О.Анхбаяр "ENVOKE" дуугаараа дамжуулан цоо шинэ мэдрэмжийг өгч байна

Дуу бүтсэн үйл явц болон гүн утга санааных нь талаар

Бидний мэдэх S.M.O.K болон Grandmaster брэндүүдийн үүсгэн байгуулагч, дизайнер О.Анхбаяр дуу, хөгжмийн салбарт хүч сорин EYELND нэрэн дор “ENVOKE” дуугаа гаргажээ. Тэрээр загварууддаа шингээдэг агуулга болон өвөг дээдэс, байгаль дэлхий, эрх чөлөөг дээдэлдэг философийн үзэл баримтлалаа энэхүү дуугаараа биежүүлэн хүргэсэн байна. "ENVOKE" -ийг бүтээхэд дуу, хөгжмийн "Soul Tribe" хамтлаг хамтран ажиллажээ. Уг хамтлагт О.Анхбаяраас гадна "Моханик" хамтлагийн Ц.Даваажаргал болон "Something's brewing"-ийн Б.Хүлэгт нар харьяалагддаг билээ. 

Зургаан минут орчим үргэлжлэх бүтээлийн видео клипний зураг авалтыг 2020 онд зохион байгуулагдсан “Spirit of Gobi” фестивалийн үер авчээ. Тус арга хэмжээний хоёр дах өдрийн шөнө О.Анхбаяр “ENVOKE” дуугаа амьд хөгжмийн гүйцэтгэлтэйгээр тоглосон юм. “Биднийг дуугаа дуулж дуусах үед хар үүл нүүж ирэн бороо орж эхлэхэд нутгийн хүмүүс гантай зутарч байсан нутагт бороо авчирлаа гэж хэлсэн. Ингэж таарсан нь тохиолдлын зүйл байсан ч уг үйл явдал надад маш сонирхолтой санагдаж ихэд бэлэгшээсэн” хэмээн “ENVOKE” дууг дуулж найруулгыг хариуцсан артист О.Анхбаяр онцолсон юм. Ийнхүү клипэнд дүрсэлсэн шуурга, аянга, цахилгааны үзэгдлийг тэрээр фестивальд тоглосон мэдрэмжээсээ улбаалан оруулжээ.

Видеоны эхлэл хэсэгт гардаг шатаж буй баримлын дүрсээр дамжуулан оюун ухаанд оршиж буй бодлуудыг “шатааснаар” хүний үндсэн ухамсарт орон зай гарч байгааг илэрхийлжээ. Уг бүтээл нь уран бүтээлч Аюурзаны Очирболдын “Ухамсар” нэртэй ган цутгамал баримал юм. Мөн дууны клипний хүчил төрөгчийн маск зүүсэн хэсэгт Монгол улсад цар тахал дэгдсэн ч, дэгдээгүй ч байгаль орчин, улс төрийн асуудлуудаас үүдэн амьсгалахад хүндрэлтэй байгаа гэсэн утга санааг шингээжээ.

“ENVOKE” нь нийт гурван бадгаас бүрдсэн бөгөөд эхний хэсгийг "Something's brewing" хамтлагийн гишүүн Б.Хүлэгт үлдсэн бадгуудыг нь О.Анхбаяр дуулсан ба нэгдүгээр хэсгийн үгийг арван жилийн өмнө бичиж байснаараа онцлог юм. Дууны хоёр дах бадагт хот, хөдөө, өнгөрсөн, одоогийн нөхцөл байдлыг өгүүлдэг бол гурав дах бадгаараа хүн бол албан тушаал, нийгэмд эзлэх байр сууриас гадна байгаль дэлхийтэй адил агуу бүтээл гэх утгыг дамжуулахыг зорьжээ.

Энэхүү дууг альфа цохилт дээр, гитар, дуулалтыг оролцуулан электрон бөмбөрт суурилан бүтээсэн ба хөөмий, морин хуурын аяыг оролцуулалгүйгээр өөрсдийн гэсэн уламжлалт өнгө аясыг бүтээж гагцхүү мэдрэмжээ илэрхийлсэн байна.

Уншигчиддаа зөвлөхөд, дуугаа хүлээн авахдаа О.Анхбаярын хэлсэнчлэн үгийг нь анхааралтай сонсоорой. “ENVOKE” бүтээлийг YouTube тавцан болон долдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн Apple Music, Spotify-аас сонсох боломжтой.

Б.Энххүслэн

2021-06-25, 15:02