Disney шинэ үеийнхэнд зориулан "Гэртээ ганцаараа" киног дахин бүтээнэ

Disney+ стриминг тавцан дээр цацагдана

Disney кино компани алдарт "Гэртээ ганцаараа" инээдмийн киног дахин бүтээхээр болжээ. Энэ талаар тус компанийн ерөнхий захирал Роберт Аллен Айгер компанийн 2019 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайланг танилцуулахдаа дурдсан байна.

Эргэн сануулахад зул сарын баяраар санамсаргүй тохиолдлоор гэртээ ганцаараа үлдэж, хоёр дээрэмчнээс гэрээ хамгаалдаг бяцхан хүүгийн түүхийг дэлхий нийт анх 1990 онд үзсэн байдаг. Маколей Калкины тоглосон энэхүү бүтээл нь нээлтээ хийсэн даруйдаа асар их амжилтад хүрч, шинэ жил, зул сарын баяраар үздэг сонгодог гэр бүлийн кино болсон юм.

Харин шинээр бүтээгдэж буй "Гэртээ ганцаараа" энэ оны арваннэгдүгээр сард нээлтээ хийх Disney+ стриминг тавцан дээр гарах болно. Одоогийн байдлаар киноны нээлтийн тов, үйл явдал, жүжигчдийн бүрэлдэхүүн зэрэг илүү дэлгэрэнгүй мэдээллүүд цацагдаагүй байна.

Мөн Disney кино компани "Гэртээ ганцаараа" киноноос гадна "Night at the Museum", "Cheaper by the Dozen", "Diary of a Wimpy Kid" зэрэг алдартай бүтээлүүдийг шинэ үеийнхэнд зориулан дахин бүтээнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Buro.Mongolia

2019-08-08, 09:00