Аниш Капур Нью-Йорк хотод шинэ инсталляци танилцууллаа

Усны эргүүлэг

Энэтхэг гаралтай Их Британийн уран барималч Аниш Капур Нью-Йорк хотын Бруклиний гүүрэн дор усны эргүүлэг бүхий "Descension" нэртэй өөрийн шинэ инсталляцийг танилцуулсан байна. Түүний энэхүү инсталляци нь эцэс төгсгөлгүй эргэлддэг найман метрийн диаметртэй, дугуй хэлбэрийн усан сангаас бүрдэж байгаа юм.

"Descension" инсталляцийг хүмүүст илүү ойроос харуулахын тулд усан сангийн эргэн тойронд хаалт босгожээ. Аниш Капур хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа энэхүү бүтээл нь америкийн одоогийн улс төрийн нөхцөл байдлыг санагдуулж буйг дурдаж байсан юм.

Аниш Капур 1980-аад онд "Их Британийн шинэ уран баримал" гэх хөдөлгөөний гишүүн болсноор нэр алдарт хүрсэн байдаг. Түүний уран бүтээлүүд ихэвчлэн энгийн концепцтой хэрнээ гүдгэр шугам, тод өнгө, толин гадаргуу гэх зэрэг өвөрмөц деталиуд агуулдгаараа онцлогтой юм.

Тэрбээр өмнө нь 2000 онд будагтай уснаас бүрдсэн "Parabolic Water" гэх инсталляциа Лондон хотод дэлгэж байжээ. 

Buro.Mongolia

2017-05-08, 12:00