Анжелина Жоли өсвөр насны хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэх талаар санал бодлоо хуваалцлаа

Hello сэтгүүлд өгсөн ярилцлагадаа

Жүжигчин Анжелина Жоли тэр бүр хэвлэлийнхэнд ярилцлага өгөөд байдаггүй бөгөөд ялангуяа өөрийн хувийн амьдралын талаар ярих нь маш ховор тохиолддог. Харин тэрээр саяхан Hello сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өсвөр насны хүүхдүүдээ (түүний ууган хүү, 18 настай Мэддокс коллежид элсэн орсон) хэрхэн өсгөн хүмүүжүүлдэг талаар дурджээ.

"Хүүхдүүд тань жоохон байхад та өөрийгөө илүү 'ээж' гэж мэдрэх болно. Харин тэд өсвөр насанд ирэхэд та өөрийнхөө өсвөр насны үеийг эргэн санана. Жишээ нь тэднийг янз бүрийн клуб орохыг хараад та 'би ч гэсэн яагаад хамт явж болохгүй билээ' хэмээн бодох болно. Би яг одоо энэ үеийг мэдэрч, өөрийгөө дахин шинээр нээж байна" хэмээн хэлжээ.

Мөн Анжелина Жоли хүүхдүүддээ бүхнээс илүү бусдад болон эргэн тойрны хүмүүстээ нинжин сэтгэлээр хандахыг зааж сургаж байгаа гэдгээ онцолсон юм.

"Даруу зантай байж, өөрийнхөө байх ёстой газрыг мэдэж байх нь их чухал. Бид бүгд л хүн учраас алдаа дутагдал гаргана. Бид бол асар том ертөнцийн бяцхан хэсгүүд. Хүүхдүүд маань өсөж томрох тусам би тэднийг нээлттэй үзэл бодолтой хүчирхэг хувь хүн болохыг нь ухаарч байгаа. Би тэдэнд яг л өөрийн ээж шиг хүлцэнгүй, энэрэнгүй, сайхан сэтгэлтэй байхыг өөрийн биеэр үлгэрлэхийг хичээж байна" хэмээн хэлжээ.

"Дэлхийд маш олон зүйлс өрнөж байгаа тул бид ирээдүйн үеийнхнээ бэлдэх хэрэгтэй. Тэд ирээдүйд маш олон зүйлтэй тулгарах болно" гэж Анжелина Жоли нэмж дурдсан юм.

Анжелина Жоли Мэддоксоос гадна 15 настай Пакс, 14 настай Захара, 13 настай Шайло, 11 настай Нокс ба Вивьен нарын ээж билээ.

Buro.Mongolia

2019-09-10, 12:00

  • Зураг: