Шаардлагагүй хэрцгийлэлт үү?
Рианнагийн “Bitch Better Have My Money” дууны клип таамаглаж байснаар түрүү долоо хоногийн хамгийн их яриа болсон, шүүмжлэл хүртсэн бүтээл боллоо
Энэ удаа хэрэглэгчид дуучин бүсгүйг сексизм буюу эмэгтэйчүүдийн хүчирхийллийг ухуулан сурталчиллаа гэж буруутгажээ.
Сануулахад клипний зохиолд Рианна өөрийн нягтлангаасаа (Мадс Миккельсон) төлбөр нэхэхийн тулд туслагч бүсгүйг нь барьцаалж авдаг байгаа. Золиос болсон бүсгүйг Рианна эхлээд чармай нүцгэлж дараа нь гаж аргуудаар тамлан зовоодог.
The Guardian сэтгүүлийн нийтлэгч Барбара Эллен дуучин бүсгүйн клипний талаар "Рианнагийн энэ клип ухаалаг биш. Цэвэр эмэгтэй хүний үзэн ядалтыг гаргасан" гэж хэлжээ.
Ууртай ярианаас энэхүү бүтээлийг улс төрийн нөхцөл байдал ч аварсангүй. Учир нь арьс өнгөний ялгаварлал болон үзэн ядалтын хэмжээ өсч буй Америкт энэ клип нэг ёсны "цагаан арьстай дарангуйлагч" нарын эсрэг өшөө авалт шиг харагдана. Гэхдээ олон хүн үүнийг үгүйсгэж байгаа юм. Тухайлбал, Английн The Statesman сэтгүүлийн редактор "Эмэгтэй хүнийг тамлах бол феминист зүйл огт биш. Тэр хүн цагаан арьстай ч бай, баян ч бай, тамлан зовоогч нь ч эмэгтэй бай..." гэж хэлжээ.
Клипний төгсгөл хэсэгт Рианна нөгөө нягтлан эрэгтэйгээ тамлан гарах нь ч түүнийг феминист үзэлтнүүдийн дунд зөвтгөх зүйл болж чадсангүй ээ. Магадгүй тэд клипийг дуустал нь үзээгүй юм болов уу?
Харин дуучин бүсгүй өөрөө энэ талаар санаа огт зовоогүй болов уу. Клипний зураг авалтанд оролцсон Лео Берн болон Чарльз Брисгандын хэлснээр Рианна өөрийн бүтээлдээ ямар ч эмэгтэй хүний эсрэг эсвэл сексист бодол санаа агуулах гээгүй гэжээ. "Тэрбээр анх хэлэхдээ түний гол зорилго бол хүмүүсийг гайхшируулах юм" гэж тэд ярьжээ. Харин YouTube дээрх 15 сая хүний хандалт Рианнаг зорилгодоо хүрснийг илтгэж байх шиг байна.
2015-07-14, 14:11
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт