The Royal Heartaches - Утга төгс, уран яруу
Velin сэтгүүлийн хавар-зун 2024 улирлын дугаарт нийтлэгдсэн The Royal Heartaches хамтлагийн ярилцлагыг тус сэтгүүлийн зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна
Манай улсад төдийгүй дэлхий нийтийг хип хоп хөгжим байлдан дагуулж буй энэ цаг үед Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд бүтээлч байдал, мэргэжлийн ур чадвар, мөн хамгийн чухал нь сэтгэл хөдлөлийг дахин авчирч байгаа хамтлаг бол яах аргагүй The Library Records студийн The Royal Heartaches юм.
Хагас жилийн өмнө хамтлагийн уран бүтээлчидтэй тун санамсаргүй байдлаар танилцаж ярилцлага хийсэн ч гишүүдийн, бас уран бүтээлийнх нь тухай ярилцах бишгүй их зүйл үлдээчихсэнээс гадна зөв цаг нь биш байсан тул дахин заавал ярилцлага хийнэ гэж бодож явсаар ийнхүү тэдний шинээр гаргаад буй Харуй цомгийн талаар ярилцан энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.
The Royal Heartaches нь хамтлагийн ахлагч, аргил гитарчин Оюука (Б.Оюунболд), гитарчин Галаа (Н.Гал), саксафон, даралтат хөгжимчин Дива (Л.Даваанаран), бөмбөрчин Өөжгий (М.Өнөрбаяр), дуучин Энни (У.Энэрэлмаа) гэсэн таван гишүүнтэй. Хамтлагийн продюсероор The Library Records студийн үүсгэн байгуулагч, манайдаа “тасарчихсан” гитарчин, продюсер Т.Мөнх-Оргил ажилладаг. Хамтлагийн ахлагч Оюука, гитарчин Галаа нар эртний найзууд ба тэд 2011 оноос хойш Greenwood, Swing Round хамтлагуудад хамт тоглож хөгжим сонирхогчдод танил болсон юм. Оюукагийн хувьд хөгжимчнөөс гадна хамтлагийн дуунуудын хөгжмийн найруулгаа мөн хариуцна. Бөмбөрчин Өөжгий нь The Lemons хамтлагийн бөмбөрчин гэдгийг хүмүүс сайн мэднэ. Ингээд ч зогсохгүй The Voice, That’s My Jam зэрэг шоу нэвтрүүлгүүд, сүүлийн жилүүдэд тоглогдсон олон тоглолтуудын ард “Оюука, Галаа, Өөжгий” гэсэн бүрэлдэхүүн хамтдаа ажиллацгаасаар өдийг хүрчээ. Харин Дива бол ХБНГУ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй GMUB жазз хөгжмийн төслийн 2017 оны төгсөгч бөгөөд Fat Cat клубт тоглодог болохыг жазз хөгжим сонирхогчид гадарлана. Хамтлагийн дуучин Энни нь МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хамтлагт орохоосоо өмнө Соёлын яам, Хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байсан “төрийн албан хаагч”.
2022 онд The Library Records залуу амьд хамтлагууд, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор New Blood төслийг хэрэгжүүлжээ. Шалгарсан хамтлагуудын нэг дууг бичиж өгөх болзолтой уг төслийн зар хоёрдугаар сард тавигдах үед Энни Ирландад сурахаар болж, улмаар ажлаасаа гарчихсан хувийн бэлтгэлээ хангаж байв. Багаасаа дуу хөгжимд дуртай, шүлэг бичиж, дуу зохиодог, бүр “CV-д хэрэг болно” гэх шалтгаанаар МУИС-ийн Их наадамд өөрийн зохиосон дуугаар оролцон түрүүлж байсан ч хэзээ ч дуучин болно гэж бодож байгаагүй тэрээр найздаа зориулсан дуугаа төрсөн өдрөөс нь өмнө бичүүлэх зорилгоор New Blood төсөлд өөрийн демог явуулжээ. Яг энэ үед Swing Round хамтлагийн дуучин гадагшаа явахаар болж мөн гитарчин Галаа хөгжмөөс түр завсарлага авснаар тус хамтлаг тарсан байна. Харин Оюука The Library Records-той цомгийн бичлэгийн гэрээ хийж, цаашлаад сайн дуулахаас гадна дуу зохиож чаддаг дуучин хайж эхэлсэн энэ үед New Blood төслөөр дамжуулан Эннитэй танилцжээ. Улмаар Эннид хамтлагт нэгдэх санал тавьтал дуучин болох нь битгий хэл, гадагшаа сургуульд явах гэж байсан охинд шууд дуучны санал тавихад анхандаа бага зэрэг балмагдсан ч саналыг хүлээн авчээ. Хөгжимчдийн хувьд Өөжгий анхнаасаа хамтлагийн бүрэлдэхүүнд байсан бол гитарчнаар Диватай хамт жазз хамтлагт тоглож байсан Давааг анх авчээ. Гэвч удалгүй Даваа гэр бүлийн шалтгаанаар хамтлагт үргэлжлүүлэн тоглох боломжгүй болж, Диваг өөрийнхөө оронд оруулсан байна. Энэ үеэр гитарчин Галаагийн завсарлага ч дуусаж тэдэнтэй нэгдсэнээр одоогийн бүрэлдэхүүн бүрдэж The Royal Heartaches хамтлаг 2022 оны тавдугаар сард байгуулагдсан түүхтэй.
Хамтлаг бүрдсэн даруйдаа цомгийн бичлэгийн ажилдаа орсон бөгөөд хоёр орчим жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж, нийт 30 гаруй дууны урын сантай болжээ. Тэд эдгээр 30 гаруй дуунаас өөрсдийгөө илэрхийлж чадах 10 дууг сонгон хамтлагийн анхны цомог Харуй-г 2024 оны гуравдугаар сарын 10-ны өдөр бүх хөгжмийн платформуудаар байршуулсан билээ. Тэгвэл тус цомгийн пянз тун удахгүй худалдаанд гарахад бэлэн болоод байна. Цомог тэр чигтээ хамтлагийн гол дуу зохиогчид болох Оюука болон Энни нарын хөгжим, амьдралын түүх. Мөн дуу бүрээс нь уран бүтээлчдийн хөгжмийн аялал нэвт үнэртдэг. Оюука цомгийг бүхэлд нь утсан хөгжмийн найруулгаар дамжуулан өвөрмөц, сонгодог мэдрэмжийг бүрдүүлсэн бол Эннигийн донжтой хоолой чадварлаг дуулалтын өгүүлэмж нь бараг ном уншиж буй мэт содон. Ур чадвар шаардсан хэмжээ, солилт холболтыг Өөжгий чадварлагаар гүйцэтгэж, Дивагийн саксафон даралтат хөгжмийн тоглолтууд хотын мэдрэмжийг өгч, Галаагийн гитарын риф, гоцлол тоглолтууд дуучиндаа ажиллах боломжийг нээлттэй үлдээхээс гадна дууны араншныг төгс илэрхийлж чаджээ. Ингээд Харуй цомгийн арван дуу, арван түүхээр хамтдаа аялцгаая.
Харуй цомгийн эхний дуу бол Bird. Хамтлаг шинэ бүрэлдэхүүнээрээ хамтран ажилласан анхны дуу гэдэг утгаар нь цомгийн эхний дуу болгон сонгосон аж. Оюука хэлэхдээ “Энэ дуун дээр ажиллахдаа ажил амьдралаа ялгахгүй явсаар байтал нэг л мэдэхэд цаг хугацаа өнгөрчихсөн байдаг өнөөгийн нийгмийн асуудлыг хөндөхийг хүсэж, өөрийгөө торонд хоригдсон шувуугаар төсөөлсөн. Мөн амьдралд тулгардаг асуудлууд яг тулаад харвал ихэнхдээ их энгийн байдаг. Ерөөс амьдрал ч гэсэн өөрөө их энгийн гэсэн санааг гаргахыг хичээсэн юм. Дууны шүлэг дээр Rec-On хамтлагийн Замбаа, Баска хоёр маань ажилласан. Аяыг нь харин Энни бид хоёр хийсэн” гэсэн юм. Хөгжмийн найруулга дээр уг санааг улам батлах мэт бага зэргийн айдас, холдож, алсарч буй мэт мэдрэмжийг Галаагийн гитарын гоцлол төрүүлнэ. Цаашлаад утсан хөгжмийн тоглолт дээрх Дивагийн саксафон гоцлол эрх чөлөөтэй, тэнгэрт дураараа нисэх шувуу мэт сонсогдоно.
“Шүхэрт нуугдалгүй бороонд норох сон, шалбааг туулж ээждээ загнуулж орох сон” гэх үл ялиг гунигтай эл дууны эхний хоёр бадаг л үе үехэн хүүхэд нас руугаа хоромхон ч гэсэн буцахыг хүсдэг насанд хүрэгчдийн нандин мөрөөдөл рүү шууд хөтлөх болно. Уг дууны шүлэг дээр ч мөн Rec-On хамтлагийн Замбаа, Баска нар ажиллажээ. Дуучин Энни “Дэлбээ дууг дуулахдаа маш их нандигнаж дуулсан. Нас нэмэх тусам энэ дууг улам илүү хайрлах байх” гэж хөнгөхөн, гэгээлгээр дуулсан тэрээр өөрийн мэдрэмжээ хуваалцсан билээ. Миний хувьд шүлгээс хамгийн содон мэдрэмж төрүүлсэн мөр “Зүрх минь биш өвдөг минь шархалсан” байв. Учир нь нээрэн л балчир байхад бүдэрч унаад шалбарсан өвдөг эдгэх гэж хэсэг зовоодог сон. Одоо харин том болж бүдэрч унаж өвдгөө шалбалахаа байсан ч зүрх минь харин шархлах болжээ.
Харуй цомогт орсон дуунуудаас зохиогдсон насаараа хамгийн “хөгшин” дуу бол Үүр цайхад. Энэхүү бүтээл нь дуучин Эннигийн зохиосон хамгийн анхны дуу буюу тэрээр дөнгөж 13 настайдаа зохиож байжээ. Мөн түүний МУИС-ийн Их Наадамд дуулан түрүүлж байсан дуу нь энэ юм. Энни дууныхаа тухай ярихдаа “Шөнөжин ном уншиж хоноод, өөрөө хүнд дурлаж үзээгүй байсан ч хүмүүс хагацахаараа ийм хэцүү байдаг юм байна, гүн шарх үлдээдэг юм байна гэсэн бодол орж ирсэн яг тэр үед үүр цайж байсан. Бүүдгэр гэдэг үг бодолд орж ирээд шууд угаалгын өрөөнд ороод гитараа бариад суучихсан. Тэгээд нэг мэдэхэд л бүтэн дуутай болчихсон байсан” гэв. Тэр энэ дууг дуулах гэж харин чамгүй олон жил хүлээжээ. Энни одоог болтол энэ дуугаа дуулахдаа нулимс нь цийлгэнэдэг гэнэ. Дууны нэг содон хэсэг бол төгсгөлийн Дивагийн саксафоны гоцлол. Цомогт зориулсан амьд тоглолтын үеэр Дива шууд импровизац хийж тоглосон бөгөөд хамтлагийнханд ч энэ нь таалагдсанаар цомогт тус хувилбарыг оруулжээ.
Дууны үг, аяыг Оюука зохиосон. Тэрээр өглөө нэг хүнтэй уулзах цаг тохирсон ч өнөөх нь шартаад уулзалтаа цуцлахад энэ дууны санаа анх төржээ. Дууны түүхийг ярих үед шоу цэнгээн, найр наадам хэсэхээс нэлээд дөлдөг хүн болох нь шууд анзаарагдаж байв. Гайхалтай нь энэ дуу тэр чигтээ шоу, найр наадамд дуртай хүний тухай. Гол дүр нь халамцсан байхдаа л хамгийн аз жаргалтай байх бөгөөд өглөө шартаж сэрсэн ч орой нь найзуудтайгаа дахин шоуддаг. Нөгөөтээгүүр дууны үг нь одоо үеийн шөнийн амьдралын хэв маяг, архидалтыг шүүмжилсэн утга санаатай ч бас тун донжтой элэглэлтэй.
Цомогт орсон бүтээлүүдээс хамгийн удаан ажилласан, хамгийн их ажиллагаа шаардсан дуу. Тоглолт талаасаа ч ур чадвар багагүй шаардсаны сацуу утсан хөгжмийн найруулга нь маш содон. Хамтлагийн гишүүдийн онцолж буйгаар цомгийн хамгийн хүнд сэдэвтэй дууны нэг гэнэ. Энэхүү дууг анх Ковид-19 цар тахлын үеэр Оюука зохиожээ. Галаа энэ дууны талаар ярихдаа “Бүх газар хаагдчихсан нэг тийм сонин давчуу үе байсан. Бүх юм нээгдсэн ч дахиад л хаагдчихдаг яг тэр үеийн давчуу мэдрэмжийг аяар дамжуулан илэрхийлэхийг оролдсон” гэж тодорхойлсон юм. Үнэхээр ч хөгжмийн найруулга дээр тэд давчидсан мэдрэмжийг тун гайхалтай илэрхийлж чаджээ. Дууны шүлгийг харин сүүлд Энни зохиосон бөгөөд тэрээр шүлгээрээ дамжуулан “Яаж ч хэцүү байсан амьд үлдэх ёстой энэ амьдралд бууж өгч болохгүй” гэсэн санааг агуулжээ.
Өнөөдөр 2024 онд дурлалдаа шаналсан залуус бүхэн энэ дууг сонсож байна. Магадгүй цаашид ч энэ дуу шаналсан зүрхнүүдийн хань, анагаагч нь байх болов уу. 6х6 дууны үг, аяыг Энни өөрийн анхны хайраас сэдэвлэн зохиожээ. Тэрээр дууны түүхийг ярихдаа “Би анх хайр дурлалд итгэдэггүй, хүмүүс уйдаад л хоорондоо суучихдаг байх гэж боддог байлаа. Намайг 11-р ангид байхад, дууны эзэн өвлийн амралтаар манай ангид шилжиж ирсэн юм. Аймаар панаалтай, гарт нь анх хүрэхэд л тог цохисон. Би тэр хүнд чин сэтгэлээсээ дурласан. Дахиад тааралдвал зөндөө юм ярина, бас хэр их хугацааг хамт өнгөрүүлснээ заавал тэмдэглэнэ гэж боддог байсан юм. Тэгээд нэг өдөр яг тааралдахад намайг таниагүй зөрөөд өнгөрсөн. Зөрж өнгөрөх хүртэл нь дотроо тоолоход яг зургаан хором өнгөрсөн байсан. Нэлээд цочролд орчхоод гэр лүү гээ алхаж явахдаа эргээд бодсон чинь танилцаад бас зургаан жил өнгөрсөн байсан. Тухайн үед бадаг дахилтыг нь шууд зохиочихсон ч харин бриж хэсгийг нь зохиох гэж бүтэн жил зарцуулсан. Тэр хүн надтай ижилхэн нэртэй хүнтэй суусан юм билээ. Зүгээр л би биш байсан. Анх танилцахад өвөл байсан болохоор миний хайр анхны цас байсан. Миний хувийн амьдралын тухай болохоор энэ дууг анх дуулахдаа жаахан дурамжхан байсан юм. Харин дуу цацагдсаны дараа хүмүүсийн сэтгэгдлийг хараад хайрлах нь хуваалцах байдаг шиг эдгэрэх ч гэсэн бас хуваалцах юм байна гэдгийг ойлгосон” гэж тэрээр дурсамжаа сэдрээсэн юм. 6х6 бол яг одоо энэ цаг хугацаанд байгаа хамгийн гайхалтай дуу. Дууны үг бүр нь, үйл явдал нь үнэн учраас маш сүнслэг. Энэ дууг сонсоод өвдөх, бас тайвшрах мэдрэмжийг авдаг. Өөрийг чинь хүлээж авахгүй хүнийг тавьж явуулж чадахгүй байвал, бас энэ дууг сонсож амжаагүй бол та заавал сонсоорой.
“Дууны аяа би өөрөө хийсэн. Харин үгэн дээр Замбаа, Баска хоёр маань ажилласан. Улаанбаатар хот маш стресстэй хот. Ер нь хотоос жаахан гараад л байгаль харахад нэг их сайхан тайвширдаг. Галт тэргэнд эсвэл машинд суугаад хөдөө явахад авдаг яг тэр мэдрэмжийн тухай дуу. Хөгжмийн найруулгын хувьд гэгээлэг дуу учраас сити поп маягаар хөгжмийг нь найруулсан. Манай хамтлаг юуны тулд саксафончинтой билээ. Найруулгадаа саксафон гоцлох биш харин ритмийг дэвсэхээр бодож хийсэн манай хамтлагийн хамгийн гэгээлэг хоёр дууны нэг” гэж Оюука уг бүтээлийг тодорхойллоо.
Хамтлагийн ахлагч Оюука уг дууны тухайд “Монгол хөгжим бас бид ялгарах ёстой гэсэн зарчмаар Монгол пентатоник элементийг энэ дуунд оруулна гэж хичээж ажилласан. Мөн найруулга дээр ладгүй (fretless) басс гитараар тоглосон” хэмээн тайлбарлаж байна. Дууны шүлэг дээр ажиллахдаа одоо үеийн залуусын хосын харилцаанаас санаа авч бичжээ. Оюука “Дээр үеийн дуунууд голцуу үхлээ хатлаа гэсэн агуулгатай байдаг бол одоо үеийн залуучууд арай өөр. “Байвал бай, үгүй бол боль” гэдэг хандлагатай болсон учраас энэ санааг үгэн дээрээ гаргахыг хичээсэн” гэлээ. Тэгвэл Энни тус дууг дуулах маш дуртай гэдгээ онцолж “Энэ дууг дуулахад надад хараат биш гоё мэдрэмж төрдөг. Надаас өөр араншин гардаг” гэж хэлсэн юм.
Цомгийн дууны сонголтод анх багтаагүй ч сүүлд нэмж оруулсан бүтээл. Дууны шүлэг дээр Зизи, Замбаа, Баска нар ажиллажээ. Энни “Дараагийн цомогт оруулъя гээд бараг хасчих шахсан дуу. Уул нь миний хоолойнд их гоё тохирдог. Сүүлд Оюука ах Мөнх-Оргил ахтай ярилцаж байгаад оруулахаар шийдсэн” гэж бид энэхүү гайхалтай дууг сонсохгүй өнгөрч мэдэх байсныг дурдсан юм. Түүнчлэн энэхүү бүтээл нь цомогт орсон дуунуудаас гитарчин Галаагийн хамгийн дуртай дуу гэнэ. Дуун дээрх Галаагийн гитарын рифүүд гоцлол хэсэг нь үнэхээрийн чамин. Хөгжмийн найруулга ялангуяа гитарын хэсгүүд дээр Галаа болон продюсер Мөнх-Оргил нар хамтран ажилласныг дурдах нь зүйтэй.
Оюукагийн онцолсноор сэдвийн хувьд цомогт орсон хамгийн хүнд дуу гэнэ. Ковидын үеэр бичигдсэн тус бүтээлийг “Хүн үхээд хаашаа очдог вэ? Дотор байгаа хоосон шилэн савандаа юу хийвэл дүүргэх вэ? Үхлийн дараах газар цаг хугацаа зогсдог уу? Тэнд юу байдаг вэ?” гэх асуултуудаас сэдэвлэн зохиосон гэж тэрээр тайлбарласан юм. Эннигийн хувьд энэ дууны тухай ярихдаа “Хоосон гэдэг нэртэй ч хамгийн дүүрэн санагддаг дуу. Мишель Де Монтенийн хэлсэн ‘Өнөөдөртөө амьдар, чи маргааш сүүдэр, чандар, домог эсвэл хууч яриа болж үлдэнэ. Аль нь болохоо чи эрт шийдэх шаардлагагүй. Угаасаа аль нэг нь л болно’ гэж хэлсэн эшлэл энэ дуутай тохирч байгаа мэт санагддаг” гэв.
Эцэст нь дүгнэхэд орчин үеийн дууны урлагт давамгайлж буй аж амьдралын энгийн үгтэй, минимал найруулгатай дуунуудын дэргэд The Royal Heartaches-ийн энэхүү цомог нь цоо шинэ агаар байв. Өөрсдийнх нь тодорхойлсноор эгогүй гоё хөгжим хийх хүсэлтэй таван интроверт залуусыг The Royal Heartaches гэдэг. Өөжгий хөгжим тоглоод бараг 20 жил болж байгаа бол Оюука, Галаа хоёр хамтдаа тоглоод арав гаруй жилийн нүүрийг үзэж байна. Үүн дээр нэмэгдээд дуулах тухай бодож байгаагүй дуу зохиогч дуучин, инди поп хамтлагт тоглож байгаа жазз хөгжимчин охин. Хальт харахад хоорондоо нэг их авцалдахгүй, магадгүй бие биетэйгээ хэзээ ч уулзахгүй байж болох байсан эдгээр хүмүүс нэгдэж нэг хамтлаг болоод тэр бүү хэл шинэ үеийн монгол хөгжмийн түүхийг бичилцэж байна. Уулзах ёстой хүмүүс, учрах ёстой тавилан гэж байдаг ажээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт