дээрх брэндүүдийн хувцсыг өмссөнөөр тэдэнд 187 сая ам.доллартой дүйцэхүйц ашиг орлогын нөлөө үзүүлж чаджээ. Түүнчлэн Бейонсе очсон газрынхаа онцлогт зориулан хувцаслаж байгаа бөгөөд жишээлбэл Их Британи дахь аялан тоглолтынхоо үеэр Мэри Катранзу, Роберт Вун нарын загвараар гоёсон бол Францад алдарт загвар зохион бүтээгч Симон Порт Жакмюсийн хувцсаар голлох дүр төрхөө бүрдүүлсэн байна.
Сонирхуулахад Iris van Herpen-ий зүгээс түүний “Mine” видео клип дээр гардаг дүр төрхийг бүрдүүлэхийн тулд 700 цагийн турш 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр мөрөөдлийн мэт мөнгөлөг даашинзыг урлаж өгчээ. Мөн тэрээр тоглолтдоо зориулан Jimmy Choo-гийн 41 хос гутлыг авч явж байгаа гэнэ.
Ингээд түүний аялан тоглолтын нүд хужирлам хувцаслалтуудтай танилцацгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт