Imagine бол Коммунист намын тунхаг л гэсэн үг
Энхтайван, эв нэгдэл, амар амгаланг дуулсан, намуухан хэмнэлтэй энэ дууг мэдэхгүй, сонсоогүй хүн ховор биз ээ. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон энэхүү дууг олон кино, реклам, нэвтрүүлэг, бүр Олимпын наадмын нээлт дээр хүртэл сонсдог шүү дээ.
Тэгвэл уг дууны талаар Леннон “Би аль нэг улс төрийн хөдөлгөөний төлөөлөл болохыг хүсдэггүй ч шашингүй, улсууд хоорондоо хилгүй, улс төрийн асуудал гэж байхгүй ертөнцийг төсөөлнө гэдэг бол бараг л Марксын Коммунист намын тунхаг гэсэн үг” гэж ярьсан байна. Мөн энэ талаараа NME сэтгүүлд өгсөн тодруулгадаа “Энэ дэлхийд жинхэнэ коммунист улс байхгүй. Миний хэлэх гээд байгаа социализм бол оросууд, хятадуудын оролдож буй тэр зүйл биш. Магадгүй тэдэнд өөрсдөд нь зохидог байхыг хэн байг гэхэв. Харин бидэнд арай аятайхан... Британи социализм хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Энэ дуу олон ч хүний хамгийн гэгээн, сайн сайхан дурсамжуудтай холбогддог байх. Дэлхий даяар олон сая хүн гэрлэх санал тавихдаа, хуримын үеэр, эсвэл хэн нэгэнд сэтгэлтэй гэдгээ илэрхийлэхдээ энэ дууг ашигласан биз. Мөн гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаанд маш их ашиглагдсан дуу билээ.
Гэтэл уг дуу бидний бодсон шиг тийм ч романтик байдлаар зохиогдоогүй аж. Жеймс Блант энэ хоёрдугаар сард “The John Bishop Show”-д өгсөн ярилцлагадаа “Энэ дуу бол жаахан мансуурчхаад өөр хүний найз бүсгүйг метроны буудалд нууцаар дагаж яваа тухай дуу. Гэхдээ хүмүүс хуримын ёслол дээрээ тоглуулаад байгаа нь сайхан л хэрэг” хэмээн улайсан байна. Эвгүй л юм...
Англи хэл дээр биш, мөн олон янзын бүжгийн элемент оруулсан учраас энэ дуу хэний ч толгойд бүжгээр л төсөөлөгддөг билээ. Харин уг дууны шүлгийг орчуулж ойлговоос танд өөр төсөөлөл үүсэх вий. Утгачилбаас, Макарена нэртэй бүсгүй найз залуугаа цэрэгт татагдсан хойгуур өөр хоёр найзтай нь араар тавьж байгаа тухай гардаг юм байна. Бага насны гэгээн төсөөлөл минь сүйрэх шиг л боллоо.
Английн Blur хамтлаг тухайн үедээ Америкт хит болоод байсан гранж рок урсгал, панк рок аккордууд ашиглаад хийчихдэг радио хит дуунуудад тийм ч талтай байгаагүй бололтой. Тэдний “Song 2” нэртэй дуу нь Америкийн гранж, панк хөдөлгөөнүүдийн нэгэн хэвийн байгааг шүүмжилж, өөрсөдтэй нь ижилхэн дуу хийж тохуурхсан юм байна. Гэтэл АНУ-ын сонсогчдод энэ дуу нь машид таалагдаж, улмаар Blur хамтлагийн хамгийн өндөр амжилттай дуу болон үлджээ.
2000-аад оны томоохон хит дуунуудын нэг болох, Грэммийн шагналт “Who Let The Dogs Out?” юун тухай дуу болохыг та бодож үзэж байв уу? Бэн Систо гэгч эр 2019 оны SXSW фестивалийн үеэр найман жилийн турш судалсан судалгаан дээрээсээ үндэслэн бүтээсэн баримтат киногоо танилцуулжээ. Өөрийнх нь хэлснээр “Бурхан байдаг уу? Харь гаргийнхан гэж үнэхээр бий юу? Бид юун төлөө амьдарна вэ? зэрэг асуултуудыг хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөн асууцгаасан боловч, Хэн нохдыг сул тавьчихав? (Who Let The Dogs Out?) гэсэн асуултаас чухал байж чадсангүй” юм гэнэ. Тэрээр нохдыг хэн сул тавьсан талаар найман жилийн турш судалж, уг дууны үгийг зохиогч, продессерууд болон холбогдох бусад хүмүүсийг олж уулзан “энэ бол ямар нэгэн нохойн тухай дуу биш, харин феминист дуулал юм” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Уг дууны зохиогч хаа сайгүй эмэгтэйчүүдийг өдөж хоргоох, элдэв янзаар дуудах, гадуурхах байдлыг жигшиж зэвүүцэн, ийм үйлдэл гаргаж буй эрчүүдийг саваагүй ноходтой зүйрлэж, хуцалдахаас өөр шидгүй амьтад хэмээн ёжилсон ажээ. Ийм хөнгөхөн, сонсголонтой, хөгжилтэй дууны ард ийм гүн утга шингэсэн байна гэж төсөөлсөн ч үгүй шүү.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт