Дотроос нь харцгаая: Хонг Конгийн Art Basel дээрх KAWS-ийн үзэсгэлэн

Орчин үеийн дүрслэх урлагийн томоохон төлөөлөл Хонг Конгийн Art Basel наадамд

Олон улсын нэр хүндтэй дүрслэх урлагийн арга хэмжээний нэг болох Хонг Конгийн Art Basel наадам гуравдугаар сарын 29-31 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Хонг Конгийн Art Basel - 2019" наадамд дэлхийн 35 орны 240 гаруй галерей ба уран бүтээлчид уран бүтээлээ толилуулахаар болоод байна.

KAWS нэрээрээ олонд танигдсан Нью-Йоркийн уран бүтээлч Брайан Донелли Хонг Конгийн Art Basel наадамд зориулан "KAWS: ALONG THE WAY" хэмээх үзэсгэлэнгээ гаргаад байгаа юм. Брайан Донелли буюу KAWS бол орчин үеийн поп урлагийн томоохон төлөөлөгчдийн нэг төдийгүй хувцас загварын салбарт хүндтэй байр суурь эзэлдэг нэгэн билээ. Christian Dior, A Bathing Ape, Undercover, Supreme, Nike, Comme des Garcons зэрэг томоохон хувцас загварын брэндүүд түүнтэй хамтарч ажилласан байдаг. Брайан Донелли Микки Маус, Снупи нохой зэрэг хүүхэлдэйн баатруудаас сэдэвлэсэн инсталляци, уран зураг, дижитал уран бүтээлүүдээрээ алдартай юм.

"KAWS: ALONG THE WAY" үзэсгэлэнд түүний сүүлийн 10 жилийн турш урласан онцлох 37 бүтээл дэлгэгджээ. Брайан Донелли үзэсгэлэнгийн тухайд маш их догдолж буйгаа илэрхийлсэн ба сүүлийн жилүүдэд урласан бүтээлүүдээ нэг дор харна гэдэг гайхалтай хэрэг хэмээн ярьжээ.

 

Buro.Mongolia

2019-03-27, 14:31